Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний нийгмийн байгууллагууд СОНГУУЛЬД ХИЙСЭН АЖИГЛАЛТЫН дүнгээ танилцууллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 7 сарын 1
www.ikon.mn
Зураг зураг

Нээлттэй Нийгэм Форумын байранд 2016 оны сонгуулийн явцад иргэний нийгмийн байгууллагууд ажиглалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал болж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 202 ажиглагч 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон техникийн тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, тооллогыг хийх үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьжээ.

Энэхүү үйл ажиллагааг Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Өөрчлөлтийн салхи зэрэг залуучуудын төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн үйл явцад зөрчил будлиан гарахаас сэргийлж шударга зохион байгуулахад хувь нэмрээ оруулах зорилготой байв.

Ажиглалтын талаар “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Золзаяа танилцуулга хийлээ.

Түүний танилцуулгаас онцлох мэдээллийг багцлан хүргэе.

Санал авах байр, орчин

  • Хэд хэдэн хэсгийн хороо санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойр зайтай байрлуулснаас саналын нууцлал алдагдах эрсдэлтэй нөхцөл бий болгосон.
  • Тэргэнцэртэй иргэдийн зорчих налуу замыг хэсгийн хороодын 72% нь урьдчилан бэлтгээгүй байв.
  • Хэсгийн хороодын 20% нь ТББ-ын ажиглагчдыг санал авах үйл явцыг саадгүй ажиглах боломжтой суудлаар хангаагүй.
  • Ажиглалт хийсэн нэг хэсгийн хороон дээр согтуу сонгогчид бөөн бөөнөөрөө ирж санал өгөх явдал ажиглагдсан ба цагдаагийн хамгаалалт ойр байгаагүй.

Санал хураах үйл явц:

Ажиглалтад хамрагдсан хэсгийн хороод дээр санал хураах үйл явц ерөнхийдөө хуульд заасан дагуу хэвийн явагдсан. Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас үүдсэн зарим хүндрэл ажиглагджээ.

Үүнд: Сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх ойлголтгүй байснаас үүдэн ажиглалт хийсэн 100 гаруй хэсгийн хороод дээр 2,000 гаруй саналын хуудас хүчингүй болсон, 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад асуудал үүссэн байна. Үүний улмаас сонгогчийн саналын нууцлал алдагдах тохиолдлууд гарчээ.

Мөн сонгогчид санал өгөх хэсгийн хороогоо андуурсан тохиолдлууд нэлээд гарчээ.

Санал тоолох төхөөрөмж болон хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаа:

Ажиглагчдаас ирүүлсэн мэдээллээс үзвэл хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатй холбоотой хүндрэлүүд тэмдэглэгдээгүй байна. Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж иргэний үнэмлэхний мэдээлэлтэй тулгаж нягталж байсан гэсэн бөгөөд зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна.

Санал тоолох үйл явц:

Санал тоолох үйл явцыг төрийн бус байгууллагын 101 ажиглагч биечлэн ажигласан бөгөөд ажиглагчдын 86% санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байсан гэж дүгнэжээ. Ажиглагчдын мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна.

Техникийн тооллого:

Төрийн бус байгууллагын ажиглалтыг зохион байгуулах багийн төлөөлөл 8 дүүргийн техникийн тооллого явагдах хэсгийн хороодыг сугалах ажиллагаанд хөндлөгийн ажиглалт хийж оролцжээ.

Ажиглалтад хамрагдсан 101 хэсгийн хорооноос 23 хэсгийн хороо сугалаагаар сонгогдсон байна. Ажиглагчдын мэдээллээс үзэхэд техникийн тооллого явагдах үйл явц ажиглагчдад 100 хувь нээлттэй явагдсан ба СЕХ-оос баталсан журмын дагуу явагджээ.

Техник тооллого саналт хураалт дууссанаас хойш дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба 4-8 цаг үргэлжилжээ.