Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Чөлөөт хэвлэлийн буянаар хүүгээ оффшор компани байгуулж байсныг мэдсэн

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Улаанбаатар хотыг хөрсний бохирдол, утаанаас салгах арга бол гэр хорооллыг барилгажуулах явдал. Өнгөрөгч даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан. 

Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд өөрийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд нь зориулж 10 сая хүртэлх төгрөгийн 5 хувийн хүүтэй зээлийг олгоно. 200 мянга гаруй хашаатай айлуудаас эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолтой хэсэгт амьдарч байгаа 69,200 өрхийг хөтөлбөрт хамруулна. Хэрэгжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэсэн.

Цаашид айлуудын хашаанд инженерийн дэд бүтцийг бий болгох ажил үе шаттайгаар үргэлжлэн хэрэгжинэ гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.

Зээл авах үндсэн шалгуур нь Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд нийцсэн байх. Өөрөөр хэлбэл нийслэлийн болон дүүргийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн дэд бүтцийг байгуулах гэв. 

Хашааны газрыг барьцаалж олгох тус зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна. Зээл авахад айлуудын өөрсдийнх нь санаачилга чухал гэдгийг онцлоод олон айл хөрш нийлж хөтөлбөрт хамрагдвал илүү оновчтой гэдгийг Засаг дарга хэллээ. 

"Сайн хашаа" хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх юм байна.

Тэрбээр мэдээллийн дараа хүү Б.Чулуудайгийнхаа нэр холбогдоод буй оффшор дансны талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

"Оффшор дансны талаар мэдээллийг уржигдар хэвлэл мэдээллээс авсан. Тэгээд хүү рүү утасдаж "Энэ юун оффшор вэ, ямар юм яриад байна аа" гэж асуусан. Хүү маань "2011 онд Монголд хөрөнгө оруулалт хийхийн тулд оффшор компани байгуулсан. Ер нь хөрөнгө оруулагч тал ийм шаардлага тавиад байдаг юм аа. Тухайн үед мөнгөн гүйлгээ хийлгүй тэр ажил зогссон" гэж надад тайлбарласан. 

Та нар мэднэ. Чулуудай бол гурван хүүхдийн аав. Биеэ даасан, өрх толгойлсон хүн. Бизнес эрхэлдэг. Чулуудайгийн хийж байгаа бизнесийн нарийн асуудлуудыг би мэдэхгүй. Зүгээр би хүүдээ хэлдэг "Юм хууль ёсны дагуу байх ёстой шүү" гэж. Тийм учраас Чулуудайгийн бизнес ил тод явдаг. Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулах юм явдаг ч Чулуудайгийн бизнес ил тод явсаар ирсэн. 

Ямар ч байсан чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор компани байгуулж байсныг мэдсэн. Ер нь бол оффшорын тухай асуудал гаргаж тавьж байгаа нь зөв зүйл. Энэ бол манай чөлөөт хэвлэлийн гүйцэтгэж байгаа нэг том үүрэг" гэв.