Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбасайхан: Эдийн засгаа тавиас дээш жил тогтвортой өсгөхөд ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТ чухал

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Хязгааргүй хэрэглээг Хязгааргүй баялгаар хангах нь” нийтлэлийн гурав дахь цувралаар Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж буй хувийн хэвшлийн төлөөллийг урилаа.

Баянжаргалын Бямбасайхан нь 2013 онд “Ньюком” группт ажиллаж байхдаа Монголын хамгийн анхны салхин цахилгаан станц “Салхит”-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо төслийн менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнан ажилладаг Нова Терра ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байна. Нова Терра ХХК нь энэ жилээс Өмнөговь аймгийн Ханбогд суманд 50 МВт-ын хүчин чадалтай нарны станцын төслийг Тайландад төвтэй "Symbor Solar" компанитай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 


-"Нова Терра" ХХК-ийн хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн Ханбогд суманд босох 50 МВт-ын нарны цахилгаан станцын ажил хэр амжилттай урагшилж байгаа вэ?

-Төсөл маань Project Development Phase буюу судалгаа, тооцоо, бэлтгэх процесс дундаа явж байна. Гол нь нарийн техникийн болон санхүүгийн судалгаан дээр үндэслэж энэ төсөл ашигтай үгүйгээ тодорхойлно.

Мөн ямар үнээс тарифаа тооцох вэ гэдгээ тодорхойлоод худалдан авагчтайгаа хэлэлцээ хийж тохирно. Бүх зүйл өнөөдрийн хууль эрх зүй, зохицуулалтын орчны хүрээнд явагдана. 

-Энэхүү нарны цахилгаан станцыг эрчим хүчний хураагуур технологитой байхаар судалж байгаа гэсэн. Төслийн технологи болон санхүүжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

Бусдын адил олон улсын стандартын дагуу ажлаа хийх юм. Бид мөн цахилгаан хураагуулын шийдлийн талаар давхар судалж байна. Санхүүжилтийн нөхцөл өнөөдөр тодорхой болоогүй байгаа.

Бодлого, зохицуулалтын орчин тогтвортой байвал, мөн макро эдийн засгийн орчин ойлгомжтой бол санхүүжилт харьцангуй хөнгөлөлттэй олно гэж найдаж байна. Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин нөхцлөөс шалтгаалж бид хөрөнгө мөнгөө босгож чадах уу үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. 

-Та яагаад Монголын эдийн засагт жинтэй хувь эзэлж байгаа банк, уул уурхайн салбар биш Сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцолдог юм бэ?

-10 жилийн өмнө Сэргээгдэх эрчим хүч өнөөдрийнх шиг хөгжиж томрох уу гээд хоёулаа ярилцаж байсан бол өөр дүр зурагтай байх байсан. Дэлхий ертөнцийн хөгжлийн хэв маягийг технологи өөрчилж байна.  Өнөөдөр эрчим хүчний салбар, технологи, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил асар хурдацтай явагдаж, өмнө нь байгаагүй боломжуудыг бидэнд бий болгож байгаа.

Монгол шиг жижиг, цаашид томрох боломжтой эдийн засагт шинэ технологи, шинэ эрчим хүчний үүсвэрүүдийг ашиглавал дэлхийн томоохон хэрэглэгчдэд хүргэж чадна.  Сэргээгдэх эрчим хүчийг онцолж ажилласан миний гол шалтгаан бол Монголд асар их боломж байгааг олж харсанд байдаг.

-Манай Улсад Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь тавигдаж чадсан уу. Хууль эрх зүйн орчноос яриагаа эхэлье?

-Монголд хууль эрх зүйн орчин нь ч харьцангуй сайн.

Өнгөрсөн 2-3 жил Монголын эдийн засаг хүндрэлтэй байсан ч Өмнөговь аймагт Цэцийн 50 МВт-ын салхины цахилгаан станцын төсөл, Дархан-Уул аймагт баригдсан 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл санхүүжилтээ амжилттай босгож чадсан. Хэдийгээр хүнд эдийн засагтай байгаа ч Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийгдэж байна гэдэг бол хууль эрх зүйн орчин сайн байгаагийн илрэл.

