Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хязгааргүй хэрэглээг Хязгааргүй баялгаар хангах нь-2

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүн төрөлхтний мөнхийн эрэл хайгуул болох хямд, үр ашигтай эрчим хүчний тухай яриагаа үргэлжлүүлье.

Сэргээгдэх эрчим хүч одоогоор бидний олж нээсэн  хамгийн үр ашигтай эрчим хүч болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих томоохон алхмуудыг хийж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Манай улс ч өөрийн төлөвлөгөөгөө гаргаж, бодлогын баримт бичигтээ тусгасан байгаа.  

Судлаад үзэхэд сэргээгдэх эрчим хүчний өртөг жил ирэх тусам буурч, уламжлалт аргатай ижил түвшинд очсоныг харж болно. Энэ тухай 2017 оны нэгдүгээр сарын 17-нд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан олон улсын сэргээгдэх эрчим хүчний хурал дээрх илтгэлүүдэд тодорхой ярьжээ.  

Тодруулбал уламжлалт дулааны цахилгаан станцыг барьж байгуулах өртөг нь 1 ваттд 1-1.5 ам.доллар байдаг. Тэгвэл нарны эрчим хүчний өртөг үүнээс ч бага түвшинд очих ирээдүйтэй байгаа юм.

ГРАФИК: Нарны эрчим хүчний өртгийн трэнд

 

Сэргээгдэх эрчим хүчний ХАМГИЙН ТОМ давуу тал нь өртгөө нөхвөл түүхий эд нь үнэгүй. Тухайлбал 50 мВт-ын салхин станц дунджаар 25 жилийн дараа өртгөө нөхөж чаддаг бөгөөд үүнийхээ дараа асар хямд үнээр цахилгаанаа борлуулах боломжтой.

ТҮҮХ: Тал нь харанхуйгаас 100 мянган нарны хавтан руу...

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2005 онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталж 2015 он хүртэл хэрэгжүүлжээ. Энэ нь төрөөс энэ талаар хийсэн хамгийн эхний ТОМ алхам байлаа.

Тухайн үед манай орны 180 гаруй сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон, 160 гаруй сум холбогдоогүй байсан гээд бодохоор бараг тал нь харанхуй орон байв.

Засгийн газраас санаачлан гадны хөрөнгө оруулалтаар 100 мянган хөдөөгийн өрхөд нарны хавтан суурилуулж, эрчим хүчтэй холбогдох боломж олгосон нь амжилттай хэрэгжсэн ажил болсон түүхтэй. Малчин өрхийг хамгийн боломжит аргаар эрчим хүчтэй болгох гол гарц нь сэргээгдэх эрчим хүч байсан юм.

Үүнээс гадна баруун бүсэд жижиг оврын усан цахилгаан станцууд ашиглалтад оруулсан байна. Энэ нь баруун аймгуудыг эрчим хүчээр хангаж буй. Товчхондоо дүгнэхэд XXI зууны эхний жилүүдэд манай улс эрчим хүчний тал дээр чамлахааргүй ажил хийв. 

Гэхдээ бидэнд гол асуулт үлдсэн...

Бид УИХ-аар баталсан бодлогын дагуу 2020 онд Сэргээгдэх эрчим хүчийг нийт үүсвэрийн 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэж чадах уу, ямар боломж болон саад бэрхшээлүүд байгаа вэ?

Энэ асуултад Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал “2015 оны УИХ-ын 63 дугаар тогтоолоор Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын стратегийн 6 дугаар зорилтод сэргээгдэх эрчим хүчний асуудлыг тусгасан байдаг. Монгол Улс одоогоор 1,000 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай гэж үзвэл 7-8 хувь нь сэргээгдэх эрчим хүч гэсэн үг л дээ.

Үүнийг 20 хувьд хүргэхийн тулд бидний өмнөө тавьж байсан хамгийн том зорилго бол Эгийн голын 315 мВт-ын усан цахилгаан станц барих асуудал байгаа. Мөн төвийн эрчим хүчний системд холбогдсон 150 мВт салхин цахилгаан станц байгуулна гэж төсөөлж байна. Дээр нь 50-70 мВт нарны цахилгаан станц байгуулах боломжтой гэж үзсэн юм.

