Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганбаясгах: Гадаадын 14 улсад монгол эмэгтэйчүүд ХҮНИЙ НАЙМААНЫ хохирогч болсон

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Глоб Интернэшнл Төв, Бээжийн дэх Австрийн ЭСЯ-тай хамтран 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь. Монгол ба Австри” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Монгол дахь ЭСЯ-д, Дипломат Төлөөлөгчийн Газар, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Уг үйл ажиллагаа нь Монгол, Австрийн иргэний нийгмийн байгууллагын хооронд мэдээлэл солилцох, туршлага хуваалцах зорилготой бөгөөд Австри болон Монгол Улсын хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагын төлөөлөгчид:

  • Жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах асуудлаарх олон улсын эрх зүйн хөгжил ба эрх зүйн гол баримт бичиг
  • Австри улс дахь гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх эрх зүйн цар хүрээ 
  • Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт
  • Хүн худалдаалах гэмт хэргийн асуудал
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
 

Манай улсад үйлдэгдэж буй хүчирхийллийн гэмт хэргийн тухай "Хүйсийн тэгш эрх" төвийн тэргүүн Г.Ганбаясах "2001 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 16 жилийн турш зөвхөн манай төв 2,000 гаруй хохирогчдод туслалцаа үзүүлж ажилласан байна. Эдгээрээс 670 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байгаа бөгөөд 13-49 настай эмэгтэйчүүд байна. Хүний наймааны хохирогчдын 75-80 хувь нь охид эмэгтэйчүүд байдаг. 

Өнөөдөр бидэнд мэдэгдэж байгаагаар гадаадын 14 улсад монгол эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болсон. Гурван улсад эрэгтэйчүүд хүний наймааны хохирогч болсон тохиолдлууд гарч ирж байна" хэмээн ярьж байв.

 

Мөн Хүчирхийллийн эсрэг хуулийн тухай "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад хэрэгжих байсан боловч тодорхой бус шалтгааны улмаас татагдсан. Албан ёсны бус мэдээгээр ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцүүлэх эсвэл УИХ-ын намрын чуулганаар энэ хуулийг дахин хэлэлцүүлэхээр болсон.

Хүчирхийллийн эсрэг шинэ хууль хэрэгжсэнээр зөвхөн нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, өрхийн эмчээс бусад хүмүүс гэмт хэргийн тухай мэдээлэх шаардлагагүй байсан бол иргэн бүр энэ тухай мэдээлэх үүрэгтэй болох тухай тусгаж өгсөн.

Мөн хэргийг шүүж, дүгнэлт өгөхөд хохирогчоос заавал бодит хохирол шаардаад байдгийг цуцалж, бодит бус сэтгэл санааны хохирлыг харгалзаж үзэхээр болсон" гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Ч.Одончимэг тайлбарлалаа.

Харин хэлэлцүүлэгт оролцож буй Австрийн Вена дахь Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаарх төвийн захирал бөгөөд Эмэгтэйчүүдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны шинжээчдийн бүлгийн (GREVIO) гишүүн Роза Логар "Энэ дэлхий дээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл байдаггүй улс орон гэж байхгүй нь харамсалтай. Мэдээж хэрэг энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хамтарч ажиллах ёстой. Австри улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ялангуяа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг Жендэрт суурилсан хүчирхийлэл гэсэн өнцгөөс хардаг. Энэ нь монголын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх суурь зарчим болдог нь харагдаж байна" гэлээ.