Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Зориг: НӨАТ-ын буцаан олголтын 50 хувийг ЦАГААН САРААС ӨМНӨ ОЛГОНО

О.Дүүрэнжаргал, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
 

2016 онд татварын алба улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулжээ. Үүний 35 хувь буюу 555,2 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого байсан ба энэ нь өмнөх жилийнхээсээ 70 тэрбумаар өссөн үзүүлэлт юм байна. 

Өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубээс зохион байгуулсан “НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох тухай ярилаа. Үүний 50 хувийг цагаан сараас  өмнө олгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Харин эдгээрээс 140 мянган иргэний мэдээлэл бүрэн баталгаажаагүй байгаа тул буцаан олголт олгоход хүндрэл учраад байгаа аж. Тиймээс иргэдийг бүртгэлээ баталгаажуулахыг, мөн Хаан болон Голомт, Худалдаа хөгжлийн банкуудыг үйлчлүүлэгчдийн мэдээллийг өгөхгүй, хууль хэрэгжүүлэхэд саад болж байгаагаа болихыг хүслээ. 

Хэлэлцүүлэгт НӨАТУС-ын төслийн захирал Р.Отгонтулга, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг, Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн У.Мөнхзул, ХААИС-ын ЭЗБС-ын санхүүгийн тэнхмийн эрхлэгч Д.Далхжав, “Ган хийц” ХХК-ын захирал М.Даваасүрэн нар оролцсон юм. 

НӨАТУС-ын төслийн захирал Р.Отгонтулгын хэлж буйгаар энэ онд NFC картын технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа ажээ. Ингэснээр иргэд заавал интернет ашиглан ebarimt.mn сайтад бүртгүүлж, худалдан авалт бүрийн мэдээллээ шивж оруулах шаардлагагүй болох юм байна. Учир нь баримтыг хэвлэх үед та өөрийн мэдээлэл бүхий картыг уншуулснаар баримт таны нэр дээр бүртгэгдэх гэнэ. 

Мөн Татварын ерөнхий газрын дарга Л.ЗоригБид хувь хүний орлогын албан татвар талаас нь ерөөсөө шалгахгүй. 1 сая төгрөгийн цалинтай иргэн 3 сая төгрөгийн баримт бүртгүүлж ч болно. Тэр хүн гэр бүл, ах дүүс, найз нөхдийнхөө баримтыг бүртгүүлдэг байж болно шүү дээ.

Тиймээс НӨАТ-ын баримт олгож буй нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын борлуулалтын орлого 50 саяд хүрч байна уу, НӨАТ төлөгч болж байна уу, борлуулалтын орлого нь өсч байна уу гэдгийг л тогтоох зорилготой. Үүн дээр татварыг иргэд төлж байгаа учраас иргэдэд хоёр хувийн буцаан олголтыг олгож байгаа юм” гэлээ. 

НӨАТ-ын тухай хууль 2015 оны долдугаар сарын 8-нд батлагдаж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд худалдан авалт бүртээ баримт авч, түүнийгээ нэгдсэн цахим бүртгэлд бүртгүүлэн сугалаанд оролцож, тодорхой хэмжээний буцаан олголтыг авах боломжтой болсон.

Харин өнгөрсөн 2016 онд нийт 190 сая баримт хэвлэгдэж, түүний ердөө 42 хувь нь бүртгэгдсэн гэнэ. Мөн 37,532 цэгт сугалаанд оролцох эрх бүхий баримт хэвлэж, 169,473 хүн азтан болжээ.