Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хязгааргүй хэрэглээг Хязгааргүй баялгаар ХАНГАХ НЬ-1

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2017 оны нэгдүгээр сарын 5-нд Хятадын Эрчим Хүчний Үндэсний Газрын дэд дарга Ли Янжэ сэргээгдэх эрчим хүчний төсөлд 2020 он хүртэл 2.5 их наяд юань буюу 360 орчим тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө мэдээлэв.

“Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр” гэж нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг хэлнэ.

Үүний дараахан буюу нэгдүгээр сарын 17-нд тус улсын Үндэсний Эрчим Хүчний Захиргаанаас нүүрсээр ажилладаг 85 цахилгаан станцын төслийг зогсоосноо зарлалаа. Энэ бол БНХАУ 2020 онд нийт эрчим хүчнийхээ 50 хувийг нар, салхи, уснаас бий болгох АМБИЦТАЙ төлөвлөгөөний эхлэл юм.

Тэгвэл дэлхийн нөгөө тивд АНУ-ын алдарт энтрепрёнер Илон Маскын үүсгэн байгуулсан Тесла компани айлуудын байшингийн дээврийг нарны “цахилгаан станц” болгох сонирхолтой санаачлага гаргаж, үйлдвэрлэх гэж буйгаа гурван сарын өмнө зарласан. Харин Билл Гэйтс, Жэк Ма, Амазоны Жэф Безос, Софтбанкын Масаёши Сон, Виржин группын Ричард Брэнсон, Линкединий Рэйд Хофман нар Breakthrough Energy Ventures (BEV) нэртэй санг 2016 оны 12 дугаар сард байгуулсан нь байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх зорилгоор ажиллахаар болжээ.

Эдийн засаг хүний хязгааргүй хэрэглээг хязгаарлагдмал нөөц баялгаар хангах тухай асуудлыг судалдаг. Тэгвэл нар, салхи, ус буюу хязгааргүй гэж хэлж болох нөөцөөр хүний амин чухал хэрэгцээ ЭРЧИМ ХҮЧИЙГ гарган авах асуудал ийнхүү хүчээ авч байна.

Бид энэ өөрчлөлттэй хөл нийлүүлж чадаж байгаа юу?

Монголчууд бид өөрсдийгөө Мөнх тэнгэрийн ард түмэн гэж ярих дуртай. Талын Монгол ч гэдэг. Тэгвэл “талын”, “мөнх тэнгэрийн” гэсэн үгсийн цаана Монгол бол нар, салхины асар их нөөцтэй улс орон гэсэн утга агуулагдаж байна.

Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт) байдаг. Энэ нь манай улсын эрчим хүчний хэрэглээг хангахын зэрэгцээ экспортод их хэмжээгээр гаргах боломжтой гэсэн үг юм.

Төрөөс Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-ыг 2005 онд байгуулж, хамгийн анхны хуулиа 2007 онд баталж байв. Үүний дараа Монголын хамгийн анхны салхины цахилгаан станц 2013 онд, нарны цахилгаан станц 2017 онд ашиглалтад орлоо.

2015 онд хуулинд Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчийн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгохоор шийдвэрлэж, өөрчлөлт оруулсан нь эдийн засгийн хувьд дэмжлэг болж байна.

Гэсэн хэдий ч сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ бага байгаа юм. Дараах тоо баримтад анхаарлаа хандуулцгаая.

7.62 ХУВЬ
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголчууд 2015 оны байдлаар цахилгааны нийт эх үүсвэрийнхээ 7.62 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байна.

2015 онд батлагдсан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод “Улсын хэмжээнд цахилгаан үйлдвэрлэлийн нийт суурилагдсан хүчин чадлын 85 хувийг нь нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станц, 5 хувийг салхин парк, 7 хувийг дизель станц, 2 хувийг усан цахилгаан станц, 0.62 хувийг бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүрдүүлж, цахилгаан хангамжийн 80 хувийг дотоодод үйлдвэрлэж, импортоор 20 хувийг авч ашиглаж байна” хэмээн дурджээ.

Бодлогын баримт бичгээс харвал манай улсын одоо ашиглаж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хангалтгүй бөгөөд нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага харагдаж байна.

Бидэнд ямар амбиц байгаа вэ?

30 ХУВЬ

Одоогийн 7.62 гэсэн тоог 2030 он гэхэд буюу 13 жилийн дараа 30 хувьд хүргэх амбицтай ажиллаж байна.

Үүнийг цаг хугацааны хувьд ангилбал Нэгдүгээр үе шат буюу 2015-2023 онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурийг бий болгож 20 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Харин үлдсэн долоон жилд 30 хувьд хүрэх зорилтыг хангана.

Энэ зорилтдоо хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг бий болгох шаардлагатайг баримт бичигт тусгаж өгсөн байна. 

Сүүлийн жилүүдэл хувийн хэвшлийн байгууллагууд энэ тал дээр идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Тухайлбал "Ньюком" групп Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулж 100 орчим мянган айл өрхийг цахилгаанаар хангаж эхлэв. Мөн Японы Софтбанк групптэй хамтран Азийн Эрчимийн Супер Сүлжээг байгуулах ажилд ханцуй шамлан ороод байгаа. Хамгийн сүүлд хийсэн ажил нь Өмнөговь аймагт байрлаж буй 50 мВт хүчин чадалтай Цэцийн салхин станц юм. 

Он гараад буюу нэгдүгээр сарын 17-нд энэ салбарт нэгэн баяртай мэдээ дуулдсан. Монголын хамгийн анхны нарны цахилгаан станцыг Дархан-Уул аймагт хувийн хэвшлийн “Solar power international”, Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь 20 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн үг юм. 

Гэсэн хэдий ч сэргээгдэх эрчим хүчний асуудал дэлхий нийтийн чиг хандлагыг гүйцэж чадахгүй байна. Бид тавьсан эхний зорилтдоо хүрэхэд /20 хувь/ 6 жилийн хугацаа үлджээ. 

Монголчууд энэ зорилтдоо хүрч чадах уу, хүрэхийн төлөө төр хувийн хэвшлээс ямар ажлууд хийж байгаа вэ? Энэ талаар бид дараагийн нийтлэлдээ сурвалжлах болно.

 

#Үргэлжлэл бий