Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

Урин цагтай зэрэгцэн ирсэн УЛААНБААТАРЧУУДЫН ДАРААГИЙН АЙДАС

Зураг
2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд барилгын кран автомашин дээр унасан болон 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд бетон автомашин дээр унасан ослын зургуудыг эвлүүлэв.

-Өгүүллийг дахин нийтлэв-

2019 оны нэгдүгээр улиралд барилга дээр гарсан үйлдвэрлэлийн осолд дөрвөн хүн өртжээ. 2016 онд 21, 2017 онд 15, 2018 онд 17 хүн мөн барилга дээр осолд өртсөн статистик байна. Түүнчлэн энэ сарын 19-нд баригдаж буй барилгын хажуугаар замаар зорчиж явсан машин дээр бетон/блок шиг хэмжээтэй хоёр ширхэг/ унасан нь барилгын салбар дахь аюулгүй ажиллагаа, түүний стандарт яагаад мөрдөгдөж чадахгүй байна вэ гэдэг асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэлээ. 

 

Хэдийгээр барилгын салбарт амь үрэгдэгсдийн тоо буурч байгаа ч ослын тоо буурахгүй байгаа нь эрсдэл өндөр хэвээр байгааг гэрчилсээр байна. 

Улаанбаатарчууд хүйтний улирал агаарын бохирдол, утаанаасаа салсантай зэрэгцэн дараагийн аюул заналуудтайгаа нүүр тулаад буйг ар араасаа гарсан олон осол сануулав. Энэ нь урин цагтай зэрэгцэх их барилга, засварын ажлууд. Хаа сайгүй онгойж, ухсан нүхнүүд, бас хаанаас ч юм дээрээс элдэв зүйлс унаад ирэх вий гэх айдастай явах өдрүүд иржээ. Түүний хажуугаар иргэдийн өөрсдийн дуртай газраа ялгадсаа гаргах бохирын үнэр. Мөн л барилгын ажилчдын бохирын үнэр гээд бид эргэх дөрвөн улиралд байж болох бүх л бэрхшээл, эрсдлүүдийг өөрийн амьдралын олон асуудал дээрээ нэмж үүрнэ. Гэхдээ энэ бүх асуудлыг бидний Монголчууд өөрсдөө л бий болгож байгааг санах хэрэгтэй. 

Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас жил бүр үйлдвэрлэлийн ослыг бууруулах, тэглэх чиглэлээр аян, арга хэмжээ зохион байгуудаг ч ослын тоо яагаад буурахгүй байна вэ. Уг нь хүн бүр хариуцсан ажлаа л сайн хийгээд байвал бидний дээрх айдсууд буурах ёстой сон. 

Статистик мэдээллээс харвал Монгол Улсын хэмжээнд 2002-2017 онд нийт 5,900 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Ослын улмаас 1,122 хүн нас барж, 1,194 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 4,101 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. 

График 1. 2002-2017 онд гарсан үйлдвэрлэлийн осол болон ослын улмаас амиа алдагсдын тоо

График 2. Ослыг шалтгаанаар нь авч үзвэл

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 он хүртэл барилгын салбарт гарсан ослын статистикийг тусад нь гаргадаггүй, нийт үйлдвэрлэлийн осолд оруулан тооцдог байжээ.  2016, 2017 онд барилгын салбарт гарсан ослын мэдээллийг тусад нь гаргасан байна.  Тус мэдээллээс харвал,

2017 онд барилгын 15 осол гарч 6 хүн нас баржээ. Эдгээр ослын 11 нь барилгын талбай, 2 нь үйлдвэрлэлийн талбай, 1 нь олон нийтийн газар, 1 нь бусад орчинд гарсан байна. Зөвхөн барилга дээр ажиллаж буй хүн ч биш олон нийтийн газраар зорчиж буй жирийн иргэд барилгын ослын хохирогч болох эрсдэл байсаар буй.
Мэргэжлийн хяналт 2010 оноос гэнэтийн шалгалт хийх эрхгүй болсон
 
Гэрэл зургийг Mpa.mn

Осол гарч барилга дээр ажиллаж байсан ажилчид тэр байтугай гудамжаар явж байсан иргэд ч эрүүл мэнд , амь насаараа хохирох тохиолдол гардаг. Тэгвэл хяналт шалгалтыг ямар давтамжтай явуулдгийг МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс тодрууллаа.

Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага 2010 оноос хойш зөвхөн төлөвлөгөөт хяналт шалгалт явуулдаг болсон. Гэнэтийн шалгалт хийх эрх байхгүй. Бизнесийн эрх чөлөөг хангаж, дарамтгүй байлгах үүднээс гэнэтийн шалгалт хийхийг хориглосон. 