Энэ ажлууд бүтвэл одоо байгаа суурилагдсан хүчин чадлын бараг тал хувьд хүрнэ.

Гэхдээ манай суурилагдсан хүчин чадал дагаад нэмэгдэнэ гэдгийг орхиж болохгүй.  Жишээ нь III, IV цахилгаан станцын өргөтгөл, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөл, V цахилгаан станц, Таван толгойн дулааны цахилгаан станц зэрэг ажлууд хэрэгжих юм бол 2020 оны үед нийт суурилагдсан хүчин чадлын хэмжээ 1,500-2,000 мВт болж нэмэгдэнэ.

Тэр үед бид сэргээгдэх эрчим хүчний чадлаа нэмэгдүүлж чадсан байвал 20 хувьд хүрнэ гэсэн тооцоо хийсэн байдаг” гэдгийг онцолж байв.

Тэгвэл одоо ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
 
Гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн мэдээлснээр 2017 оны нэгдүгээр сард төвийн эрчим хүчний системд холбогдсон 10 мВт-ын хүчин нарны цахилгаан станц Дархан-Уул аймгийн нутагт ашиглалтад оржээ. Энэ талаар уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Дараагийн нарны цахилгаан станц энэ оны есдүгээр сард Төв аймгийн Баянчандмань сумтай ойролцоо ашиглалтад орох ажээ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай Цэцийн салхин станц баригдахаар болж байгаа.

Харин Сайншандад 52 мВт-ын салхин цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэхээр төлөвлөгдсөн байна. Дээр дурдагдсан станцууд ашиглалтад орчихвол Засгийн газрын төлөвлөсөн 150 мВт салхин станц, 50-70 мВт нарны станц ашиглалтад оруулах ажил биелэх юм.

Үүнээс гадна 2020 он хүртэлх хугацаанд Засгийн газраас баруун аймгуудад олон улсын байгууллагатай хамтран 20 мВт-ын нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Гэхдээ суурилагдсан хүчин чадал нэмэгдэх тул Эгийн голын станц ашиглалтад орж байж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 20 хувьд хүргэх бидний зорилт биелнэ гэж ойлгож болно. 

Цаашид...

Эгийн голын станц 315 мВт хүчин чадалтай гэхээр Монголд өмнө нь байгаагүй хамгийн том сэргээгдэх эрчим хүчний үүсвэр болох юм.  

Энэ ажлыг Монголын төр олон жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж оролдсон ч улс төрийн шалтгаанаас болж удаа дараа хойш тавигдсан. Хамгийн сүүлд ОХУ-ын эрдэмтэд Байгал нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн үндэслэлээр асуудлыг дэвшүүлж, хойшлоод буй.

Гэхдээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д хоёрдугаар сард айлчлал хийгээд ирэхдээ Эгийн голын асуудлыг ОХУ-тай шинжлэх ухааны түвшин судалж шинжилж, ахин авч үзэхээр тохирсон гэдгээ мэдэгдээд байгаа. Эгийн голын усан цахилгаан станц манай орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой төсөл болох нь дээрх тоо баримтаас харагдаж байна.

Үүнээс гадна Сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хууль эрх зүйн хувьд өөрчлөлт шаардлагатай байгааг салбарын эрдэмтэд хэлж байна.

2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсан. Энэ хуулинд тарифийн хөнгөлөлт эдлүүлэх заалтууд бий болгосноор хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний станцууд баригдсан сайн талтай. Гэхдээ энэ зохицуулалтаар жишээ нь нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллараар дэмжих тариф үйлчилж буй юм.  

Дээр дурдсанчлан сэргээгдэх эрчим хүчний зарим эх үүсвэрийн өртөг 2007 оноос эрчимтэй буурсан тул Засгийн газраас зохистой хувилбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байна.

Тиймээс тарифийн хөнгөлөлтийг илүү нээлттэй болгож өөрчилснөөр иргэдэд ирж буй төлбөрийн дарамт багасч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ дэлгэрэхэд том хөшүүрэг болж чадна.

#Үргэлжлэл бий

Дараагийн нийтлэлдээ бид Сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж буй хувийн хэвшлийн төлөөллийг урьж ярилцах болно.