Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс эдийн засгийн шарталтаас гарах арга зам эрэлхийлж байна

Б.Барс
2016 оны 8 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн бизнес, санхүүгийн ертөнцөд нөлөө бүхий Английн “Financial Times" сонинд Рената Легиерскагийн бичсэн ийм гарчигтай нийтлэл хэвлэгджээ.

Сүүлийн таван жилд дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг Монгол шиг амссан улс хуруу дарам цөөн.

2011 онд өсөн дэвжиж буй Азийн зах зээлийг сонирхсон хөрөнгө оруулагч бүхний овоо хараанд орсон улс чухам Монгол байв.

Уг нь Олон улсын валютын сан (ОУВС) “Рио Тинто”-гийн удирдах аварга том зэс, алтны Оюутолгойн уурхайн төслийн хэрэгжилтээс үүдэн Монголын ДНБ тэр жил 17.5 хувиар өсч, 2016 он хүртэл жил тус бүр 14 хувиар тэлнэ гэж тооцоолж байсан билээ.

Уул уурхайн салбарын огцом өсөлт санхүүгийн үйлчилгээ, барилга зэрэг бусад хэд хэдэн салбарын өсөлтийг өдөөсөн юм.

2012 он гэхэд Улаанбаатарт тэнгэр баганадсан барилгууд олноор баригдан гадаадын бизнесменүүд олноор хурах хот болсон байлаа. Тэр үеийн уур амьсгалыг хэт их согтууралттай зүйрлэж болохуйц.

Гэвч дэлхийн эрдэс баялгийн үнэ хурдацтайгаар унаж, Монголын түүхий эдийн 90 гаруй хувийг худалдан авдаг Хятадын эрэлт хэрэгцээ буурснаар бүх зүйл орвонгоороо эргэжээ.

2011 онд өсөн дэвжиж буй Азийн зах зээлийг сонирхсон хөрөнгө оруулагч бүхний овоо хараанд орсон улс чухам Монгол байв.

Үүнээс гадна Монголын удирдагчид хэд хэдэн уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ, олборлолтын лицензийг эргэн харж хүчингүй болгосноор, гадаадын олон компанийг тус улсаас дайжихад хүргэн нэвтрэх гэж байсан олон улсын бусад компаниудыг үргээсэн юм.

Иймээс ч 2012 онд 4.45 тэрбум ам.долларт хүрч байсан Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны дүнгээр ердөө 121.5 сая ам.долларт хүртэл огцом буурсан байна. Энэ оны эхээр Дэлхийн банк Монголын эдийн засгийг 2016 онд ердөө 0.8 хувиар өснө хэмээн өмнөх урьдчилсан тооцоогоо ч бууруулсан юм.

Уул уурхайгаас орж ирэхээр тооцоолсон асар их мөнгөний урсгал биелэгдэхгүй нь тодорхой болоход тус улсын Засгийн газар мөнгө зээлэхээс өөр аргагүйд хүрчээ. Тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдцын хүлээлт өндөр байсан үед зээл авах хялбар байсан нь мэдээж.

Монголын Засгийн газар 2012 онд “Чингис” нэртэй 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан юм. Санал болгосон хэмжээнээс арав дахин илүү эрэлттэй байсан тус бондоор босгосон хөрөнгийг Засгийн газар улс орныхоо хурдацтай хөгжил цэцэглэлтэд түлхэц болох дэд бүтцийн амбицтай төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулжээ.

Гэвч Засгийн газрын орлого буурч, төлөх ёстой зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэнээр тус улс урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд зээл үргэлжлүүлэн авахад хүрсэн юм. 2012 онд 11.7 тэрбум ам.доллар байсан Монгол Улсын болон хувийн хэвшлийн өр 2015 онд 22.6 тэрбум ам.доллар хүртэл хоёр дахин өссөн байна. Иймээс ч өнөөг хүртэл тус улс дефолт зарлан дампуурах эсвэл Олон улсын валютын сангаас авралын тусламж авахаас өөр замгүй гэх яриа намжихгүй байгаа юм.

Ард түмний Засгийн газарт итгэх итгэл алдарсны улмаас Ардчилсан нам парламентын өнгөрсөн сонгуулиар МАН-д хол зөрүүтэй ялагдсан билээ.

Сонгууль өндөрлөж, шинэ удирдлага гарч ирсэн нь хөрөнгө оруулагчдад бага боловч итгэл найдвар төрүүлж байна. 2014-2015 онуудад Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар томилогдоод эдийн засгийг тогтворжуулан санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхээ амлаад буй.

Ж.Эрдэнэбатыг “Рио Тинто”-той удаан хугацаанд сунжирч Оюутолгойн төслийг гацаасан маргааныг зохицуулж зогсоосон хүний нэг гэдэг. Хэрэв Оюутолгойн далд уурхай төлөвлөсөн ёсоор 2019 он гэхэд ажиллаж эхэлбэл Монголын ДНБ-ий 30 гаруй хувийг дангаар бүрдүүлэх юм.

