Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эмзэг эдийн засгийн сул өсөлт

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 27
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

...Эмзэг. Тун эмзэг байгаа аж, манай дэлхий. Хоног хүрэхтэй хугацаанд дэлхийн эдийн засгийн төлөвийг уралдан танасан судалгааны хоёр ч байгууллага ийн дүгнэж байна.

Улиран одсон долоо хоногт урьдаад Олон улсын валютын сан, удаад нь Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийн таамгаа “тайрсан”. Энэ үеэр дэлхийн эдийн засаг тун хөндүүр байгааг ээлжлэн сануулж, зэрэгцэн анхааруулав. Муу нүүрт бичин жил биднээс нүүр буруулж, цэнхэр гараг даяар удаашралтай нүүр тулж буйг үүнээс харж болохоор байна.

Жилийн тал нь талийсан долоодугаар cap. Оны өнгө ерөнхийдөө тодроод ирдэг үе. Энэ дагуу дэлхийн эдийн засгийн бүүдгэр өнгө тодорч, бүдэг тоонууд ч тодорхой болж байна. Манай эдийн засгийн үзүүлэлтүүд ч эхнээсээ ил боллоо.

Монголын эдийн засгийн зургаан сарын өөрчлөлтийг Улсын долоо хоногт танилцуулсан. Энэ үеэр ДНБ-ий дүнг түр хойшлуулж, ирэх сард танилцуулна хэмээн тус газраас мэдээлэв. Үүнээс урьдаж, өнгөрсөн хагасын ДНБ-ий өөрчлөлтийг “хэмжиж”, таамаглах гээд үзье.

Шинэ оны босгон дээр манай эдийн засгийн өсөлтийн таамаг тодорсон. Олон улсын байгууллагууд Монгол Улсын ДНБ энэ онд нэгээс доош хувиар тэлнэ гэсэн “төлөг” буулгав.

Тодруулбал, Азийн хөгжлийн банк 0.1, Дэлхийн банк 0.8, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс 0.5 хувиар төсөөлжээ. Харин Сангийн яам, Монголбанк 3-4 хувийн өсөлт зурагласан юм.

Монголын эдийн засаг энэ оны эхний улиралд 3.1 хувиар өссөн. Энэ нь сүүлийн жилүүдийн өндөр өсөлттэй харьцуулахад сайнгүй дүн. Гэхдээ олон улсын байгууллагуудын “айдас” төрүүлэм таамагтай харьцуулахад муугүй өсөлт. Харин энэ өсөлтөөс хойших гурван сард Монголын эдийн засагт ямар өөрчлөлт өрнөв? Асуултын хариултыг шинжээчид хэдийн олж, өсөлтийн баримжаа тоог тооцоод эхэлжээ.

Эдийн засагчид ДНБ-ий өсөлт нэгдүгээр улирлынхаас түргэссэн, эсэхэд харилцан адилгүй хариулт өгч байна. Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг 10 хувь давсан өсөлт үзүүлэхгүй гэдэгт хуваагдмал шинжээчид санал нэгдлээ. Үүний шалтгаан нь нийтлэлийн эхэнд өгүүлсэн дэлхийн эмзэг эдийн засаг.

Танагдсаар буй даян дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өдгөө гурван хувьд хүрчихээд байгаа. Эх дэлхий ийм өсөлттэй байхад Монгол Улс ганцаараа “цоорч”, товойхгүй нь тодорхой гэж шинжээчид үзэж байна. Харин нэгдүгээр улирлын өсөлтөөсөө ухарсан, эсэхэд ялгаатай байр суурь илэрхийлэв.

Эдийн засагчид ДНБ-ий өсөлт нэгдүгээр улирлынхаас түргэссэн, эсэхэд харилцан адилгүй хариулт өгч байна. 

Тухайлбал, зарим шинжээч түргэссэн гэж үзэж байна. Учир нь “муугүй” хэмээгдсэн 3.1 хувийн өсөлт өвөл бий болсныг санаарай.

