Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙХ ВЭ?

Ч.Болортуяа
2016 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргаж УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлон зарлав.

Анхдугаар чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм.

Ц.Элбэгдорж "Наадмаас өмнө, ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ долоодугаар сардаа багтаад УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой. 

Тэгээд наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно. Одоо сонгууль дууссан, ажлаа хийх цаг болсон" гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ ярьсан билээ. 

Үүнээс үзвэл шинэ УИХ, Засгийн газар наймдугаар сарын 1-нээс өмнө шийдэгдэх болоод байна. 

Юуны түрүүнд буюу ирэх долоо хоногт УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилох шаардлагатайг Ерөнхийлөгч онцолжээ. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЛЭЭР УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайдад МАН-ын генсек асан У.Хүрэлсүх нар яригдаж байна. 

Бид зарим эх сурвалжийн өгсөн Засгийн газрын бүтцийн УРЬДЧИЛСАН таамгийг хүргэж байна. 

11-13 яам, дэд сайдтай, 4 бодлогын яам нь давхар дээл бусад нь дан байх хувилбар мөн яригдаж байна.

  1.  УИХ-ын дарга - М.Энхболд/Н.Энхболд
  2. Ерөнхий сайд -У.Хүрэлсүх/М.Энхболд
  3. Шадар сайд -  У.Хүрэлсүх
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар - Ж.Мөнхбат
  5.  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам - Б.Саранчимэг
  6. Гадаад хэргийн яам - Д.Цогтбаатар/Г.Занданшатар
  7. Сангийн яам - Ч.Хүрэлбаатар/Б.Чойжилсүрэн
  8. Хууль зүйн яам - Ц.Нямдорж
  9. Аж үйлдвэрийн яам - ... 
  10. Батлан хамгаалахын яам- Ж.Энхбаяр
  11. Барилга, хот байгуулалтын яам - О.Одбаяр /Алтай холдинг/
  12. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - Ё.Отгонбаяр
  13. Зам, тээврийн яам - Л.Энх-Амгалан
  14. Уул уурхайн яам - Ц.Даваасүрэн 
  15. Хөдөлмөрийн яам - ... 
  16. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам - ... 
  17. Хүнс, хөдөө аж ахуйн яам - ...
  18. Эрчим хүчний яам - А.Тлейхан
  19. Эрүүл мэнд, спортын яам - Ж.Цолмон нар яригдаж байна. 


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН яамдын тоог нэлээд цөөрүүлэх сурагтай байна. Ингэснээр тэд нийлүүлсэн яамд дээр асуудал хариуцсан дэд сайд нарын суудал гаргаж ирэх мэдээлэл байна. 

Мөн энэ удаагийн сонгуульд Ардын Нам залуучуудыг зоригтойгоор дэвшүүлж тэд амжилттай сонгогдож чадсан. Тиймээс ч залуучууддаа итгэл хүлээлгэн нийгэмд хаягдаад буй залуучуудын асуудал эрхэлсэн тусгай яам хүртэл байгуулах тухай яригдаж байна. Хэрвээ залуучуудын асуудал эрхэлсэн яам байгуулбал  Г.Тэмүүлэн, Б.Баттүшиг, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр яригдаж байгаа юм. 

Түүнчлэн хэрэв МАН яамдуудыг багасгаж улмаар дэд сайдын албан тушаалыг эргэн гаргаж ирвэл үүндээ түлхүү залуусын төлөөллөө сонгох төлөвтэй байгааг эх сурвалжууд хэлж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.