Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын залуу монголч эрдэмтэд П.Цагааны уулзалтад ДЭЭЛТЭЙ иржээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Залуу монгол судлаачдын зуны сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээнд оролцогчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр залуу монгол судлаачидтай танилцаж, монгол судлалын салбарыг сонгон суралцаж буйд нь талархал илэрхийлэн, монгол хэл, соёлын талаар ярилцаж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв.

Энэ оны залуу монгол судлаачдын зуны сургуульд ОХУ, Герман, Швейцарь, Чех, Унгар, Итали, Финланд, БНХАУ, Япон, Австрали, АНУ тэргүүтэй дэлхийн 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 30 гаруй залуу судлаач, оюутан оролцохоор хүрэлцэн ирээд байна. 

Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны орчинд сургахад оршиж байгаа билээ. Энэхүү сургалт нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх, зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүнтэй.

Монгол судлаачид монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог учраас гадаад орнуудад монгол судлалыг эрчтэй хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол Улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байгаа ажээ.

Өнөөдөр болсон уулзалтын зургууд: