Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямдаваа: Дипломын ажил болгож “Шилжилт” киног хийсэн

З.Мөнхсувд, Монголын мэдээ
2017 оны 2 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

“Шилжилт” хэмээх ахлан сургуулийн хүүхдүүдийн  хайр дурлал, үерхэл нөхөрлөл мөн тэмцэл зөрчилдөөнийг харуулсан Action& Drama төрлийн бүрэн хэмжээний уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийж,  үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл тус киноны зохиолыг бичиж,  найруулж,  гол дүрд нь тоглосон Б.Нямдаваатай ярилцлаа.   

-“Шилжилт” УСК-г хийх санаа хэрхэн төрсөн бэ?

-Монголын кино уран бүтээлийн салбарт хүүхэд, залуучуудад чиглэгдсэн кино ховорхон байдаг болохоор энэ сэдвийг хөндөхийг хүссэн юм.  Монголд ихэвчлэн  25-аас дээш насныхан кино хийж, мөн тэр насныхан дүрүүдэд нь тоглож байна.  Уг нь урлаг бол  бүх насныханд зориулагдсан зүйл шүү дээ.  Мөн кино уран бүтээлчид өсөж, дэвжин, гадны зах зээлд бүтээлээ гаргахын тулд  залуучуудаа  багаас нь бэлтгэх хэрэгтэй.  

Түүнчлэн энэ салбарт  18-25 насныхны шинэ, залуу  хүч хэрэгтэй байх гэж бодсоны үүднээс  өөрийн кино багаа бүрэлдүүлэн, уран бүтээлдээ орсон. Киноны санааг гурван жил орчим бодож явсны  эцэст, зохиолоо бичсэн. Дараа  нь багаа  бүрдүүлж, дүрийн сонгон шалгаруулалтаа хийгээд, киноны ажлаа эхэлсэн. Кино зураг зургаан сар үргэлжилсэн. Манай кино тулаант төрлийнх. Тийм болохоор тулааны бэлтгэлдээ сар гаруйн хугацаа зарцуулж, багагүй ач холбогдол өгсөн.  

-Actoin төрлийн  киног хийхэд тулаантай хэсгийн зургийг авахын тулд бэлдэх шаардлагатай. Тиймээс баггүй хугацааг тулааны бэлтгэлд зарцуулсан байна шүү дээ. Тэр үед гарч байсан хүндрэл бэрхшээл байв уу?

-Монголын тулааны урлагийн сургуулийн  н.Болдбаатар багш  бидэнтэй сар гаруйн хугацаанд бидэнтэй хамтарч ажиллаж, бэлтгэсэн.  Энэ хугацаанд бүгд маш их хичээж, тулааны бэлтгэлээ хийсэн. Тулааны сургуулилтаа сайн хийсэн  учраас  зодооны хэсгийн зураг авахад  хүндрэл бага гарсан.  Жишээ нь, олон алдаа гаргах, ахин тэр хэсгийн зургийг авах, хиймэл зодоонтой харагдах гэх зэрэг асуудлууд гараагүй.  Тиймээс киноны  зодооны хэсгүүдийг үзсэн энгийн болон мэргэжлийн хүмүүст өндрөөр үнэлэгд­сэн. Хэдийгээр манай кино ахлах сургуулийн тухай өгүүлэх  боловч action зураглалтай. Энэ төрлөөрөө Монголдоо анхдагч нь болсон юм.  

-Залуу уран бүтээлчид гэлтгүй аливаа зүйлийн эхлэлийг тавихад хүн бүхэнд л  хэцүү байдаг. Гэхдээ  урлагийн хүмүүст уран бүтээл хийхэд  хамгийн их тулгамддаг асуудал нь санхүүжилт.  Зардлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Киноны санхүүжилтийг  “Airkreativ” нэгдлийн захирал Пүрэвдорж болон намайг хамгийн ихээр дэмжиж, тусалдаг эрхэм хүн болох ээж маань шийдвэрлэсэн. Мөн бидэнд туслан хамтран ажилласан хэд хэдэн байгууллагууд бий.

