Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн дархлаа сульдаж, гишүүдийн эрх хэтэрлээ

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тоймчийн үг 

Их сонгуулийн өмнөх улс төр, нийгмийн амьдрал хаврын хуйсагнасан тэнгэр шиг тогтуун тайван бус болсныг  өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлууд харууллаа.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч нэр дэвшихийг горьлогсод болон улс төрийн намуудын хэн нь юу хийж бүтээсэн, аль нь илүү мундаг нам,  хэн нь илүү хүчирхэг улстөрч болохыг таниулсан, сурталчилсан нийтлэл нэвтрүүлэг, ярилцлагууд хэдийнэ цацагдаж эхэлжээ. Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацааг УИХ-ын гишүүд өөрсдөө хуульчлан зааж өгдөг. Гэвч  үүнийгээ  улстөрчид хэрэгжүүлж, биелүүлж байсан нь үгүй.  

Хуульд заасан хугацаанаас өмнө ил далд сурталчилгаа явуулж,  хэн нэгнээ сайлж муулдаг нь манай улстөрд байдаг л  нэг  үзэгдэл болсон.  Боломжтой бүхий л сайн, муу үйл явдалд оролцож, олон нийтийн анхааралд өртөхийг оролддог. Харин энэ удаад УИХ-ын зарим гишүүд “Баянгол”-ын шалгалтад биечлэн оролцож,  халдашгүй эрхээрээ нөлөөлөхийг оролдсон нь Монгол төрийн, хууль хүчний байгууллагын дархлаанд халдсан явдал боллоо.

Монгол улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиар олгогдсон УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдэг бол  хэн дуртай гишүүний, хаа дуртай газраа ашигладаг “эрх” биш. Тэртусмаа УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны даргаасаа эхлээд “хэргийн газар” очиж, хэрэгт дурлах нь төрийн хүнд тэр дундаа  хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлж буй албан тушаалтны хувьд байж боломгүй үзэгдэл  юм.  УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга гэдэг бол жирийн нэг иргэн Ассашёрүю биш.  Хаана, хэзээ, яаж  очихыгоо мэддэг байх ёстой . 

Өнөөдөр манай Парламент найман байнгын хороотой, найман даргатай. Гэтэл “Баянгол”-ын хэрэг дээр гурван Байнгын хорооны дарга очжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Өргөдлийн байнгын хорооны дарга бөгөөд  Хууль зүйн байнгын хорооны гишүүний албан тушаалтай. Ийм өндөр албан тушаалтнууд хэргийн газарт очиж, өөрсдийгөө “хорионд” оруулж,  хэвлэл мэдээллийнхэнд сүржин мэдээлэл өгснөөрөө нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй байдал үүсгэхээ шахав. Харин ийм байдал, ийм нөхцөлд цагдаагийнхан хуулийн дагуу үүргээ сайн биелүүллээ.

УИХ нь гүйцэтгэх засаглалынхаа  ажлыг хийж,  төрийн эрх мэдлээр далайлган бизнесийн үйл ажиллагаанд оролцдог байсан бол  одоо бүр халдашгүй эрхээр хуягласан гишүүд нь хууль хяналтынхны ажилд хүртэл шууд нөлөөлдөг боллоо.   УИХ-ын тухай хуулийн  27.1.1-д зааснаар УИХ дахь Бүлэг нь УИХ-аар хэлэлцэж буй асуудлын хүрээнд л аливаа асуудалд оролцох эрх үүрэгтэй.

Гэтэл УИХ дахь намын бүлэг хуулиар хүлээсэн энэхүү эрх, үүргээсээ огт ангид хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй асуудлыг хэлэлцдэг, улстөрждөг болсон нь нэг бус удаа давтагдаад байна. Өнгөрсөн жил  БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг төмөр замын хэргээр баривчлахад УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан хэрэг явдлыг нь хэлэлцэж байлаа. Түүнийг баривчилсныг  АН дахь МоАХ фракцынхан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах хэмжээнд барьцаалж байсан нь энэ удаад  “Баянгол”-ын хэрэг дээр ч давтагдлаа.  

УИХ-ын гишүүний хувийн компанид хуулийн хүрээнд шалгалт хийсэн. Гэтэл үүнийх нь  төлөө ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах, үгүй бол Засгийн газраас МоАХ фракцийн төлөөлөл бүхий дөрвөн сайдыг татаж, Засгийн газрыг огцруулна хэмээн УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг мэдэгдэв.

Уг нь энэ Засгийн газар АН, “Шударга ёс” эвслийн Засгийн газар болохоос МоАХ гэх АН-ын нэг фракцийн байгуулсан Засгийн газар биш. Засгаас сайдаа татна гэдэг бол намын шийддэг асуудал болохоос аль нэг фракцийн хийдэг шантааж биш ээ.  Тэгээд ч ЦЕГ-ын дарга бол  Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд хийгддэг томилгоо. Энэ хүнийг АН-ын Засгийн газар  томилсны төлөө  УИХ дахь АН-ын хэн нэг гишүүнийг ЦЕГ-ын дарга нь хаацайлж, хамгаалах ёстой гэсэн үг биш билээ. Фракц, бүлэглэлийн энэ дарамт, шахалт үүгээр хоёр дахиа давтагдсан нь цаашид АН-ын дотоод зөрчил, фракц бүлэглэлийнх нь ноёрхол Монгол төрийн дархлаанд халдаж,  төрийн ажил үүргийг сулруулж, сульдуулж буйг харуулаад байна.  УИХ-ын гишүүн, түүний багийнхантай холбоотой хэргийг шалгасан, баривчилж саатуулсан, ялласан, шүүхээс ял өгсөн тохиолдол бүрт  улстөрийн хэлмэгдүүлэлт хэмээн зарлаж,  тухайн хууль хяналтын  байгууллагын дарга нарыг огцруулах асуудал хөндөгддөг байсан.

