Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр томилогджээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхий захирал Ж.Г.Де Сильвад гардуулах ёслол 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ын Төв байранд болов.

Итгэмжлэх захидлаа гардуулсны дараа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж, Ерөнхий Захирал Де Силва нар харилцаа, хамтын ажиллагааны талаар товч ярилцаж санал солилцов. ХХААБ-ын шугмаар олон арван төсөл амжилттай хэрэгжиж, ноён Де Сильваг Ерөнхий захирал болсноос хойш Монгол Улс, ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжиж, тус байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн Хуралдааныг Монгол Улс хүлээн авч зохион байгуулсныг Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтын үеэр онцлон дурдав. 

Ноён Де Сильва шинээр томилогдсон Байнгын Төлөөлөгчид баяр хүргэхийн ялдамд чухал нэгэн зүйлийг мэдээлэх болсондоо таатай байна гэв.

Монгол Улс НҮБ-ын ХХААБ-ын гишүүн болсон цагаас хойш тус байгууллагын Бээжин дэх Төлөөлөгчийн газар Монголтой харилцах асуудлыг дагнан хариуцан ажиллаж ирсэн.

2011 оноос Улаанбаатарт ажиллаж байгаа тус байгууллагын Төлөөлөгч мөн л Бээжин дэх салбарт харьяалагдаж байсныг ХХААБ одооноос халж, тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрыг бүрэн хэмжээнд нь нээн ажиллуулах шийдвэр гаргаж байгааг тэрээр мэдээлэв.

ХХААБ-ын Төлөөлөгчийн газар ийнхүү нээгдэж байгаа нь цаашид Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээ, далайц нэмэгдэж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэх юм.

Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээн ажиллуулах болсон тухай мэдээ дуулгасанд талархаж байгаагаа Элчин сайд илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Итгэмжлэх Захидал гардуулах арга хэмжээнд Ерөнхий захирлын ажлын албаны дарга Марио Любеткин, Ёслолын хэлтсийн дарга хатагтай Паола Дини болон ЭСЯ-ны Зөвлөх С.Даваадаш нар байлцав.


Эх сурвалж: Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яам