Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарт 765 тэрбум төгрөг түгжигджээ

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 8 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын өмнө сонгуульд ялах сайхан ч сонгогчдын сэтгэлд нийцтэл ажиллаж чадах уу, үгүй юу гэдэг хүнд сорилтын дор ажлаа эхлүүлж байгаа.

Эдийн засаг нь нийтээрээ энэ нь өрхийн амьжиргаанд шууд нөлөөлж, төсвийн орлого тасалдан, вальютын ханш чангарч буй үед засаглах эрхийг олж авсан улс төрийн намын эн тэргүүнд хийх ажлын нэг бол хямралыг зогсоодоггүй юм гэхэд хяналтаасаа алдчихгүй торгоох явдал.

Хямралд өртөж, мөнгөний хомсдолд өртсөн салбарууд дундаас барилгын салбар хамгийн их анхаарал татаж байна. Учир нь 2016 оны эхний хагас жилийн байдлаар тус салбарт ойролцоогоор 20 мянга орчим орон сууц эзнээ хүлээж, 765 тэрбум төгрөг түгжигдээд байна гэсэн тойм мэдээ дуулдаж байгаа юм.

Эдийн засагчид барилгын салбарын зах зээлийн тэнцвэр алдагдсан. Буруутан нь эрх баригчдын алдаа бодлого шийдвэр гэж үздэг. 

Орон сууцны үнэ тэнгэрт хадсан түүхийг эргэн сануулахад Засгийн газар 2009-2011 онд орон сууцны эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Гэвч эрэлтийг дэмжихдээ нийлүүлэлтийн асуудалд анхаарлаа хандуулаагүй.

Олон жилийн турш хүлээгдэж байсан орон сууцны зах зээл төрийн оролцоотойгоор сая нэг урагшилмагц чаддаг, чаддаггүй олон компани барилгын салбарт борооны дараах мөөг шиг мэндэлсэн юм.

2005 онд улсын хэмжээнд Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг оруулаад барилгын материалын 40 гаруй үйлдвэр ажиллаж байсан бол 2009 он гэхэд энэ тоо 400 гаруйд хүрч байлаа.

2010-2011 онд арилжааны банкууд хүү багатай орон сууцны зээл олгож эхлэхэд барилгын материалын үнэ 20, газрын үнэ 30-40 хувиар тус тус нэмэгдэж байв. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл ямар ч эрх зүйн зохицуулалтгүй, замбараагүй, хяналтгүй байсны ашгийг ченжүүд ч хүртээд авсан. 

Мөн оны III, IV улиралд хэвлэл мэдээллээр юмны үнэ өснө гэсэн мэдээлэл ихээр цацаж, иргэдийн дунд орон сууцны үнэ өснө, төгрөгийн ханш унана гэсэн яриа түгж, үүнийг дагаад орон сууц худалдан авах эрэлт зохиомлоор нэмэгдсэнийг сануулахад илүүдэхгүй. Зохиомол үнэ тогтоохын тулд ийн мэдээлэл цацсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Юутай ч тухайн үе энэ мэдээлэлд хууртагдсан иргэд орон сууцыг олноор, бөөнөөр худалдан авч байсан тохиолдол ч цөөнгүй гарсан бөгөөд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар 2010 онд 8,782 гэрээ бүртгэсэн бол 2011 онд 14,111 гэрээ бүртгэсэн байдаг.

Зохиомол үнэ тогтоохын тулд ийн мэдээлэл цацсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 

Орон сууц руу ийн шуурсан шалтгаанаа иргэд мөнгөө инфляцаас хамгаалахын тулд үл хөдлөх хөрөнгөнд оруулж байна гэдгээр тайлбарлаж, ийн ойлгож, хүлээн авч байв.

Манай үл хөдлөх хөрөнгийн зах зээл ямар ч эрх зүйн зохицуулалтгүй, замбараагүй, хяналтгүй байсны ашгийг ченжүүд бас хүртсэн. Тэд орон сууц худалдан авч, цааш дамжуулан борлуулах, түрээслэх замаар энэ зах зээлд зохиомол ханшны хаанчлал тогтоосон юм.

Засгийн газар 2006 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярьж эхлэхтэй зэрэгцэн нэг метр квадрат нь 300-350 мянган төгрөг байсан орон сууцны үнэ 550-650 мянган төгрөг болж нэмэгдсэн байдаг.

Хожим 2010 онд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхлэхэд энэ үнэ 950 мянгад хүрсэн бол 2012 оны хавар 1.2 сая төгрөг болон нэмэгдэж, энэ оныхоо намар есдүгээр сард 2.5 сая төгрөгт хүрсэн байдаг.

Үүнээс хойш орон сууцны зах зээл царцаж өнөөдрийн хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулгараад байна. Монголбанкны статистик мэдээллээс харахад 2016 оны оны нэгдүгээр улирлын байдлаар барилгын салбарын 2,834 аж ахуй нэгжүүд арилжааны банкуудаас 1.525.1 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Үүнээс 291.04 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд багтсан байгаа нь жилийн өмнөх дүнгээс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Энэ нөхцөл байдал 2013 оноос эхлэлтэй бөгөөд энэ онд үнэмлэхгүй дээд хэмжээ тогтоогоод байна. 

Учир нь орон сууц худалдан авах чадвартай иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын 2015 оны зургаадугаар сарын сүүлчээр гаргасан судалгаагаар зөвхөн Улаанбаатарт 189 мянга 240, орон нутагт 16 мянга орчим айл өрх орон сууц худалдан авах бодит хэрэгцээ шаардлагатай байгаа.

Гэвч тэдний 31.2 хувь нь байр худалдан авах чадвартай байна. Харин 2020 он гэхэд орон сууцны хорооллын илүүдэл 16 мянгад хүрнэ гэж тэд тооцоолоод байгаа. Монгол барилгын салбарын энэ хямрал нийт эдийн засгаа хөлдөө чирэх вий гэсэн болгоомжлол хаа сайгүй төрөөд эхэлсэн. Барилгын салбар хямралаа хүлээн зөвшөөрч, үнийн хөөсөө задлах уу үгүй юу гэдэг асуудал өнөөдөр яригдах том сэдэв мөн. Энэ бүгдийг Засгийн газар хэрхэн зохицуулах вэ гэдэг нь нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Зураг