Сэргээгдэх эрчим хүчний хууль, Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр гээд хоёр чухал зүйл байна. Хуулиараа бусад зах зээл дээр хэрэглэдэг дэмжих тарифийг бий болгосон нь их сайн нөлөөтэй. Европын улсууд энэ тарифийг сүүлийн 20 жил хэрэглэж сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөл дээр нь босгосон байдаг.

Мөн Салхитын төсөл амжилттай цахиур хагалсан. Анхных байсан учраас энэ төсөл маш олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч тэр болгоныг хууль эрх зүйн хүрээнд шийдээд явсан. Энэ төсөл дээр Засгийн газар, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчид хамтран ажиллаж чадсан гэж дүгнэдэг. Булган сүүлтэй энэ төсөл араасаа олон төслийг нээж чадлаа.

Өнөөдөр Сэргээгдэх эрчим хүчний олон төслүүд ар араасаа цуварч байна. 

-Монголын хувьд ямар онцлог байгаа вэ. Бусад бүх орнууд л Сэргээгдэх эрчим хүч рүү хөрөнгө хаяж байгаа шүү дээ?

-Бидний гол давуу тал том зах зээлийн хажууд байгаа. Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Орос гээд гурван тэрбум хэрэглэгчтэй зах зээл Монголыг тойроод байна. Энэ зах зээлд бид олон улсын жишгийн дагуу оролцож тоглох хэрэгтэй. Монголд дэлхийн бүх эрчим хүчний хэрэглээг хангах нар, салхины нөөц байгаа учраас боломжтой гэж харж байгаа. Үүн дээр хэн ажиллах вэ гэвэл бид л ажиллана.

Яагаад гадны банкууд, хөрөнгө оруулагчид Сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулаад байгаа вэ гэвэл бидний энэ давуу талыг харж байгаа юм. Түүнээс биш Монголын гурван сая хэрэглэгчийг хангая гэж том хөрөнгө оруулалт хийдэггүй.

-Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт татарсан ч Сэргээгдэх эрчим хүчний салбарынх татарсангүй. Дэлхий дахинд ямар өөрчлөлт гарч байгаа вэ. Хөрөнгө оруулагчид энэ салбарыг хэрхэн сонирхож байгаа бол?

-Парисын хэлэлцээрээс хойш дэлхийн том эрчим хүчний компаниуд, томоохон банкууд өөрсдийн стратегид өөрчлөлт оруулж эхэлсэн. Аль болохоор нүүрснээс татгалзаж, шинэ технологи, шинэ эх үүсвэрийг ашиглахыг дэмжих талдаа болсон гэсэн үг. Бодлого нь өөрчлөлт рүү явж байна.

Үүнээс гадна технологийн хурд гайхашруулж байгаа. Таван жилийн дараа бид эрчим хүчний салбарт ямар шинэ нээлт гарч, батерей хураагуурын ямар шинэ технологиуд бий болохыг таахад бэрх юм.

Том зах зээл дээр хөрөнгө оруулагчид ямар төслүүдэд R&D /Research and Development/ хийж байна вэ гэвэл дандаа эрчим хүчний шинэ технологитой холбоотой байна. Энэ бол хамгийн үр өгөөжтэй салбар болсны дохио.

-Бид эдийн засаг гэж сүүлийн хэдэн жил эрчимтэй ярилаа. Монгол Улс эрчим хүчний салбараа түлхүү хөгжүүлж, уул уурхайгаас хараат бус болох боломжийн талаар та юу гэж боддог вэ?

-Хараат бус гэхээсээ илүү хоёр хөлтэй эдийн засаг гэвэл илүү зохимжтой. Хоёр тулгууртай, хос хөдөлгүүртэй байх нь бидэнд илүү хэрэгтэй.

Уул уурхайн салбар эдийн засагт ямар байр суурьтай байгааг бүгд мэднэ. Хүмүүс ХАА зэрэг өөр бусад салбарыг ярьдаг ч миний хувьд эрчим хүч гэдэг бол манай стратегийн чухал бүтээгдэхүүн юм.

