Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цолмон: Ерөнхийлөгч, эрх баригч намын дуэт түүх давтах гэж байна

ikon.mn
2016 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын ажилтнууд баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл өнөөдөр өдөр тараад байсан билээ. Чухам юу болсон талаар Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгоос тодрууллаа. 

-АТГ-ын ажилтнууд Н.Энхбаярыг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тарлаа. Юу болсон талаар та ярихгүй юу?

-Тэр мэдээлэл чинь бараг үнэн байсан байх. Нэлээн олуулаа мөрдөн байцаалт авна гэж орж ирсэн юм шиг байна билээ. 

Хамгийн инээдтэй нь юу гээч, тэд нар өмгөөлөгчийг чинь аваад ирлээ гэж орж ирсэн байгаа юм. Н.Энхбаярыг өмгөөлөхөө дөрвөн өмгөөлөгч илэрхийллээ гэсэн мэдээллийг бид сайтуудаас харсан. Тэгээд тэр өмгөөлөгч нарыг хүлээсэн. Өмгөөлүүлэх хүнтэйгээ ирж уулзах ёстой биз дээ. Гэтэл нэг нь ч ирээгүй. 

Харин өнөөдөр АТГ-ынхантай цуг нэг өмгөөлөгч хүүхэн ирсэн. Уг нь хуулиараа өмгөөлөгч нь тухайн өмгөөлүүлэх гэж байгаа хүнтэйгээ эхлээд уулзах ёстой баймаар. Гэтэл АТГ-ынхан өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрыг уулзах боломжоор хангаагүй. Дээр нь өмгөөлөгч гээд байгаа хүн нь АТГ-ынхантай нийлчихээд манай хүн рүү дайраад байсан. Өдөөд, дайраад, АТГ-ын бүдүүлэг ажилтан шиг авирлаж байсан. 

Тэгээд сүүлдээ “Та гарч бай. Та яг хэнийг өмгөөлж байгаа юм бэ. Намайг өмгөөлөх биш харин ч бүр саад болоод байна” гэхэд тоох ч үгүй байсан. 

Миний харж байгаагаар 2012 оноос хойш АТГ алхам тутамдаа хууль зөрчиж, Н.Энхбаярыг намнаж ирсэн. Үүнээс би ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр энэ бол хуулийн байгууллага биш юм байна гэж үзсэн. Яагаад гэвэл хууль, хяналтын байгууллага хамгийн түрүүнд өөрөө хуулиа чандлан сахих ёстой. Тэгж байж ард түмнээс та нар хуулиа сахь, мөрд гэж шаардах ёстой. АТГ гэж байгууллага юм уу, бүлэглэл юм уу би ойлгохоо болиод байна. 

-АТГ-ын ажилтнууд шууд дайраад ороод ирсэн хэрэг үү?

-Тийм, шууд дайраад ороод ирсэн. Тухайн хүн өмгөөлөгчтэйгөө уулзах, үйлчлүүлэх эсэхээ шийддэг. Гэтэл АТГ-ынхан нэг өмгөөлөгч олж ирээд шууд тулгаж байна. 

Нөгөө тулгасан өмгөөлөгч нь АТГ-ынхантай нийлээд Н.Энхбаяр руу дайрч байна. Намын байрны гадна манай намын гишүүд, дэмжигчид байсан. Сүүлд нь тэдний яриаг сонсож байхад баривчилж авч авах гэж л байсан юм билээ. 

-АТГ-ынхан намын байранд ирсэн зорилгоо юу гэж танилцуулсан бэ?

-Өмгөөлөгчийг чинь авчирч байна гэсэн. Гэхдээ яах гэж байгаа нь ойлгомжгүй, пижигнээд л ороод ирсэн.

Та сэжигтэн бөгөөд яллагдагч энэ тэр гэсэн бичиг өгөөд, нөгөө л нэг түрэмгий арга барилаараа хандаж байсан. Манайхан их олуулаа байсан болохоор яаж ч чадалгүй буцацгаасан байх. 

Нэг юманд миний инээд хүрээд байгаа юм. Тэд нар өөрсдийгөө хамгаалах гэж өмгөөлөгч авч орж ирсэн байх. Өөрсдөө хууль зөрчиж ажиллаж байгаа болохоор өөрсдөдөө өмгөөлөгч авч ирсэн хэрэг. 