Тэр бүрт өнөөдрийнх шиг асуудал гардаггүй байлаа. Харин энэ удаад АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Энэ нь цаг хугацааны хувьд АТГ болон цагдаагийн байгууллагын хамтран шалгаж байгаа УИХ-ын гишүүний хувийн компани болон багийнхантай холбоотой их хэмжээний хөрөнгө мөнгөний хэргийг шалгаж буйтай таарсан нь тохиолдол биш болов уу. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад АТГ-ын дарга ийнхүү чөлөөлөгдсөн  нь их сонгуулийн өмнөх эрх баригчдын улстөржсөн цусгүй тулаанд өөрийгөө хамгаалж үлдэх ганц боломж нь хэмээн ажиглагчид үзэж буй. Өнөөдөр АТГ-ын дарга, маргааш ЦЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор ч   чөлөөлөгдөхийг үгүйсгэх аргагүй.  Өөрийн хүсэлтээр хэмээн өргөдөл гаргадаг ч үүний цаана УИХ дахь АН-ынхны дотоод зөрчил, нөлөө, дарамт шахалт, тохироо буй нь тодорхой.  

Энэ тохиолдолд тэднийг томилж, чөлөөлдөг эрх бүхий субьектүүд тэр дундаа УИХ хүсэлтийг нь ёсоор болгоод байвал Монголын төрд шударга, хараат бусаар ажиллах боломж байхгүй болно. УИХ, түүний халдашгүй эрхтэй гишүүд  цаашид энэ мэтчилэнгээр хууль сахиулах байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож, зааж зааварлаж, нөлөөлсөөр байвал ямар ч баатар, эх орончийг энэ албан тушаалд томилоод нэмэргүй. “Баянголын” үйл явдалтай холбогдуулан Улсын баатар Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Манай компаниуд, бизнесийнхэн төрийн эрх мэдэлтнүүдийн дарамтыг яаж тэвчээд байгааг нь би ойлгодоггүй. Цаашдаа төрд ажилладаг хүмүүс л  компани байгуулж,  бизнес хийх эрхтэй, бусад нь бизнес эрхэлж болохгүй гэдэг байдал газар авбал чөлөөт эдийн засаг үгүй болж,  түүгээр дамжаад ардчилал устана гэсэн үг” хэмээсэн нь төрийн эрх мэдэл, түүгээр дамжуулан  УИХ-ын гишүүдийн  хэмжээлшгүй эрх хэрээс хэтэрснийг хүлээн зөвшөөрөв.

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газар бүр  төрийн бүх шатанд “намын” томилгоо хийдэг. Тэрдундаа АТГ, ЦЕГ болон УЕП зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг томилохдоо нэр дэвшүүлсэн, томилсон Засгийн газар, Ерөнхийлөгчийг  шууд хамаатуулан “хувьчилж” улстөржүүлдэг болсон. Энэ нь  Монголын төрийн дархлаа, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй байна. Тиймээс цаашид УИХ нь хуулиа л тогтоодог, Засгийн газар нь хуулиа л хэрэгжүүлдэг, Ерөнхийлөгч нь ард түмнийхээ эв нэгдлийг сахих, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах тус тусын эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй бол УИХ гэдэг халдашгүй эрхтэй, дийлдэшгүй ганц байгууллага юм юманд оролцсоор байтал эх орон минь далан фракц бүлэглэлд хуваагдаж, төрийн дархлаа суларч, сульдаж гүйцэх нь. 

Эрх, үүрэг, хариуцлага гурав адил тэгш, нэг шугаманд үйлчилж байж нийгэмд  шударга ёс, ардчилал жинхэнэ утгаараа тогтдог. Харин өнөөдрийнх шиг УИХ-ын гишүүд нь  зөвхөн өөрсдийнхөө эрхийг нэмэгдүүлсээр байвал Монголд эргээд дарангуйллыг тогтолцоог бий болно.  

УИХ-ын гишүүд бол  ард түмний төлөөлөл болохоос тахин шүтэгдсэн бурхад, хуучин нийгмийн  УТТ биш. Тэд сонгууль дөхсөн энэ үед ард түмэнд хайр зарлан, хариуцлагын талаар том томоор ярьж байгаа. Гэтэл өөрсдийнхөө хэтэрсэн эрх мэдлийг багасгаж, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх талаар юу ярьж байгаа билээ. Парламентийн гишүүдийн эрх нь багасч, үүрэг хариуцлага нь нэмэгдсэн тохиолдолд төр хариуцлагатай болно. Ийм цаг удахгүй ирж магадгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын тухай хуулийг УИХ энэ өдрүүдэд хэлэлцэж буй нь цагаа олсон явдал болж буй. Тиймээс Хариуцлагын тухай хуулийг энэ Парламент баталж чадвал  бурхад мэт өөрсдийгөө үнэлсэн хэмжээлшгүй эрхтэй УИХ-ын гишүүдийг төрийн хэрэг, хувийн хэрэг хоёроо ялгаж чадах хариуцлагын тогтолцоог бий болгоно гэдэгт итгэж байна.