Эрчим хүчний салбарт тодорхой хэрэглэгчид байвал дандаа ашигтай ажиллаж болдог. Хоёрдугаарт эрчим хүчийг худалдаж, худалдаалдаг талууд хэзээ ч хоорондоо зөрчилтэй байдаггүй. Энэ бол урт хугацааны бизнес.

Бид эдийн засгаа яаж ойрын 50 жил тогтвортой өсгөх вэ гэж харах ёстой. Миний бодлоор эрчим хүчний экспорт бол хамгийн чухал боломж. Энэ салбарт зориод ажиллавал том зүйл хийж, өндөр амжилтад хүрч, хөрөнгө мөнгөтэй болж чадна.

Үүний үр дүнд Монгол Улс хүч чадалтай ч болно.

"Цахилгаан станцыг Монгол аргаар барина гэж байхгүй. Өндөр технологийг ягштал дагах л хэрэгтэй"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Одоо манай эрчим хүчний эх үүсвэрийн 90 гаруй хувийг нүүрс, 10 хүрэхгүй хувийг Сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа. 2020 онд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийт эх үүсвэрийн 20 хувьд, цаашлаад 30 хувьд хүргэх зорилт тавьчихсан байгаа. Зорилтдоо хүрэх боломж хэр байна?

-Боломж байгаа. Томоохон салбарын хөрөнгө оруулалтын төслүүд олон улсын хэмжээнд өөрийн гэсэн стандарттай, өөрийн гэсэн дэг жаягаар хэрэгждэг.

Тэр бүх шатыг алгасахгүйгээр давж, бүрэн гүйцэд ажиллавал төслүүд хэрэгжинэ. Цахилгаан станцыг Монгол аргаар барина гэж байхгүй. Өндөр технологийг ягштал дагах л хэрэгтэй.

-Хэрэглэгч талаас нь харвал Сэргээгдэх эрчим хүчний өртөг, үнэ яаж хямдарч байгаа вэ?

-Хэрэглэгч хүн цахилгааны хэрэглээгээ бодох нь зөв. Гэхдээ эдийн засагт өөр олон зүйлс нөлөөлдөг. Жишээ нь агаарын бохирдол гэдэг жинхэнэ дайсан сүүлийн жилүүдэд Улаанбаатарын иргэдэд тулгараад байна. Үүнтэй тэмцэх зөв шийдлийг олохын тулд бүгд л ухаанаа уралдуулж байгаа.

Мэдээж технологийн шийдлээр утаанаас салж чадна. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрийг цэвэр болгоно гэсэн үг. Тиймээс зөвхөн цахилгааны үнээр өртгийг хэмжээд байх боломжгүй. Цогц асуудал ярьж байгаа үед эрүүл мэндийн өртгийг хүртэл авч үзэх ёстой байдаг.

Монголын хувьд энэ салбар хөл дээрээ босож байгаа учраас эдийн засгийн хувьд бодлоготойгоор дэмжих хэрэгтэй. Эхлээд салбараа бойжуулж авъя. Өөрийн болгосон зүйлээ бид хүнд зарж чадна. Өөрсдөө хөл дээрээ босоогүй байж экспорт хийнэ гэж ярих боломжгүй юм.

-Салхитын станц хэр амжилттай ажиллаж байгаа вэ. Эрчим хүчний мега төсөл хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гол хүчин зүйл юу байдаг вэ?

-Маш амжилттай байгаа гэж сонссон. Цоо шинэ зүйлийг зах зээлд нэвтрүүлэхэд хэцүү байдаг. “Ньюком” группийн хувьд өндөр эрсдэл хүлээж энэ төслийг хэрэгжүүлсэн. Одоо салхин цахилгаан станцыг яаж ажиллуулдаг вэ гэдгийг инженерүүд нь ойлгож, удирдлагын баг нь өөрийн болгосон. Удахгүй Монгол хүн ийм хэмжээний төслийг өөр хаана ч барьж байгуулах, ашиглах чадвартай болно.

