Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн бараалхав

President.mn
2016 оны 7 сарын 14
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн өнөөдөр бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнийг Монгол оронд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилон саатахыг урилаа.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалтыг эх орондоо хүлээн авч буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийллээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын талын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгад Сингапур Улсын дэмжлэгийг авч хамтран ажиллах асуудлыг хөндөж, харилцан бие биеэ дэмжих болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцов.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр энэ удаа АСЕМ-ийн 20 жилийн ой, дээд хэмжээний 11 дэх уулзалт Улаанбаатарт болж байгаа бол 800 жилийн тэртээ Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн төлөөлөл учран уулзаж байсныг сонирхуулж, торгоны зам, морин өртөөгөөр хоёр тивийн төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж байсан гэлээ.

Морин өртөө нь орчин цагийн ойлголтоор бол мессежийн үүрэг гүйцэтгэж, 30 км тутамд шинэ улаач, шинэ морь хүлээж байдаг байсныг эрхэм зочинд сонирхуулан яриад найман зууны дараа хоёр тивийн төлөөлөгчид Монголд дахин уулзаж байгаад бэлгэшээж буйгаа илэрхийлэв.

Гэрэл зургуудийг Б.Бямба-Очир/mpa.mn