Хоёр тохиолдолд л гэнэтийн буюу төлөвлөгөөт бус шалгалт хийх эрхтэй. Үүнд, ослын дараа буюу осол гарсан нь нотлогдвол удирдамж, төлөвлөгөөгүй шалгалт хийж болно. 

Мөн ААН, байгууллага, иргэдийн хүсэлт, өргөдлийн дагуу төлөвлөгөөнд тусгагдаагүй шалгалтыг хийж болно. Ингэхдээ зөвхөн өргөдөлд/хүсэлтэд/ дурдсан асуудлыг л шалгана. Дорж “Надад хор саармагжуулах хүнс өгөхгүй байна” гэж өргөдөл гаргавал Доржийн л асуудлыг шалгах эрхтэй. Бат, Идэр нарт хор саармагжуулах хүнс өгч байна уу, үгүй юу гэдгийг шалгах эрхгүй.

Гэтэл зөвхөн төлөвлөгөөт шалгалтаар бүх асуудлыг зохицуулах боломжгүй байна.  Гэнэт л кран уначихна. Уг нь бид тэр краныг шалгаад, үзээд байсан бол осол болохгүй ч байж болох. Баталгаажилт хийлгэхгүй, нуугдаад, бултана. Мөнгөө хэмнээд мэргэжлийн байгууллагаар угсруулахгүй. Тэр байтугай гар хийцийн ачаа өргөгч шиг зүйл хийгээд, тэр нь унаад хоёр хүний амь насанд хүрсэн тохиолдол бий. Үүнээс сэргийлэх арга нь ердөө л байнгын тогтмол шалгалт. 

Ямар ч өндөр хөгжилтэй хүнээ дээдэлдэг улс оронд хоёр төрлийн хяналт шалгалт байдаг. Төлөвлөгөөт болон гэнэтийн. Би олон орны туршлагыг судалж байсан. Гэнэтийн шалгалтыг тогтмол хийдэг Япон, Герман улсууд байна. Японд байцаагч нь өөрөө хэнийг шалгахаа шийддэг. Тэглээ гээд бизнест хор хөнөөл учруулсан юм байхгүй. 

Осол гарахад хамгийн түрүүнд "Мэргэжлийн хяналтынхан юу хийж байсан юм бэ?" гэсэн хандлага нийгэмд түгээмэл илэрдэг.

Мэргэжлийн хяналт зөвлөн туслах хандлага руу чиглэж байгаа. Бид гэнэтийн шалгалт хийгээд л  заавал зогсоох, торгох гэхгүй зөвлөе, туслая гэж байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай  хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, ажил олгогч болон ажилтныг  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх шаардлагатай байна” гэв.

Төлөвлөгөөт шалгалтыг нэг жилийн өмнөөс төлөвлөж, шалгалт хийх байгууллагад тодорхой хугацааны өмнө хэдийд очихоо мэдэгдсэн удирдамжийг хүргүүлдэг байна.  Мэргэжлийн хяналтын нэг байцаагч жилд 30 обьект дээр очиж хяналт, шалгалт хийдэг. Харин олон улсын стандартаар нэг байцаагч дунджаар 100 обьектод байнгын хяналт тавьж байх боломжтой гэж үздэг аж. 

Барилгын салбарт хүний эрүүл мэнд, амь насыг хайрлан хамгаалах хандлага дутагдаж байна
 

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд барилгын компани урьдчилан сэргийлэх ажиллагаанд нийт үйл ажиллагааны зардлынхаа 1.5-аас доошгүй хувийг зарцуулах ёстой.

Барилга дээр гардаг хамгийн түгээмэл осол нь өндрөөс унах байдаг аж. Есөн давхар барилгад гэхэд л хүн унах эрсдэлтэй хорь гаруй нүх байдаг гэнэ. Тэр болгоныг аюулгүй болгож, түр хугацаагаар бөглөж байгаа эсэхээс барилгын компанийн удирдлагууд ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар хандлагатай байгаа нь харагддаг хэмээн мэргэжлийн хяналтын байцаагч хэлж байв.

"Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс байнга очоод хяналт тавиад байх эрх зүйн боломжгүй учраас барилгын компаниудын эздийн хандлагад нөлөөлөх ёстой гэсэн шийдэлд хүрээд байна.  Ажил олгогчийн хандлага зөв, ажилчдынхаа эрүүл мэнд, амь насанд үнэхээр санаа тавьдаг бол  хаа хамаагүй хямдхан тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэглэл авахгүй. Сүүлийн үед  барилгын компаниуд ямар ч гэсэн хамгаалалтын малгай, бүс, торон хамгаалалт зэргийг хэрэглэж хэвшээд байгаа. 

