Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Кубад айлчилна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай,  мөн олон улсын харилцааны арилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцоно. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Раул Кастро Кубын Коммунист намын 2 дугаар нарийн бичгийн дарга, БХЯ-ны сайд байхдаа 1970 онд манай улсад айлчилж байсан. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочилж, Монгол Улсын түүх, соёл болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар лекц уншина. 

БНКУ-д сурч буй монгол оюутан, залуусын төлөөлөлтэй уулзана.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Кубын генетик инженер, Биотехнологийн төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.  


Монгол-Кубын хооронд 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон. Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм.

Монголын нам төр, засгийн удирдагч агсан Ю.Цэдэнбал /1972 онд/, Ж.Батмөнх /1984 онд/ тэргүүтэй төлөөлөгчид Куба улсад айлчилж байжээ.