Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эндрью Вүдлэй: “Оюу толгой” аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр хошуучилж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” ХХК шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа. 2016 оны нэгдүгээр улиралд “Оюу толгой” ХХК аюулгүй ажиллагааны хувьд онцгой сайн байж, ноцтой гэмтэл, бэртэлгүй ажиллажээ.

Тайлант хугацааны 91 хоногийн 88 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажилласан байна. Гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.21 байгаа нь Рио Тинто болон дэлхийн ижил төстэй уул уурхайн компаниудын хэмжээнд хамгийн бага гэмтэл, бэртэл тохиолддог, аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэгт тооцогдох үзүүлэлт юм.

Нэг тонн хүдэр боловсруулахад 0.477 шоо метр ус ашигласан нь ижил төстэй уурхайд дунджаар 1.2 шоо метр ус ашиглаж буй үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй бага бөгөөд ус дахин ашиглалтын түвшин 84.5 хувь байжээ.

 “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Манай хамт олон 2016 оны эхний улиралд амжилттай ажиллаж, дэлхийд өрсөлдөхүйц, аюулгүй зэсийн уурхайг барьж байгуулж буйн нэг томоохон илрэл нь энэхүү Тойм мэдээ юм. Бид Рио Тинто болон дэлхийн ижил төстэй уул уурхайн компаниудын хэмжээнд аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр хошуучилж буйгаараа бахархаж байна. Салбарын хэмжээнд тулгарсан зах зээлийн хүнд хэцүү цаг үед “Оюу толгой”-н ажилтан, ажиллагсад бүтээмжээ дорвитой нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн нэгж, хэсэг бүрт ашигт ажиллагааг жигд сайжруулж буй нь чухал юм” гэж онцлон тэмдэглэлээ.

Тус компани 2016 оны нэгдүгээр улиралд 36 сая ам.доллар буюу 73.7 тэрбум төгрөгийн татвар, хураамж, бусад төлбөр төлж, үндэсний худалдан авалтад 59 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөг, үүнээс 11 сая ам.доллар буюу 22.5 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад зарцуулжээ.

Боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд 130,000 гаруй ам.доллар буюу 266 сая төгрөг, орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд 1.5 сая ам.доллар буюу гурван тэрбум гаруй төгрөг зарцуулаад байгаа хэмээн мэдээллээ.