Хамгаалах бүсний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр өндрөөс унах осол багасч байна. Бас нэг үеэ бодвол барилгын компаниудын эдийн засгийн чадавх сайжирсантай холбоотойгоор хамгийн хямд, чанаргүй тоног төхөөрөмж хэрэглэх нь багасаж л байгаа" хэмээн МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс ярьж байв.

Хамгаалалтын бүс дээд тал нь нэг сая төгрөгийн үнэтэй байдаг бол хамгийн хямд бүсийг 100 айлаас очоод 15,000 төгрөгөөр авч болно. Стандартын шаардлага хангасан бүстэй адил харагдах хямд бүс өндрийн бүсэд гараад ажиллахад аюулгүйн шаардлага хангадаггүй аж.  Мөн хамгаалалтын малгай гэхэд чанартай нь 3 тонн ачаа дээрээс нь унагахад хагардаггүй бол хуурамч малгайн дээр хоёр давхраас жижигхэн зүйл унахад л хагарчихдаг байна. 

Барилга дээр ажиллаж буй иргэд аюулгүй байдлаа бүрэн хангасан хамгаалах хувцас хэрэглэл тогтмол хэрэглэж чаддаг эсэхийг 10 хүнтэй бригад ахлан барилгын ажил хийдэг Иргэн О-гоос тодруулсан юм. Тэрбээр "Том барилгын компаниуд үндсэн цөөхөн ажилчинтай байдаг. Тэд туслан гүйцэтгэгч жижиг компанийг, туслан гүйцэтгэгч нь манайх шиг бригадыг хөлслөн авч ажиллуулдаг. Энэ явцад шат шатанд инженер, дарга нар "цавчаа хийж" томоохон компаниас анх гарсан төсөв байж болох хамгийн багаар бидэнд ирдэг. Бид ажилгүй байхгүйн тулд тохироод л орно.

Барилгын ажил хүнд, улирлын чанартай учраас ажиллаж байх хугацаанд нь боломжийн цалин өгөхийг хичээдэг. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах мөнгө багасана. Дээр дээрээсээ шатлан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлага тавьдаг ч үнэндээ нүд хуурсан байдлаар хямд хамгааллын хэрэгсэлийг авч хэрэглэх нь түгээмэл. Гэхдээ барилга дээр ажиллах гэж буй залуус нэг үеэ бодвол аюулгүй байдалдаа анхаардаг болж, чанартай хамгаалах хэрэгсэл шаарддаг болсон. Тиймээс хамгийн үнэтэйг нь чадахгүй ч боломжоороо чанартай хамгаалах хэрэгсэл авахыг хичээдэг болсон" хэмээн ярилаа.


Барьж буй барилгынхаа гадуур ногоон тор татчихад л гадуур ойр орчимд явж буй хүний дээрээ юм унахгүй, гадагшаа тоос шороо тарахгүй болчихно. Үүнээс л шууд тухайн барилгыг барьж буй компанийн захирал, даргын хандлага ажиглагдана. 

Мэдээж хэрэг бас барилгын ажил хийж буй хүний хандлага бас чухал. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хамгаалалтын хувьцас хэрэглэлдээ анхаарлаа хандуулж,  чанартай хамгаалах хэрэгсэл шаарддаг болсон нь сайшаалтай. Мөн 2015 оноос эхлэн барилгын компани бүр заавал аюулгүй ажилгааны ажилтантай байх журмыг хэрэгжүүлж эхэлсэн нь ослын тоог бага зэрэг, ослын улмаас амь насаа алдах тохиолдол бараг хоёр дахин буурахад нөлөөлсөн гэж үзэж байгаагаа мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл хэлж байлаа.

Одоо үүн дээр гэнэтийн шалгалт зайлшгүй хэрэгтэй байгаа аж. Гэхдээ гэнэтийн шалгалт гэхээсээ илүү барилга, засварын ажилд мөрдөгдөх сайн стандарт байдаггүй нь ажиглагдана. Сайн стандарт угаасаа байдаггүй бол хэчнээн гэнэтийн шалтгалт хийгээд бас ямар ч нэмэр байх билээ. 

Урин дулаантай зэрэгцэн манай улсад үйлдвэрлэлийн ослын эрсдэл нэмэгддэг. Эрсдэл зөвхөн барилгын эсвэл үйлдвэрийн талбарт биш нийтийн эзэмшлийн гудамж талбайд ч бий болж байгааг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт болсон ослоос харж болохоор байна.

Ослын эрсдэл үүсэхэд гудамжинд автомашинтайгаа зорчиж явсан гурван иргэнийг "Аз нь аврав". Аз үргэлж тохиодог билүү?!.

2018 оны тавдугаар сарын 9-нд гаргаж байсан өгүүллийн зарим тоон мэдээллийг шинэчлэн дахин нийтлэв.