Индэр    
2018 оны 6 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

ХОЁР ДАХИН ХЯМДаар амины орон сууцтай болох боломж байгаа ч ...

Зураг

Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 202 мянган өрхийн 160 мянга нь байшинтай. Тэдгээр 160 мянган байшингийн 99 хувь нь мэргэжлийн хүний зураг төсөлгүйгээр баригдсан учраас халаалтаа хэрхэн шийдэхээс авхуулаад дотроо ариун цэврийн өрөөтэй болох гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд түвэгтэй. 

Барилгын үзэсгэлэнд оролцож буй амины орон сууц барьж үйлчилдэг компаниуд өөрсдөө мэргэжлийн түвшинд зураг төслийг нь гарган, төрөл бүрийн материалаар барьдаг болжээ. Материал, загвараасаа шалтгаалаад байшингийн метр квадратын үнэ янз бүр байх аж.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2017 оны 11 дүгээр сарын байдлаар 2,201,000 төгрөг байсан. Харин амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр барих дундаж ханш 800 мянган төгрөг байгаа бол хамгийн хямддаа нэг метр квадратыг 350 мянган төгрөгөөр барих боломжтой байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологиор баригдах болон байгалийн гэрлийг ашиглан байшинг дулаацуулах шийдэлтэй хоёр байшинг онцлон мэдээллийг нь хүргэе.

3D принтерийн тусламжтайгаар жижиг боловч тохилог сууцыг 24 цагийн дотор босгох боломжтой талаар  "Монгол Базальт" компанийн захирал Л.Ариунболд нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр Хоёр өрөө орон сууцны хэмжээтэй тохилог амины орон сууцын м.кв-ыг  800,000 төгрөг буюу 30 сая төгрөгт багтаан бариад өгөх боломжтой хэмээв.

 

Мөн Төвлөрсөн дэд бүтэцгүй нөхцөлд Цахилгаан халаалт, бохирын асуудлыг нэмэлтээр шийдэж болох аж. 

Дараагийн онцлох загвар бол Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслөөс барьсан яндангүй сууц юм. Нүүрэн тал нь том шилэн цонхнуудаас бүтсэн, хоёр давхар бүхий мансардтай уг байшинг 35 сая төгрөгөөр барих боломжтойг төслийн багийхан хэлж байлаа.

https://www.facebook.com/HugjliinHutuch/videos/2036426616383990/

Том цонхны тусламжтайгаар өдрийн нарны тусгалаас гэрийн дулаанаа авахаар зохицуулсан уг байшинд өнгөрсөн өвөл өдрийн цагт дулаан хэмжигч дунджаар 20 хэмийг зааж байгааг төслийнхөн танилцуулж байв. Байшин 64 м.кв бөгөөд боловсон бие засах газрыг шийдсэн гурван метрийн гүнтэй бетонон хийц бүхий бохирын худагтай юм байна.

"Хөгжлийн хөтөч" төсөлтэй фэйсбүүк хуудас болон 7000-2555 утсаар холбогдох боломжтой.

Амины орон сууцны хотхон байгуулсан сайн туршлага:

 

Сонгинохайрхан дүүргийн  24-р хороо Салхитын аманд байрлах “Эрх чөлөө хотхон” 2014 оын зун ашиглалтад орсон.

Энэхүү хотхоныг 12 айл нийлэн санаачилж арилжааны банкнаас зээл аван босгожээ.

Нэг айл нь дунджаар 99 м.кв талбайтай бөгөөд энэ жилээс 100 хувь нүүрсгүй хотхон болохоор төлөвлөжээ. Зарим айл нь цахилгаанаар халаалтаа шийдээд байгаа аж. Цахилгааны төлбөр нь дунджаар 200,000 төгрөг, хэрэглээ хамгийн ихтэй айл сард 300,000 төгрөгийн цахилгааны төлбөр төлж байсан гэнэ. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудын хувьд шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн нь бодит дэмжлэг болж байгааг хэлж байлаа.

“Эрх чөлөө хотхон” өнгөрсөн хугацаанд СӨХ байгуулж, хогоо гэрээ байгуулан тогтмол ачуулдаг болжээ. Мөн манаач гэр бүлтэй болж, нэг айл амьдрах байр, цалинтай болсон байна.

Дулаан алдагдлыг багасгах алхам бүр тань "мөнгө хэмнэнэ"

Хэрэв та шинэ байшин бариулах санхүүгийн боломжгүй бол нэн түрүүнд байшингийнхаа дулаан алдагдлыг багасгаарай.

Барилгын хамгийн их дулаан алддаг газрууд нь хаалга, цонх учир дулаалгын ажлаа цонх хаалганы дулаан алдагдлыг багасгахаас эхлээрэй. Хаалга цонхондоо жийргэвч хийх, хоорондын зайг чигжих гэх мэт гарын доорх материал ашиглан дулаан алдагдлыг багасгах боломжтой ба зөвхөн цонхыг дулаалснаар дулаан алдагдлыг 5-15 хувиар багасгах боломжтой аж. Дараа нь гадна ханын бүтээц, байшингийн суурь гэсэн сууцны гол хэсгүүдээр дулаан алдагдлыг багасгах хэрэгтэй.

 
Зургийг `Дулаалга аян` фэйсбүүк хуудсаас авав.