-АТГ-аас гаргаж байгаа мэдээллээр Н.Энхбаярт удаа дараа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Гэвч Н.Энхбаяр нь АТГ-т ирэхгүй байгаа гэж байсан. Тэгэхээр хүчээр авч явах гэж байсан юм болов уу?

-Хэрвээ АТГ хуулийн дагуу ажилладаг байсан бол бид хуулиа дээр зэргээр хүндэтгэнэ. Хуулийг хэрэгжүүлдэг байгууллагаа ч хүндэтгэнэ. Даанч АТГ анхнаасаа хууль зөрчиж ажилласан. Энэ нь өөрсдийнх нь арга барил болчихсон юм шиг байгаа юм. 

Байнга хууль зөрчиж ажилладаг байгууллага Н.Энхбаярт урхи хийгээд байгаа байхгүй юу. 

Ийм дуулиан шуугианаас ард түмэн залхаж байна, сэтгүүлчид ч залхаж байна. Бид тайван амьдармаар байна. 
Н.Энхбаяр бид хоёр биднийг ингэж оролдох хэмжээний муу юм хийгээгүй. Улс орондоо муу юм хийгээгүй. 

-Танай намд хуульч, өмгөөлөгчид олон байдаг. Гэтэл Н.Энхбаяр “Намайг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байна” гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ? 

-Тийм ээ. Манай намд олон хуульч бий. 2012 онд манай өмгөөлөгчөөр ажилласан н.Оюунбилэг, хуульч С.Нарангэрэл гуай нарыг захиалгын шүүгч, прокурорууд хүн байна гэж тоож хараагүй. 

Ингэж хандаж байсан учраас манайхан залхаад “Н.Энхбаяр дарга аа бид нар таныг өмгөөллөө гэхэд захиалгын шүүгч, прокуроруудыг яаж ч чадахгүй. Бид таныг өмгөөлж чадахгүй, дахин хилс хэрэгт хийх нь хэцүү байна. Тийм болохоор та гаднаас өмгөөлөгч ав” гэсэн.

-Хуульчдынхаа зөвлөгөөг дагсан уу? 

-Тэгэлгүй яахав. Гэвч бидэнд “Энэ бол жинхэнэ улс төрийн хэрэг. Өөр хэрэг байсан бол хамаа алга. Төр засаг л шударга болж байж таны хэрэг нэг тийшээ шийдэгдэнэ” гэсэн.  

-АТГ-аас удаа дараа зарлан дуудах бичиг ирүүлээд байгаа. Үүнээс гадна өмгөөлөгч олдохгүй байна. 2012 онд болсон баривчилгаатай адилхан зүйл болох вий гэсэн болгоомжлол байна уу? 

-Ойлгомжтой шүү дээ. Яг л тийм зүйл болох гээд байна. АТГ-ынхан өөрсдлөө сценараа хийсэн. 

2012 онд Ерөнхийлөгч хэн байсан, төр засгийн эрх мэдэл хэнд байсан. Өнөөдөр хэн байна. Ерөнхийлөгч, эрх барьж байгаа намын дуэт өнөөдөр дахин гарч ирсэн байна. Өнөөдөр түүх дахин давтагдаж байна. 

Гол нь тэд нар яагаад Н.Энхбаярыг тайван байлгаж болдоггүй юм бол. 

Үүний хариулт сэтгэл зүйн нэгэн судалгаанаас харагдах шиг болсон. Юу гэхээр хэн нэгэнд муу юм хийсэн хүн нөгөө муулуулж, доромжлуулсан хүнээ улам их үзэн яддаг. Нэгэнт муу юм хийчихсэн хүн “Энэ өөрөө муу учраас би энийг хорлосон" гэсэн бодож тээж, нөгөө хүнээ муу гэдгийг өөртөө улам бүр итгүүлж байдаг юм билээ.

Харин муулуулж, доромжлуулсан хүнийнх нь сэтгэлд хар хор байхгүй учраас нөгөө этгээдийг уучлахад бэлэн байдаг. Н.Энхбаярт яагаад ингэж хандаад байна вэ гэдэг асуултын хариулт энэ болох байх.