Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Гантулгыг тэрбум төгрөгийн гэрээний асуудлаар цагдан хорилоо

С.Уул
2017 оны 4 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ямар ч тооцоо судалгаагүйгээр хувийн компанитай гэрээ байгуулж ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн ийн шалгах болжээ - 

Өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас Төрийн орон сууцын корпорацийн захирал асан А.Гантулгыг шалгаж эхэлсэн тухайг бид мэдээлж байсан. Тэгвэл түүнийг энэ сарын 25-ны өдөр буюу мягмар гарагт албан тушаалаа урвуулан ашигласан, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулж хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор ийнхүү хорих болсон байна.

А.Гантулгыг яллагдагчаар татахдаа “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр татжээ.

Тэрбээр тус газрын даргаар ажиллаж байхдаа танил талдаа давуу эрх олгож хууль бусаар тендер өгсөн гэх хэрэгт холбогдох болсон байна. Тодруулбал, С.Гантулга нь 2013 оны арваннэгдүгээр сард “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Ц-тэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олгожээ.

Ямартай ч түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ямар ч тооцоо судалгаагүйгээр хувийн компанитай гэрээ байгуулж ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн ийн шалгах болсон аж. Уг нь түүнийг ажлаа өгөхөөс нь өмнө АТГ-ынхан шалгаж байгаа гэх мэдээлэл байсан ч тухайн үед тус корпорацын санхүүгийн бичиг баримт болон тооцоог нь авч явснаар түүнтэй холбоотой хэрэг илрэх болсон аж. 

Түүнчлэн түүнийг асар их мөнгө эргэлддэг газрын захирлаар гурван жил ажиллахдаа багагүй хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан хэмээн эргэн тойрных нь хүмүүс ч хардаж байсан. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас иргэдэд хөнгөлөлттэй үнэ тариф, бага хувийн хүүтэй зээлд үндэслэн орон сууцжуулах төсөл зарлаж, үүнийг Төрийн орон сууцын корпораци хэрэгжүүлж байсныг хүн бүхэн мэднэ.

Тухайлбал, АН-ыг Засаг барьж байх үед “Буянт-Ухаа-1” цогцолборыг барьж ашиглалтад оруулж, айл өрхүүдийг оруулсан боловч тухайн үедээ сугалаа нэрийн дор нэлээд будлиан тарьж танил талдаа өгсөн гэх асуудал ч яригдаж байсан. Тиймээс л түүнийг шалгаж байгаа асуудлын хүрээнд энэ асуудал ч багтсан гэдэг юм.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг бүтэн зургаан сар шалгасны эцэст зарим нэг нотлох баримтын хүрээнд ийнхүү шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорих арга хэмжээг авсан хэмээж байв.

Харин тус газарт ажиллаж буй учир мэдэх хүмүүсийн яриагаар түүнийг ТОСК-ийн захирлын ажлыг хийхдээ хий гаргалгүй хамгийн ихээр урдах, хойдохоо бодон ажиллаж байсан хүн. Тиймээс түүнийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж барилгын компанид албан ёсны ямар ч гэрээгүйгээр нэг тэрбум төгрөгийн зээл олгоно гэж байхгүй.

иймээс түүнийг яагаад баривчлах болсонд ихэд гайхаж байна хэмээж байсан юм. Хамгийн гол нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчид түүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө шууд баривчилж хорих нь юу л бол гэсэн хүмүүс ч байсан. Ямартай ч С.Гантулга таагүй асуудалд холбогдоод зогсохгүй ТОСК-ийн санхүүгийн баримтаас ноотой ноцтой зүйл илэрсэн учраас түүнийг хорьсон байх нь дамжиггүй.

Юутай ч түүнийг бүтэн зургаан сар шалгасны эцэст АТГ-ынхан баривчилж гурван зүйл ангиар шалгаж гэрээ хийсэн гэгдэх нэг тэрбум төгрөгийн асуудлын учрыг олохоор ийнхүү ээрч эхэллээ. Хэрвээ энэхүү хэрэг явдал мөрдөн байцаалтын явцад үнэн хэмээн тогтоогдвол зээл авсан гэх "Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Ц ч уг асуудалд ороогдох тодорхой.

Тэгэхээр бүх зүйл хуулийн дагуу явагдаж түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан уу, үгүй юу гэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэж буй Зөрчлийн тухай хуультай зэрэгцэн шуугиан тарих нь тодорхой боллоо.

Зураг