Гал түлэхээс залхаж байгаа та байшингаа дулаалсны дараа цахилгаанаар халаах төхөөрөмжүүдийг ашиглаж болох юм. Байшингаа хэр сайн дулаална төдий чинээ цахилгааны зардлыг хэмнэх болормжтой гэдгийг санаарай. Мэдээж хэрэг цахилгаанаар халаалтаа шийдэх тохиолдолд танай гэрийн цахилгааны шугам найдвартай байх нь хамгийн чухал. 

50 м.кв буюу дундаж хоёр өрөө орон сууцны хэмжээтэй амины орон сууцыг цахилгаанаар халаахад сард дунджаар 100,000-250,000 төгрөгийн төлбөр гардаг байна. Төлбөрийн хэмжээ ийм эрс өөр гарч байгаа нь барилгын дулаан алдагдалтай шууд холбоотой. Та гэр, байшингаа хэр сайн дулаална цахилгааны төлбөр төдий чиний бага гарна гэсэн үг.

Халаалтын улиралд нэг өрх дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авдаг гэх тооцоо бий. Тэгэхээр байшингаа сайн дулаалж чадвал хямд өртгөөр тав тухтай аж төрөх боломж байгаа аж. 

Нэгэн иргэн гэртээ шалны халаалт тавьсан сайн жишээгээ фэйсбүүк хуудастаа танилцуулжээ.

 
Гэрэл зургийг Bayraa Suldee-н фэйсбүүк хуудсаас авав.

Энэ айл гэртээ шалны халаалт тавихад халаалт, шал нийлээд 1,000,000 орчим төгрөг зарцуулсан бөгөөд өвлийн улиралд сард дунджаар 50-60 мянган төгрөгийн цахилгааны зардал гардаг хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байлаа. 

Амины орон сууц барихад зориулсан зээлийг ипотект хамруулъя

Амины орон сууц шинээр барих, байшингаа дулаалахаар төлөвлөж буй хүмүүст санхүүгийн бэрхшээл тулгардаг. Арилжааны банкууд амины орон сууц барихад зориулсан зээл олгодог эсэх  дундаж хүү нь хэдэн хувь байгааг тодруулсан юм. 

Ариллжааны банкуудад амины орон сууц барих, барьж дуусгахад зориулсан зээл байгаа ч хүү нь ипотекийн зээлтэй харьцуулахад хамаагүй өндөр байна.

Тухайлбал, Хаан банк амины орон сууц барих 200 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй санал болгож байна. Мөн Ногоон зээл буюу байшиндаа ариун цэврийн өрөө хийх, жорлонгоо байгаль орчинд ээлтэй болгож тохижуулахад зориулсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй олгоно гэв.  Худалдаа хөгжлийн банк, Голомт банк мөн адил 20.4 хувийн хүүтэй  30-50 сая төгрөгийн зээл олгох боломжтой гэв. Харин Хас банк үүнээс арай бага буюу жилийн 18 хувийн хүүтэй амины орон сууц барьж дуусгах зориулалтын зээлийг барилгын ажлын 30 хувь хийгдсэн байх гэсэн нөхцөлтэйгөөр олгох аж. Энэ төрлийн зээлээс хамгийн өндөр хүүтэй нь Төрийн банкны жилийн 24 хувийн хүүтэй 60 хүртэлх сая төгрөгийн зээл байна. 

Иргэдийн хувьд өөрийн газар дээрээ хүссэн загвараараа тав тухтай амины орон сууц барьж амьдрахыг хүсч байгаа ч улсаас зөвхөн нийтийн орон сууцанд ипотекийн зээл олгож байна. Ариун цэврийн орчин үеийн байгууламж, нүүрс түлэхгүй амины орон сууц барихад зориулсан зээлийг ипотект хамруулбал иргэд тав тухтай орчинд, эрүүл аж төрөхөөс авхуулаад нөгөө л агаарын бохирдол багасах хүртэл олон эерэг үр дүнг дагуулна. Нийтийн орон сууц авахаас бага хэмжээний зээлийг урт хугацаагр авбал иргэдэд ирэх санхүүгийн дарамт багасах эерэг тал ч бас бий.

Амины орон сууц барихад зориулсэн зээлийг ипотект хамруулах боломжтой эсэхийг  Монголын Ипотекийн корпорацийн Багцын удирдлагын хэлтсийн захирал Х.Маргад-Эрдэнээс тодруулахад  “Ипотекийн зээлийн журам одоогоор шинэчлэгдэж батлагдаагүй байна. Энэ нь ганцхан ипотекийн корпорацийн мэдэж шийдвэрлэх асуудал биш. Бодлого тодорхойлогчид, яамны харьяа агентлагууд, Монголбанк ч юм уу шийдвэрлэх байх. Монголын ипотекийн корпорацийн хувьд банкууд ямар орон сууцны зээлийг банкууд олгохоор тогтсон түүнийг нь үнэт цаасжуулах ажлыг л хийдэг” гэв.

 

Гадны хөгжилтэй орнуудад орлого багатай, гэр бүлгүй залуучууд нийтийн орон сууцанд амьдарч, гэр бүлтэй, тогтсон орлоготой иргэд нь амины орон сууцанд амьдардаг жишиг ч бий. Харин Монголд энэ нь эсрэгээрээ. 

Монголын хувьд нийтийн орон сууцанд ч орж чадахгүй байгаа тэдгээр өрхүүдэд хямд өртгөөр баригдах боломжтой амины орон сууц барихад нь зориулж бага хүүтэй зээл олговол хэдэн өрх уг зээлийг авах бол...