Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Урагшлах боломжтой МЕГА ТӨСЛҮҮД

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 9 сарын 26
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хөрөнгө оруулалт татах, улмаар “хөдлөх” боломжтой мега төслүүдийг багцлан танилцуулж байна. Эдийн засгийн хямралаас гарах гарцыг таван эдийн засагч тутмын гурав нь мега төсөл хэмээн тодотгов. Техник, эдийн засгийн үндэслэл нь бэлэн болчихсон, хөрөнгө оруулалт даруй орж ирлээ гэхэд хэрэгжих бололцоотой зарим төсөл гацсан.

Мега төслүүдэд цаг хугацаа алдах саад тотгор цөөнгүй тулгарч байна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөхөд “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт хангалтгүй байгаа.

Харин эдийн засаг сэргэхэд томоохон хөшүүрэг болох дор өгүүлсэн мега төслүүдийн үр нөлөө их. Хүндрэлээс гарах нэг аврал нь мега төсөл болж байна.

“Тавантолгой” төсөл

Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх томоохон ордуудын нэг нь Тавантолгойн бүлэг орд. Стратегийн гэх уг орд нь 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний нүүрс.

Тус ордыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшиж байна. Тавантолгойн уурхай бүрэн хүчин чадлаараа жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой юм.

Эдийн засгийн хямралаас гарах гарцыг таван эдийн засагч тутмын гурав нь мега төсөл хэмээн тодотгов.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани 4.2 сая тонн нүүрс экспортолсон бол энэ он гарсаар 4.5 сая тонн нүүрсийг нийт 10 гаруй худалдан авагчид нийлүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд нийт 20.7 сая тонн нүүрс олборлож, 18.5 сая тонн нүүрс экспортолсон.

Тавантолгойн коксжих нүүрсний ордод 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Энэ хэмжээний санхүүжилтээр төмөр зам болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийх боломжтой гэж үздэг.

Гэвч дээрх хөрөнгө оруулалтын хэлэлцээр болгон амжилт ололгүй өдий хүрсэн. Хөрөнгө оруулалт татах боломжтой мега төслүүдийн нэг нь Тавантолгойн орд. Энэ орд гадаадын хөрөнгө оруулагчдад хэдийн танил болж амжаад буй. Тавантолгойн ордод зургаан жилийн өмнөөс хөрөнгө оруулалт татахаар тухайн үеийн Засгийн газрууд зорьсон ч гацсаар байгаа нь энэ.

“Тавантолгойн цахилгаан станц” төсөл

Төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах “Тавантолгой цахилгаан станц” төслийн бэлтгэл ажил цэгцэрсэн. Уг цахилгаан станц 450 МВт хүчин чадалтай. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцаас “Оюутолгой” цогцолбор төслийг эрчим хүчээр хангах юм.

Энэ хүрээнд Тавантолгой-Оюутолгой хүртэлх 220 Кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралт болон ашиглалтын төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. “Тавантолгой цахилгаан станц” төсөл ашиглалтад орсноор “Оюутолгой”-н эрчим хүчний төлбөрт БНХАУ-д төлж буй 160-200 тэрбум төгрөгийн мөнгөн урсгал хамгийн багадаа дотоодод үлдэнэ.

Цахилгаан станцын үндсэн худалдан авагч нь “Оюутолгой” компани байх юм. Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар. Үүний 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт байна.

Үлдсэн 70 хувь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байхаар гэрээнд тусгажээ. Төсөл хэрэгжих хугацааны эдийн засгийн үр өгөөж нь жилд ойролцоогоор 64 сая ам.доллар байхаар төсөөлөгдөж байна. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахаар төслийн нэгж бүр хөрөнгө оруулагч талууд гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж эхэлжээ.

“Шивээ-Энержи” цогцолбор төсөл

Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ бэлэн болчихсон. Уг төслийн бэлтгэл ажлыг “Эрдэнэс Монгол” компани болон төслийн нэгж өнгөрсөн хугацаанд хангасан байдаг.

Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих эрчим хүчний цогцолбор төсөлд нийт 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Төслийн бүтээн байгуулалтын ажил ойролцоогоор таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цахилгаан станц ашиглах хугацааг 25-30 жилээр тооцжээ.

Дулааны цахилгаан станцын хүчин чадал 9,240 мегаватт байх бөгөөд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан байна.

Цогцолбор төсөлд жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, найман сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кв-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам багтжээ. Төслийн барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг олон улсын түвшинд төсөл хэрэгжүүлэгч тал нээлттэй зарлаж, сонгон шалгаруулна гэдгээ зарласан.

Дулааны IV цахилгаан станцаас 20 дахин их хүчин чадалтай байхаар тооцоолж буй “Шивээ Энержи” цогцолбор төслийн цахилгаан станцыг агаарын хөргөлттэй байхаар төлөвлөжээ.

Цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг БНХАУ-ын талд шууд нийлүүлэх бөгөөд цогцолбор төслийг БНХАУ-ын төрийн өмчит “Grid State” корпораци 100 хувь санхүүжүүлж хэрэгжүүлэхээр байгаа. Хэрэв шинэ Засгийн газрын үед урьдын яриа хэлэлцээр хэвээр үргэлжилбэл 13 тэрбум ам.долларын өртөг бүхий мега төсөл энэ онд хөдлөх юм. 

Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөл

Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулах гэрээг жилийн өмнө байгуулсан. Тус ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөж буй. Уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр хоёр үе шаттай ашиглахаар байгаа юм.

Төслийн бэлтгэл ажлын явц нэлээн урагшилсан бөгөөд 2018 онд ордоос гаргах бүтээгдэхүүн болох зэс, молибденийг ХБНГУ -д экспортолж эхэлнэ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орох хэмжээний том үйлдвэр болно.

Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай 680 сая ам.долларыг ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр 1,000 гаруй иргэн ажлын байр бий болох аж.

Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүдэр хүртэл боловсруулж, 3,010 мянган тонн зэс, дөрвөн мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэх аж.

Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад татвар, хураамж хэлбэрээр нийт 3.3 их наяд буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийн төвлөрүүлэх тооцоог хийсэн байна. 

Зураг