Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Итгэл өдөөх алт

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 12
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

“Найдвараа бүү алд. Түүнд гялалзах боломж бий”. Итгэм төрүүлэм ийм үгийг алтны ханш савласан сүүлийн хэдэн өдөр шинжээчид хэлж, хөрөнгө оруулагчдыг тайвшруулав.

АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо өнгөрсөн долоо хоногт ил болж, шинжээчдийн таамгийг давлаа. Уг нь эдийн засагчид өнгөрсөн сард 180 мянган америк хүн ажилтай болсон гэж таамаглаж байв. Гэтэл энэ даруу таамгаас даруй 70 мянгаар илүү дүн гарах нь тэр. Энэ нь ажилгүйдлийг мөнгөний бодлогынхоо нэг луужин болгодог АНУ-д сайн мэдээ. Бас хэт зөөлөн мөнгөний бодлогоо хумих эерэг дохио болов.

Хэрэв манай гарагийн хамгийн том эдийн засаг мөнгөний бодлогоо өөрчилж, жишиг хүүгээ танавал дэлхийн хамгийн түгээмэл валютын ханш өснө. Ингэснээр ам.доллартай урвуу, бидний амьдралтай нягт хамааралтай алтны үнэ уруудах төлөвтэй.

Хэдийгээр ханш цөөнгүй хоног дараалан уруудсан ч, 1,300 ам.доллараас буугаагүй юм. 

Тиймээс ажилд орсон америкчуудын тоо алтны ханш долоон өдрийн доод цэгт хүргэхэд шууд нөлөөлөв. Америкийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ил болсон энэ сарын 4-нд шар металлын ханш 2.6 хувиар урууджээ. Улмаар хоёр жилийн дээд цэгт хүрч, 1,400 ам.долларыг шүргэж байсан шар металлын ханш 1,300 ам.долларт дэнжигнэв.

Гэхдээ Лхагва гарагт алтны спот ханш эргэн сэргэлээ. Хэдийгээр ханш цөөнгүй хоног дараалан уруудсан ч, 1,300 ам.доллараас буугаагүй юм. Бас АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ энэ оны эцэс гэхэд өсгөх магадлал өндөр байгаа ч алтны ханш он гарсаар 20 гаруй хувиар чангараад байна.

Цаашид ч өсөх өөдрөг төлөвтэй. Шар металлын ханш чангарч, энэ оны эцэс гэхэд 1,500 ам.доллар хүрнэ гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Мөн “зөгнөл”-өө хамгаалах хэд хэдэн үндэслэлийг ч хэлж байгаа.

Эдгээр үндэслэлийн эхэнд геополитикийн эрсдэл эрэмбэлэгдэж байна. Исламын улс бүлэглэл, Их Британийн “салан тусгаарлалт” зэрэг томоохон эрсдэл дэлхийн хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэг алтны үнийг өсгөх төлөвтэй. 

Мөн улам бүр удааширч буй манай гарагийн эдийн засгийн өсөлт алтны үнийг өдөөнө. Дэлхийн эдийн засаг сулрах тусам алтны ханш чангардаг зүй тогтол бий. Сонирхолтой нь, эдгээр эрсдэл дунд алдарт тэрбумтан Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болох, эсэх нь хүртэл багтчихсан байгаа. Ингээд бодохоор алтны ханшийг өдөөх хүчин зүйл мундахгүй. Өөрөөр хэлбэл, энэ онд алт биднээс лав л нүүр буруулахгүй нь.

Тэгвэл ирэх онуудад шар металлын ханшийн мурий хааш чиглэх бол. Үүнийг он цагийн дарааллаар хүргэе. Үүнээс урьтаад, энэ оны эхний хагаст алтны ханш гэнэт цойлж, огцом өссөнийг уншигч танд эргэн сануулъя.

Шинжээчдийн дийлэнх нь 2016 оны эхэн үед алтны үнэ 1,100-1,200 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байв. Гэтэл үнэ гэнэт өсөж, 1,300 ам.долларыг давсан байна. Харин энэ болон ирэх улиралд өнөөгийн үнээс өсөх төлөв давамгайлж байна. Зарим шинжээч оны хоёрдугаар хагаст шар металлын ханш 1,400 ам.долларт хүрнэ гэж таамаглав. Бас үүнээс 100 ам.долларын ахиу дүнг хэлэх экспертүүд ч байна.

Олон улсын санхүүгийн үйлчилгээний “Goldman Sachs” байгууллага энэ онд алтны ханш 1,300 эсвэл 1,280, үгүй бол 1,250 ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлэв. Харин “Commerzbank” үүнээс 50 ам.доллараар ахиу үнээр төсөөлсөн бол “Natixis’’-ийн төлөвөөр ирэх хоёр сарын хугацаанд алтны ханш 1,450 ам.долларт хүрэх аж.

Тэгвэл энэ онд ингэж гялалзаж буй алтны ханш ирэх онд улам ч чангарах таамаг байна. Шинжээчид алтны хувьд ирэх он ч ид шидийн жил байх болно гэж төсөөлж байгаа.

2017 онд алтны үнэ цойлж 2,400 ам.долларт хүрнэ. Улмаар 2018 онд 3,200, 2019 онд 4,000, 2020 онд 5,000 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, “Credit Suisse” болон “RBC Capital Market” ирэх онд 1,500, “ABN AMRO” 1450 ам.долларын үнийн “төлөг” буулгажээ.

Эдгээрийг нэгтгээд үзвэл энэ оны эхний хагаст итгэл алдаагүй алт ирэх жилүүдэд ч бидний олимпийн гол найдвар болох төлөвтэй. Монгол Улс энэ онд алтны салбараас 173 тэрбум төгрөг олохоор төсөвтөө суулгасан.

Ингэхдээ 23.6 тонн алтыг унцийг нь 1,156 ам.доллараар борлуулна гэж тооцсон. Тэгвэл шаргал металлын одоогийн үнэ нь төсөвт суулгаснаас даруй 200 ам.доллараар ахиу байна. Бас нэгэн өөдрөг мэдээ дуулгахад Монголбанкны алтны нөөц энэ оны эхний хагаст өмнөх оны үеэс 72 хувиар өсөж 6.5 тоннд хүрчээ.

Зураг