Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ парламентын СОДОН агшнууд

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Шинээр байгуулагдсан парламентын гишүүд өчигдөр тангараа өргөж, анхдугаар чуулганаа хийлээ. Энэ удаагийн УИХ 2000 оноос хойш бүрэн бүрэлдэхүүнээ тангараг өргөсөн анхны парламент болов. 

Гишүүд тангаргаа өргөх үеэр чуулганы танхимд өрнөсөн анхаарал татам агшнуудыг хүргэж байна. 

Энгийн хөсгөөр ордонд ирж, тангараг өргөсөн анхны гишүүн  

 

Ордны үйлчилгээний албаныхан толгой өвтгөсөн нэг асуудалтай болсон нь С.Жавхлан гишүүний “тээврийн хэрэгсэл”. 

Өрсөлдөгчдөөсөө илт давуу санал аван, Их хурлын танхимд суух цорын ганц бие даагч болсон С.Жавхлан 99 морьтон дагуулан Төрийн ордонд “залрав”. Түүний “тээврийн хэрэгсэл”-д зориулсан зогсоол Төрийн ордны хашаанд байхгүй учир иймэрхүү байдлаар унаагаа сойгоод орхижээ. 

Эрхэм гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд энэ төрлийн энгийн хөсөг ашиглавал түүний унаанд зориулсан зогсоол бэлдэхээс аргагүй болох биз. 

Ахын сургаал алт

УИХ-д хамгийн олон буюу долоо дахь удаагаа сонгогдсон Ц.Нямдорж гишүүн шинэ залуу үеэ тун ч дотно хүлээж авч байгаа харагдсан. 

Тулхтай, намдаа нөлөө бүхий ахаараа энгэрийн тэмдгээ зүүлгэж, духаа үнэрлүүлнэ гэдэг “шинэков”-уудад том завшаан болсон биз. 

"Анхны харц" 

 

Ангийн охиндоо харц унагаж буй хүү шиг хэмээн “өхөөрдүүлсэн” эрхэм гишүүн Ж.Ганбаатарын фото агшин.

Дөрвөн жилийн турш тохой нийлүүлэн суух Г.Мөнхцэцэг гишүүнийг ойроос, тухтай гэгч нь сонжоод авсан биз ээ. 

Болно доо болно  

 

Ангийнхнаасаа гэрэвшисхийн, дэвтрээрээ нэг цүнхэлж, нэг гаргаж суугаа А.Сүхбат аваргын энэ агшин цахим ертөнцөд од болоод буй.   

Зүлэг ногоон дэвжээг эзэгнэдэг хүчит аварга ч гэлээ одоохондоо улс төрийн дэвжээнд яалт ч үгүй бяр дутаж буй нь гарцаагүй. Гэсэн ч гишүүний тангаргаа өргөөд, дэвтрээ цүнхлээд авсан байхад болно доо болно аварга минь.