Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ноолуурын төлөв сөрөг байна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 4 сарын 18
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ноолуурын үнэ нүдэн дээр хувьсан өөрчлөгдөж байна. Цаашдаа ч тогтвортой бус байх хандлага давамгайлах бололтой. Экспортыг төрөлжүүлж, эдийн засгийг тэтгэх уг түүхий эдийн үнэ энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй хямд тогтов. 

Ноолуур гарах үеийн анхны үнэ тухайн жилийн ханшийг бараг л тодорхойлчихдог гэмтэй. Энэ жишгийн дагуу нэг килограмм ноолуур 60 мянган төгрөгөөс хэтэрсэнгүй. 

Тэгэхээр өнөө жилийн ноолуурын төлөв зарим малчны магнайнд үрчлээ суулгаж мэдэх нь. Хэт өндөр хүлээлттэй байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь 30 мянган төгрөгт хүрч байсан үетэй харьцуулахад хоёр дахин өндөр дүн юм.

Тиймээс одоогийн үнэ бол чамлахаар чанга атгах ханш.

Ноолуур гарах үеийн анхны үнэ тухайн жилийн ханшийг бараг л тодорхойлчихдог гэмтэй.

Хөдөө аж ахуйн бирж Пүрэв гарагт 5.1 тэрбум төгрөгийн ноолуур арилжлаа. Тус бирж дээрх боловсруулаагүй цайвар ноолуурын ханш нэг килограмм /кг/ нь 56 мянган төгрөг байсан бол бараан ноолуурынх 54.7 мянган төгрөгт хүрсэн. 

Энэ сараас ноолуурын нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь 5-7 мянган төгрөгөөр буурчээ. Харин сүүлийн өдрүүдэд ноолуурын ханш ялимгүй сэргэх төлөвтэй байна.

Өнгөрсөн сард нэг килограмм нь 63 мянган төгрөгтэй тэнцэж байсан ноолуурын ханш ойрын үед хэлбэлзэл ихтэй байгаа аж. “Эмээлт” түүхий эдийн зах дээр нэг кг ноолуурын дундаж үнэ энэ сарын 14-ний байдлаар 61 мянган төгрөгийн үнэтэй байв.

Одоогоор зүүн аймгуудын ноолуурын нийлүүлэлт хийгдээд эхэлжээ. Хэнтий, Дорнод аймгийн ноолуур хамгийн эхэлж ченж нарын гарт хүрсэн байна.

Харин Сүхбаатар, Дорноговь, Төв аймгийн малчид ямаагаа ид самнаж байгаа аж. Тиймээс ченж нар дээрх аймгуудыг удахгүй зорих нь.

Хөдөө аж ахуйн биржийн байнгын гишүүн болох Дорнод аймгийн “Хөвчийн тал” брокерын компанийн захирал Э.Доржрагчаатай утсаар холбогдлоо.

Тэрбээр “Манай аймагт ямаа самнах ажил үндсэндээ цэгцэрсэн. Бусад аймагтай харьцуулахад ноолуур эрт гардаг. Энэ утгаараа ноолуураа хамгийн эхэлж зах зээлд нийлүүлж ирсэн. Ноолуурын ханш энэ хавар тийм ч өндөр үнэд хүрч чадсангүй.

Нэг килограмм ноолуурын ханш манай аймагт 58-62 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Өнгөрсөн жил нэг килограмм ноолуур 71 мянган төгрөгт хүрсэн. Үүнтэй харьцуулахад хямд байлаа. Малчдын хувьд ноолуурын үнэ урьд жилүүдийнхээс буурахгүй байх гэсэн хүлээлт нэлээн байсан” хэмээн өгүүллээ. 

Харин Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт одоогоор ноолуур авч эхлээгүй байна. “Ноолуур энэ сарын сүүлчээр гарч эхэлнэ” хэмээн Завхан аймгийн “Бадар хундага Оргил” брокерын компаниас хариу өгөв. Баруун болон Хангай, Төвийн бүсэд ноолуурын нийлүүлэлт одоогоор хийгдээгүй байна. Зарим аймагт хаваржилт хүндэрсэн, цас их орсонтой холбоотойгоор ноолуурын нийлүүлэлт ирэх сартай золгох нь.

Ноолуурын ченж хэмээн өөрийгөө танилцуулсан М.Отгон “Ноолуурын ханш цаашид буурах төлөвтэй байна. Энэ жил ноолуурын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй доогуур ханштай байгаа. Нийлүүлэлт нэмэгдэх тусам үнэ унах эрсдэл үүсдэг. Ноолуурын гарааны үнэ тааруухан байна” гэв. Монголын ноос, ноолуурын холбооны зүгээс “Одоогийн ханш тогтвортой хадгалагдах боломжтой” хэмээн тодотгосон юм.

Ноолуур бэлтгэх ажил улс даяар өрнөж байна. Манай улс дэлхийн нийт ноолуурын үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг нийлүүлж, дөрөв хүрэхгүй хувийн ашиг хүртдэг гэхээр гонсойх сэтгэл төрнө. Өмнөд хөрш дэлхийн ноолуурын зах зээлийн 70 хувийг атгаж байна. Үлдсэн 10 хүрэхгүй хувийг нь Иран, Афганистан, Турк болон Төв Азийн орнууд хамжиж нийлүүлдэг.

Тэднээс хоёр дахин илүүг бид үйлдвэрлэж буй. Үүнийгээ “чулуу” болгох хэрэгцээ, шаардлага бий. Ноолуурын үнэ нэг талаас хямд байх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигтай ч малчдын хувьд төдийлөн сайн мэдээ биш. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний улиралд ноолуурын экспорт хэвийн түвшинд хадгалагджээ.

Ирэх улиралд ноолуурын нийлүүлэлт нэмэгдэж, экспортын хэмжээ өсөх хүлээлттэй байна. “Цагаан алт” хэмээн тодотгох ноолуур манай улсын валютын нөөцийг зузаатгах эрэлттэй түүхий эд гэж үздэг.

Дэлхийн зах зээлд эрэмбэ өндөртэй, экспортод жин дардаг уг түүхий эд малчин өрхийн орлогын гол эх үүсвэр.

Манай улс жилд долоон мянган тонн түүхий ноолуур үйлдвэрлэдэг. 

Манай улс жилд долоон мянган тонн түүхий ноолуур үйлдвэрлэдэг. Үүнийг найман мянгад хүргэхээр салбарын яам томьёолж буй.

“Монголын ноолуур чанар, ширхгийн хувьд дэлхийн аль ч зах зээлд гологдохгүй. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн” хэмээн Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу онцолж байна.

Бидний хувьд самнасан ноолуур экспортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөх, хөрш зэргэлдээ БНХАУ-аас тодрох шаардлага бий. Ингэснээр орлогын эх үүсвэр улам батжих юм. Энэ жилийн хувьд манай ноолуурын үнэ дэлхийн зах зээлийн ханшаас 2.2 дахин хямд байх нь. Малын буян их боловч дотоодын зах зээлд ноолуурын ханш дорвитой өсөх, эсэх нь бүрхэг байна.

Монгол Улсад том, жижиг нийлсэн 200 орчим ноолуур боловсруулах үйлдвэр, компани, цех ажиллаж буй. Эдгээр нь жилд дунджаар 550 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Зураг