Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээсээ булааж авах уу?!

Б.Төрбат
2017 оны 2 сарын 8
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Хэдийгээр эрх баригчид наанаа "Иргэд, ард түмний өмч болно" гэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөх шахааны бизнесээ цэцэглүүлж, төрөөс төрсөн тэрбумтны тоогоо нэмэхийг л санаархаж байгаа нь илт. Тиймдээ ч нөхдүүд өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрээр ингэтлээ улстөржиж, хувийн хэвшилд шилжүүлсэн 49 хувийг төрийн мэдэлд авахаар улайрч суугаа биш гэж үү- 

Он дамнан олны анхаарлын төвд өнөөг хэр нь оршсоор байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг өнөөдөр парламентын түвшинд очтол нь улстөржүүллээ. Улстөрчдийн энэ хүртэл нь ингэж улстөржүүлэх болсон шалтгаан нь ердөө л төрд үнэтэй бараа, материал нийлүүлэх гэсэн башир арга нь хязгаарлагдаж, шахааны бизнес нь хумигдсантай холбоотой.

Нөгөөтэйгүүр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьд шилжсэн өдрөөс тус үйлдвэрийнхэн шахааны бизнесийг халж, шударга зарчмаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнд зарим нэг улстөрчийн тэрбумтан болох төлөвлөгөөг нь тэртээ холын мөрөөдөл болгосноос өөрцгүй юм. 
Өөрөөр хэлбэл, "тендер" нэрээр "Эрдэнэт" үйлдвэрийн ашиг, орлогоос "идэж" ирсэн, "идэх"-ийг санаархсан нөхдийн бизнес талаар өнгөрсөнд эвлэрч чадахгүй болоод л төдийгөөс өдийг хүртэл эл асуудал улстөрчдийн улстөржих хамгийн том шалтгаан болсоор ирэв үү гэлтэй. 

Үнэндээ 40 жил биднийг тэжээх нөөцтэй "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын өмч болгосон нь өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн зоригтой шийдвэр байсан гэж хэлж болно. Учир нь, бүтэн 38 жил хоёр орны дундын өмч байсан үйлдвэрийг 100 хувь монголчуудын өмч болгож, түүнийхээ 49 хувийг нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн онд хувийн хэвшилд өгсөн нь ардчиллын 26 жилийн түүхэнд гарч байгаагүй үзэгдэл, дэвшил болсон юм.

Үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгч, "Эрдэнэт" үйлдвэрийн хамт олонд бизнесийн шударга зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд олон хүн талархан хүлээж авсан байдаг. Гагцхүү төрийн эрхийг залгамжилж авсан өнөөгийн эрх баригчдад л мань эрийн шийдвэр таалагдаагүйг өнгөрсөн цаг хугацаа гэрчилнэ. Тиймдээ ч тэд баруун, солгойгүй "Эрдэнэт" үйлдвэрээр улстөржиж, эцэст нь "хүслээ гүйцээх" гэж өнөө, маргаашгүй парламентын түвшинд асуудлыг авч хэлэлцэхээр оруулж ирээд байна.

Хэдийгээр "Эрдэнэт" үйлдвэрийн хувийн хэвшилд байгаа 49 хувь буцаад төрийн өмч болох эсэхийг ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боловч үндсэндээ эрх баригч намынхан ардчиллаас алхам ухарсан шийдвэртээ хэдийнэ байр сууриа нэгтгэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг бүтэн дөрвөн цаг зөвхөн "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нар оролцсон нь тэд эл асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдана. Өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг ОХУ-ын Засгийн газар болон “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголиан Коппер Корпорейшн" ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлтээ гаргаад байсан билээ. 

Уг дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, баасан гарагт УИХ-ын Даргын зөвлөлийн хуралдаанаас чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэхээр оруулж ирээд байгаа нь энэ юм.

Бүлгийн хуралдаанд Ажлын хэсгийн дүгнэлттэй санал нэгдээгүй Б.Дэлгэрсайхан гишүүн гадаадад томилолттой тул ирээгүй аж. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр намын нөхдөдөө "Асуудалд хэт улайрч байж, саалийн ганц үнээгээ ор мөргүй тавьж туух вий" гэж сануулж байсан Л.Элдэв-Очир гишүүн ч оролцоогүй талаар эх сурвалж өгүүлэв. Түүнчлэн "Хувийн хэвшлийнхээ өмчийг төр булаан авах нь зохимжгүй.

Асуудалд наана цаанатай хандах учиртай" гэх байр суурийг Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нарын гишүүн ч илэрхийлжээ. Гэвч олонх гишүүн Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанчлан “Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол Улсын тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг онцолж, Засгийн газар “Монгол зэс” корпорацитай хэлцэл хийх замаар эзэмшлээ нэмэгдүүлэх нь зүйтэй" гэж үзжээ.

Товчхондоо, эрх баригчид хувийн хэвшилд шилжүүлсэн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг буцаагаад төрийн өмч болгох дээр санал нэгдсэн төдийгүй бүх тохироогоо хийчихсэн гэсэн үг. Харин өнөөдөр байнгын хорооны хурлаар "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг хэлэлцэхдээ байр сууриа нэгтгэсэн гишүүдийн олонх дэмжих нь эргэлзээгүй болоод байна. 

Гэхдээ уншигчид анзаарсан бол Ажлын хэсгийн дүгнэлтэд "Уулын баяжуулах "Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол Улсын тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн" гэдгийг онцолжээ. Гэтэл Монгол Улсын гурван шатны шүүхийн аль нь ч ийм шийдвэрийг гаргаагүй. Үүнээс үзэхэд, зөвхөн тэд л өөрсдөдөө таалагдсан дүгнэлтээ гаргаж, түүнийгээ биелүүлэх гэж улайрч суугаа нь тодорхой дүр зураг бууж байна.

Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төр буцааж авах нь хэнд ашигтай вэ. Ард түмэнд лав биш. Ашигтай биш гэдгийг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харсан, мэдэрсэн. Хэдийгээр эрх баригчид наанаа "Иргэд, ард түмний өмч болно" гэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөх шахааны бизнесээ цэцэглүүлж, төрөөс төрсөн тэрбумтны тоогоо нэмэхийг л санаархаж байгаа нь илт.

Тиймдээ ч нөхдүүд өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрээр ингэтлээ улстөржиж, хувийн хэвшилд шилжүүлсэн 49 хувийг төрийн мэдэлд авахаар улайрч суугаа биш гэж үү. Харин эсрэгээрээ тус үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд нь үлдээснээр шахааны бизнес хумигдахаас эхлүүлээд хаалттай байсан олон асуудлыг нээлттэй болгох боломжтой болсон байв.

Үр дүнд нь аяндаа хэмнэлт бий болж, гол нь монголчуудыг ойрын 40 жил дангаараа ч тэжээх чадалтай "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн хувьд ч шилэн байх боломж бүрдэж, адаглаад шахааны бизнес гээч зүйл алга болно гэсэн үг. Энэ бүхний ашгийг иргэд хүртэнэ. Харамсалтай нь...

Зураг