-Киноны  дүрүүдэд тоглох жүжигчдээ хэрхэн сонгон авсан юм бол?

-Бид төлөвлөгөөнийхөө  дагуу хоёр  өдрийн дотор гол болон туслах дүрүүдийг сонгон авсан.  Энэ хугацаанд 250 гаруй залуу оролцсон байсан. Үүнээс гадна,  дахин сонгон шалгаруулалт аваач гэсэн санал их ирсэн. Гэвч бид шахуу хуваарьтай байсан болохоор шалгаруулалт явуулаагүй.  Тиймээс шалгаруулалтад  ирсэн хүмүүсээ  хоёр үе шаттай шүүж,   жүжигчдээ авсан.

-СУИС  төгсөхийн тулд  дипломын ажил болгон “Шилжилт” УСК бүтээлийг хийсэн гэсэн үү?

-Энэ киног дипломынхоо ажил болгон хийсэн ч одоогоор сургуулиа төгсөөгүй л байна. Хэдийгээр хийсэн кино  маань олон нийтэд хүрээд, кино театруудад гарч байгаа ч гэсэн дипломын бичвэрийн ажил гэж байдаг. Үүнийгээ  би бичиж амжаагүй байгаа. Нэг жил алдахгүйгээр өнгөрсөн  жил сургуулиа төгсчих боломж хангалттай байсан.  

Гэхдээ би төгсөөд хаачих,  юу хийх вэ гэдгээ сонгож чадаагүй байсан юм л даа,  тэр үед. Тийм учраас өөрийн хүсэлтээр нэг жил анги улиран суралцсан. Харин тэр хугацаандаа цаашдаа юу хийх вэ гэдгээ төлөвлөж,  мөн энэ киног хийх хүсэл төрсөн. Алдсан гэж бодсон нэг жилийн хугацаанд  хэд хэдэн богино хэмжээний кино, клип  хийж энэ кинонд өөрийгөө бэлдсэн юм.  

Мөн баг бүрэлдэхүүнээ судлан бүрдүүлж, намар нь маш их зориг гарган гурван жил бодож явсан зохиолоо кино болгох ажилд орсон. Багаа бүрдүүлэх хугацаанд энэ кинонд  туршлага болгон хийсэн богино хэмжээний кинонууд маань хүмүүст сайн хүрсэн байсан. Үүний илрэл нь энэ жил “Жүр-Үр”-ээс  зохиосон богино хэмжээний киноны тэмцээнд явуулсан бүтээл маань шилдэг найруулагч шагнал авсан.

Үүнээс гадна СУИС-ийн диплом гэдэг  тийм ч амархан олддог зүйл биш гэдгийг харуулахыг хүссэн. Тэнд хэн хүссэн нь орж,   төгсдөггүй юм шүү гэдгийг батлан харуулахыг хүссэн учраас бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээлийн ажилд орсон. Одоо харин дипломоо авч чадах нь уу,  яах нь вэ. Мэдэхгүй л байна.

-“Шилжилт” УСК  бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн гэсэн. Хэний амьдралаас сэдэвлэсэн зохиол байв?

-Би “Ирээдүй цогцолбор” сургуулийг төгссөн. Тэр үед манай ангид Дөлгөөн гэдэг  хүүхэд байсан. Кинонд маань гарч байгаа Нямбаяр хэмээх залуу, манай арван жилийн тэр  хүүхдийн тусгал юм шүү. Ангийнхаа тэр хүүхдээс л сэдэвлэн бичсэн дээ

-Киногоо бэлэн болгочихоод театрууд дээр бариад очиход хэрхэн хүлээж авсан бэ?

-Анхны кино үзлэгтээ орж байхад бүх кино театраас үзэхээр мэргэжилтнүүд ирсэн. Манай киноноос өмнө драм төрлийн хоёр кино буцаагдсан байсан. Манайхан киног маань  буулгачих вий гэсэн айдастайгаар үзлэгтээ орсон. Гэтэл мэргэжилтнүүд  Монголын ахлах сургуулийн сэдэвтэй кинонуудаас хамгийн сайн бүтээл нь болсон байна гээд л их дуртай байсан.

Зураг