Анхны төсөл гэдэг утгаараа бүх замыг засаж, араасаа олон төсөл төрүүлсэн. Ер нь мега төслүүд бүх асуудлаа шийдвэрлэсэн хойно хөдөлдөг. Зээл өгч байгаа банкууд, хөрөнгө оруулагчид эрсдлээ зөв удирдахыг зорьж байгаа учраас ойлгомжгүй, дутуу зүйлийг хүлээж авдаггүй.

Энэ бүхнийг Монголын хууль эрх зүйн орчинд нийцүүлнэ гэдэг асар хүнд ажил. Салхитын төслийг хэрэгжүүлэхэд 300 гаруй зөвшөөрөл, гарын үсэг, баримт бүрдүүлж байж банкны шаардлагыг хангаж чадсан.

Хугацаа, хөдөлмөр их орсны хэрээр хөрөнгө ч их орсон байдаг. Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд нийт хөрөнгийн 5-10 хувь нь Project Development Phase буюу төслийг бэлтгэх, боловсруулах шатанд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл 100 сая ам.долларын төслийг эхлүүлэхийн тулд 5-10 сая ам.доллар зарцуулна. Энэ нь цэвэр тухайн компанид ирж буй санхүүгийн эрсдэл юм.

Тиймээс том төслийг зөв ойлгож, дэмжиж чадвал бүс нутагтаа өрсөлдөх чадвартай эдийн засаг болох боломжтой.

-Энэ салбарт Монгол дахь хувийн хэвшлийн санаачилга ямар байгаа вэ?

-Санаачлага сайн байгаа. Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар хувийн хэвшлийн нуруун дээр л явж байна. Энэ бол түрүүн хэлсэнчлэн хууль эрх зүйн орчин таатай байгаагийн илрэл. Зөв систем байвал хүн өөрийн мөнгөөрөө эрсдэл хүлээгээд хөрөнгө оруулж болж байна.

Бодлого энэ чигээрээ тогтвортой явбал хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортлох цаг улам л ойртоно.

Нэг жишээ хэлье. Өнөөдөр дэлхийн аль ч оронтой жишихэд хоцрохооргүй мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээг Монголчууд авч чадаж байгаа. 20 жилийн дотор Улаанбаатарт байгаа хүн Нью-Йоркд амьдарч байгаа хүн шиг хурдтай интернэт хэрэглэж чаддаг болсон.

Энэ салбарыг хөл дээр нь босгоход хувийн хэвшлийн үүрэг оролцоо маш их байсан. Харилцаа холбооны салбарт хувийн компаниуд өрсөлдсөнөөр хэрэглэгчид хамгийн чанартай, хамгийн боломжийн үнэтэй үйлчилгээг авч чадаж байна. Яг үүн шиг сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж болно. 

-Тэгвэл өнгөрсөн 20 гаруй жилийн турш эрчим хүчний салбарт хийгдсэн хамгийн том амжилт юу байв?

-20 жилийн өмнө хотын оюутан, хөдөөний оюутан гэж шал өөр хүмүүс байдаг байсан. Яагаад гэвэл авдаг мэдээлэл нь өөр.

Одоо бол Улаанбаатарт байгаа миний 3 настай охин, хөдөө амьдарч буй малчин айлын 3 настай охин яг адилхан контентыг нэг нь IPTV-гээр, нөгөө нь Ddish TV-ээр үзэж чаддаг болсон. Энэ бол Монголчуудын сүүлийн 27 жилд хийсэн хамгийн том өөрчлөлт юм.

Мэдээллийн тэгш бус хуваарилалтыг технологийн хүчээр байхгүй болгож чадсан. Үүнийг бий болгосон хоёр зүйлийн нэг нь сэргээгдэх эрчим хүч буюу нарны хавтан, нөгөө нь мэдээллийн технологийн хөгжил юм.

Технологийг Монголчууд маш хурдан ашиглаж, өөрийн болгож эзэмшиж чаддаг хүмүүс юм байна гэдгийг энэ үйл явдал нотолсон. Дараагийн ийм хувьсгалууд гарах боломжтой. Хамгийн гол нь зөв тавьсан сууриа хөндөхгүй байх тогтвортой бодлого, эдийн засгийн дэмжлэг, хувийн хэвшлийн цэвэр өрсөлдөөн чухал.