Хэдийгээр шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн ч дотоод болон гадаадын олон хүндрэлтэй тулгарах төлөвтэй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн зөвшөөрөөгүй. Шинэ Засгийн газарт Ц.Дашдорж уул уурхайн салбар, Б.Чойжилсүрэн Монголын санхүүг удирдах эсэх дээр зөрчил үүсчээ.

Ерөнхийлөгч хэзээнээс парламентын гишүүд сайдад томилогдохыг эсэргүүцсээр ирсэн ч үүнийг хориглосон хууль байдаггүй аж. Иймэрхүү зөрчил гарч эхэлсэн нь түгшүүр төрүүлж байгаа нь мэдээж. Учир нь эдийн засгаа дахин сэргээхийн тулд Монголд хүчтэй нэгдмэл удирдлага зөвшилцсөн уялдаа холбоотой ухаалаг бодлого чухал.

Монголын Засгийн газар 2012 онд “Чингис” нэртэй 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан.

Дотоодын хүндрэлээс гадна Монгол Улс бүс нутагт нь өрнөж буй онцгой чухал түүхэн өөрчлөлтүүдтэй тулгарч, ирээдүй нь Орос, Хятад гэх эдийн засгийн гол хоёр түнштэйгээ хэрхэн харилцахаас хамаарах болжээ.

Хөрш зэргэлдээ гурван улс хил дамнасан худалдааг дэмжин тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх стратегийн гэрээ байгуулж эхэлсэн бөгөөд сүүлийнхийг өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд Ц.Элбэгдорж, Оросын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын дарга Си Зиньпин нар Ташкентэд үзэглэсэн юм.

Гурван орны хооронд худалдааны коридор үүсгэх тухай дараагийн шатны уулзалт ирэх намар Монголд болно. Өнөөг хүртэл гурван талт хамтын ажиллагаа орон тус бүрийн өөр өөрийн бодлого буюу Хятадын Нэг бүс, нэг замын санаачилга, Оросын Евразийн бүсийн хөгжил болон Монголын Талын замын төслөөр төсөөлөгдөж иржээ.

Гэвч энэ гурваас хамгийн эмзэг, сул түнш болох Монгол Улс илүү хүчирхэг хөршүүдийнхээ дарамт шахалтыг эсэргүүцэж чадахгүйд хүрч болох талтай. Үүний анхны илрэл гэвэл, зургаадугаар сарын 23-ны уулзалтаар В.Путин Монголын талаас нэг тэрбум ам.долларын Эгийн голын усан цахилгаан станцын томоохон төслийг зогсоохыг хүссэн явдал байлаа. Энэ төслөөр Орост оршдог дэлхийн хамгийн гүн цэнгэг устай нуур болох Байгальд цутгадаг Сэлэнгэ мөрөнд нийлдэг Эгийн гол дээр далан барихаар төлөвлөжээ.

Тэгвэл өдгөө Эгийн голын төслийн хэрэгжилт түр зогсоход хүрчээ. Учир нь, тус төслийг санхүүжүүлэгч Хятадын Экспорт, импортын банк Оростой зөвшилцөх хүргэл хөрөнгө оруулалтаа царцаасан байна. Москва тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилж байгаа гэдэг ч Улаанбаатар Монголд их хэмжээний эрчим хүч нийлүүлдэг Оросын энэ алхам улс төрийн болон эдийн засгийн агуулгатай хэмээн сэрэмжилж байна.

Төслийн хувь заяа яаж шийдвэрлэгдэхээс үл хамааран энэ нь Монгол Улс болон түүний хүчирхэг хоёр хөршийн ирээдүйн хамтын ажиллагааны төлөв байдлыг тодорхойлж өгөх биз ээ.

Хэдэн жил савласны эцэст Монгол Улс хөрөнгө оруулалтын хязгаараа тэлэх гэж шаналан зовж байна. Бэлэн мөнгөний хомсдолд орж хөрөнгө оруулалтаар цангасан тус улсын Засгийн газар гадаадын гол түншүүдтэйгээ харилцаагаа сайжруулан хөрөнгө оруулагчдын өмнө нэр хүндээ сэргээхийг эрмэлзэх болжээ.

Монголын эдийн засаг сэргэх эсэх нь тус улсын Засгийн газар нарийн ярвигтай гэрээнүүд дээр хэлэлцээ хийх чадвартай байхаас шууд хамаарна. Тус улсын өмнөх олон алдаа яарч гаргасан хөнгөн хуумгай шийдвэр, өөрийн зах зээлийн үнэлгээгээ буруу тооцоолсноос үүдэж байсан гэлтэй.

Шинэ Засгийн газар урт хугацааны стратеги боловсруулан оновчтой, нарийн тооцоотой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай нь тодорхой. Тус Засгийн газрын давуу тал гэвэл өмнө нь хаана, юун дээр алдаа гарсныг харах боломжтойд оршино. Иймд, Монголын удирдагчид өмнөх алдаануудаасаа сургамж авна гэдэгт найднам.

Зураг