Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Францын шинэ легионууд Монгол дуу дуулж сурсан нь

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Франц улсын армид Гадаад легионы анги гэж байдаг бөгөөд 1831 онд Францын хаан Луй Филиппийн санаачилгаар анх байгуулагдаж байжээ.

Энэ ангид Францын армид алба хаах хүсэлтэй гадаад орнуудын иргэдийг хамруулдаг. Мөн Францын өөрийн иргэдийг ч элсүүлдэг. 2007 оны байдлаар нийт алба хаагчдын 24 хувь нь Франц улсын иргэд байсан гэдэг.

Анхны зорилго нь Францын эзэнт гүрний колони газар орнуудыг хамгаалах байсан бол өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх болжээ. Сүүлийн жишээ нь тэд Афганистан, Төв Африкт тусгай ажиллагаанд оролцсон байна.

Франц армийн энэ уламжлалыг бусад орнууд мөн нэвтрүүлэхийг сонирхдог ба Хятад, Израйль, Нидерланд, Орос, Испани улсууд гадаад цэргийн ангитай болсон гэнэ.

Өнгөрсөн жил гадаад легионуудын нэгэн сонирхолтой бичлэг интернэтэд тавигдсан байна.

Шинээр элссэн цэргүүд Легионы ангийн хэд хэдэн жагсаалын дууг сурах үүрэг хүлээдэг ажээ. Мөн үүнээс гадна өөр улс үндэстнүүдийн дууг нэмэлтээр дуулж сурдаг юм байна. Ийм албан бус дуунд Орос, Румынь зэрэг легионуудыг голлон бүрдүүлдэг үндэстнүүдийн дуу ихэнхдээ багтдаг байжээ.

Тэгвэл 2015 оны энэ бичлэгт шинэхэн легионууд Монгол захирагчийнхаа зааснаар Монгол дуу дуулан алхаж байгааг харуулсан байна.

Легионы ангид багагүй тооны Монголчууд алба хаадаг гэсэн мэдээлэл бий.

Эх сурвалж: ForeignLegion.info