Уул уурхай, барилга, үйлдвэрлэл бүгд “хөлддөг” өвлийн улиралд эдийн засаг маань ийн тэлжээ. Харин амьтай бүхэн сэргэж, үйлдвэрлэл эрчээ авдаг хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт эрчимжсэн гэж зарим судлаач үзэж байна.

Мөн үүнийгээ батлахын тулд хэд хэдэн шалтгаан ч тоочив. Энэ оны зургаадугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт болон хадгаламжийн хэмжээ өссөн. Мөн гадаад худалдааны нөхцөлийн үзүүлэлтүүд сэргэжээ. Үүнээс гадна “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт жигдэрч, санхүүжилт нь байршиж эхэлсэн.

“Эдийн засгийн идэвх сэргэсэн тул өсөлт нь эрчимжинэ. Эхний хагасын дүн нэгдүгээр улирлын өсөлтөөс буухгүй. Хоёрдугаар улирлын ДНБ-ий гүйцэтгэлийг өөдрөгөөр харж байна” гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, эдийн засагч Ч.Энхбаяр ярилаа.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайханы “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагаас эш татъя. “Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст гурав орчим хувьтай байхаар ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2015 оныхоос харьцангуй идэвхижсэн гэсэн үг. Хоёрдугаар улиралд уул уурхай, хөдөө аж ахуйн салбар өссөн.

Сонгууль, ASEM зэргээс үүдэн бүтээн байгуулалтын ажил нэлээд эрчимжлээ. Засгийн газрын зүгээс сонгуулийн өмнө бүтээн байгуулалтын бага-гүй ажил хийсэн нь эергээр нөлөөлнө. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гарц нэмэгдсэн. Иймд эдийн засгийн өсөлт муугүй байх болов уу” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ.

Макро эдийн засгийн өсөлтийг инфляцийн түвшинтэй холбон тайлбарлаж буй судлаач ч байна. Өдгөө нам дор түвшинд хадгалагдаж буй инфляцийн түвшин нь эдийн засгийн тусгал гэж үзэж буй.

Зургаадугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс 2.9 хувиар дээшилсэн.

Монголын эдийн засаг энэ оны эхний хагаст дунджаар 2.8 хувиар өснө гэж тэд тооцсон байна. 

Энэ түвшин дунд хугацаанд тогтвортой хадгалагдана гэж Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд дурджээ.

Инфляци ийн нам дор бөгөөд тогтвортой байгаа нь эдийн засгийн идэвхжил сул буйн илрэл гэж ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин дүгнэж байна.

Энэ оны эхний хагасын эдийн засгийн өсөлтийг статистикийн байгууллага танилцуулахаас өмнө “Bloomberg’’-ийн шинжээчид өөрсдийн таамгаа дэвшүүлжээ. Монголын эдийн засаг энэ оны эхний хагаст дунджаар 2.8 хувиар өснө гэж тэд тооцсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.2, нэгдүгээр улиралтай харьцуулахад 0.3 хувиар саарсан дүн.

Үүний шалтгааныг эдийн засгийн идэвхжил бүхэлдээ буурч, ажилгүйдлийн түвшин өссөнтэй холбон тайлбарлажээ. Мөн төгрөгийн ханш суларч, төсвийн алдагдал, өрийн дарамт өссөнийг дурдсан. Харин энэ оны эцэст эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрэх төлөвтэй гэж “Bloomberg’’-ийн судалгаанд оролцсон шинжээчид таамаглажээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, стратегийн түвшний хамтын ажиллагаа нь урт хугацаанд макро эдийн засагт эергээр нөлөөлөх хүлээлттэй байна.

Энэ бүх байр суурь, таамаг, төлөвийг тоймлон үзвэл оны эхний хагасын эдийн засгийн өсөлт бага зэрэг саарах, эсвэл үл ялиг эрчимжих төлөвтэй. Бас бүх таамгийг нэгтгэн үзвэл ДНБ-ий өсөлтийн барагцаа тоо уншигч таны санаанд ч бууж буй биз ээ.

Зураг