Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат: Засгийн газрын үүргийг олон байгууллага хувааж байна

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 4 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.

-Чуулган завсарлах хугацаанд Засгийн газар ямар ажил амжуулав. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Чуулганы завсарлагаанаар Засгийн газар нэлээдгүй ажлыг амжууллаа. Засгийн газар ажлаа авахад Чалкод төлөх 170 сая ам.долларын өр байсан. Үүнийг “Эрдэнэс Таван толгой” компани зургаан сарын хугацаанд төллөө. Энэ бол баруун цанхийн уурхайг нээх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой, мөн нүүрс худалдахдаа анх удаа дуудлага худалдааны зарчмаар хамгийн өндөр үнийг тогтоосон оновчтой шийдвэрүүдийн үр дүн байлаа. Нийт худалдан авах нүүрснийхээ 30 хувиас дээших үнийн дүнг төлж, тээврийн асуудлаа зохицуулсан компанид өгнө гэсэн зарчим барьсан нь зөв зүйл боллоо.

Өөрөөр хэлбэл, 2-3 компанийн захирлууд ширээний ард тохирдог байсан тогтолцоо өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-н нүүрс худалдаалах зарчим дээр байхгүй болсноороо давуу талтай. 71 орчим ам.доллараар нүүрсээ өгөхөд 170 сая ам.долларын өрийг долоон сарын хугацаанд дарж дуусгаж байна. 

Чалкогийн анхны гэрээг 70 ам.доллараар хийсэн байсан. Хэрэв энэ гэрээг өмнөх Засгийн газар цуцлаагүй байсан бол 170 сая ам.долларын өрийг 7-8 сарын хугацаанд 350 сая ам.долларын өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг өнөөдрийн үйл явдал нотлон харуулж байна. Нөгөө талаас Монгол Улс нүүрс борлуулах асуудлаа шийдвэрлээд явах боломж, гарц байгааг харууллаа.

-Гаднаас авах зээлийн асуудал ямар төвшинд хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбоотойгоор хоёр орон, гурван байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд хөнгөлөлттэйгөөр 30 жилийн хугацаатай зээл авч байгаа гэж ойлгож болно. 850 сая ам.доллар гэдэг бол Монгол Улсын эдийн засагт маш том амьсгаа авах, боломжийг нээж өгсөн. Тиймээс УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй боллоо гэж Засгийн газар үзэж байна.

Айлчлалын хүрээнд Японы Засгийн газар 850 сая ам.долларыг өгч ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлсэн. Солонгосоос 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудал шийдэгдсэн. Сангийн сайд саяхан Турк рүү явсан. Тэндээс 300 гаруй сая ам.долларын асуудал яригдаж байсан бол 700 сая ам.доллар болж нэмэгдэх боломжтой гэсэн мэдээлэл байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь гөрийн мэдэлд шилжүүлсэн. Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн гэсэн асуудал яригдаж байгаа?

-Үүнд хоёр зүйлийг албан ёсоор тодруулъя. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор баталсан. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Тиймээс Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тогтоолыг хэрэгжүүлсэн. 

Хэрэгжүүлэхдээ төрийн төлөөллийг оролцуулсан. Бид “Эрдэнэт”-ийн 49 хувийн талтай манай ажлын хэсэг хэд хэдэн удаа уулзах хүсэлт тавьсан ч үр дүнд хүрээгүй. Ингээд Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн ТУЗ-ийг төлөөлж байсан гурван хүнийг өөрчилсөн. Энэ сарын 4-нд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаж дөрвөн орлогч захирлыг нь сольсон. 

“Эрдэнэт”-д 49 хувийг төлөөлж байгаа Шинэбаатарыг нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгэхээр 49 хувийг огт үгүйсгээд гаргаад хаясан зүйл байхгүй. Тодорхой хэмжээний төлөөлөл байж, яриа хэлэлцээр хийх боломжийг нээлттэй үлдээж өгч байгаа. 
Өөрөөр хэлбэл, Засгийн газар бол УИХ-аас өгсөн үүрэг даалгавраа биелүүлсэн гэсэн үг. Хоёрдугаарт, энэ сарын 4-нөөс эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой мэдээлэл яваад байгаа.

Би Засгийн газрын хэрэг эрхлэх, төрийн өмч асуудал эрхэлсэн сайдын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд нэг ч удаа цалин аваагүй байгаа. “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ баталж, тогтоогоогүй. Тодруулбал, ТУЗ-өөр хэлэлцээгүй асуудал гэсэн үг. Их хэмжээний мөнгө аваад өнөөдрийг хүртэл яваад байгаа юм шиг ташаа мэдээлэл тараад байна.

-Цалингийн хэмжээг хэд байвал болно гэж харж байгаа вэ?

-Засгийн газраас өнгөрсөн намар тогтоол гаргаж төрийн өмчийн компани, аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагууд маш өндөр хэмжээний цалин урамшуулал авдаг гэдгийг тогтоож 30-60 хувь бууруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарчмыг “Эрдэнэт”-ийн ТУЗ-д чиглэл болгож өгсөн.

-Төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн байсан. Ямар үндэслэлээр ингэж нэмсэн бэ?

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан төсвийн тодотгол хийсэн. 2017 оны төсвийг батлахдаа яамд, Засгийн газар сайдуудын зардлыг байж болох хэмжээгээр танасан. Тэгэхээр төсвийн тодотголд сайдуудын багц ихээр нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Үүнд Сангийн яамнаас илүү тодорхой мэдээллийг өгөх байх.

-Ерөнхийлөгч өнөөдөр нээлт дээр хэлсэн үгэндээ “Засгийн газартай ирэх жилүүдэд Монгол Улс хөгжихгүй. Энэ Засгийн газар хэтэрхий бядгүй байна” гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ерөнхийлөгч яг энэ Засгийн газрыг хэлээгүй. “Гүйцэтгэх засаглал бяр, бядгүй байдаг. Ажиллах боломжгүй, тогтолцоондоо байдаг" гэдгийг хэлсэн. Тэгэхээр 1990 оноос хойш 26 жил Монгол Улсын явж ирсэн бүх Засгийн газрыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр байгаа Монгол Улсын тогтолцоогоор хэрэгжүүлж байгаа Үндсэн хуулийн засаглалыг хуваарилах зарчмаар бол Монгол Улсад хүчтэй Засгийн газар ажиллах ямар ч боломжгүй байгаа нь үнэн. 

Өнөөдөр Засгийн газрынхаа үүргийг маш олон байгууллага хувааж гүйцэтгэдэг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн институт, УИХ нь хувааж гүйцэтгэдэг. Ядаж л төсвийн хуваарилалтыг УИХ хийж, орлого, зарлагыг нь нэмж баталдаг. Үүнээс болж өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал үүсэж байгаа. Тиймээс Үндсэн хуулийг өөрчилж байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг л хэллээ. Цаашдаа гүйцэтгэх засаглалаа бядтай болгохын тулд тогтолцоогоо өөрчилж, буруу системээ засах ёстой. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд хүчтэй ярих болов уу.

Зураг