Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд ашигтай шилжилт

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 29
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

-Хятад, Энэтхэг дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох нь Монгол Улсад ашигтай-

Америкийг Хятад, Хятадыг Энэтхэг гүйцнэ. Дэлхийн эдийн засгийн эрэмбэ ингэж өөрчлөгдөх аж.

Баримжаалбал, энэ зууны хагаст АНУ-ыг Хятад гүйцэж, зууны төгсгөлд манлайллаа Энэтхэгт алдана гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Монгол, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал Берт Хофман үзэж байна.

Бүтэн зууны турш ДНБ-ээрээ тэргүүлсэн АНУ манлайлагчийн байр сууриа алдаж, дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын байрлал хэтдээ өөрчлөгдөх нь ээ. Тэгвэл энэ шилжилт Монгол Улсад боломж хэмээн Дэлхийн банкнаас тодорхойлов. Учир нь, манай улс шинэ дэлхийн гол тоглогчидтой ойр оршдог. Тиймээс хэтдээ худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжийг улам ч нээх аж.

Ирэх таван жилд дэлхийн эдийн засаг дунджаар гурван хувиар тэлэх зураглал бууж байна. 

Тэгвэл алсын төлөвөөс ойрын таамагт шилжвэл ирэх таван жилд дээр өгүүлсэнтэй ижил томоохон шилжилт, өөрчлөлт дэлхийн эдийн засагт тохиохгүй гэж Дэлхийн банк тоймлож байна. Гэхдээ бөмбөрцгийн эдийн засаг бүхэлдээ тун эмзэг байх төлөвтэй.

Ирэх таван жилд дэлхийн эдийн засаг дунджаар гурван хувиар тэлэх зураглал бууж байна. Энэ өсөлтийг Ази тив тэргүүлнэ. Гэвч өсөлт саарна. Тэгвэл тив, дэлхийн өсөлт удааширсан энэ эмзэг үед Монголын эдийн засгийн байдал улам төвөгтэй болох төлөвтэйг ноён Берт Хофман анхааруулав.

2020 онд түүхий эдийн үнэ эргэн өснө гэж шинжээчид таамаглаж буй. Энэ нь уул уурхайд суурилсан Монгол Улсад сэргэлт авчирна.
Үүнээс гадна тэрбээр манай улсын гадаад худалдааг ч хөндсөн. Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улс гадаад худалдааныхаа нийт бараа эргэлтийн 62.3 хувийг БНХАУ-тай хийсэн талаар Төв банкнаас мэдээлэв. Тэгвэл Олон улсын валютын сангийн судалгаагаар манай улс нийт экспортын 95 хувийг зөвхөн урд хөрштэй хийдэг байна.

Өөрөөр хэлбэл, орлогын гол эх үүсвэр болох экспорт бараг бүхэлдээ ганц улсаас хамааралтай байна гэсэн үг. Тэгэхээр Монголын эдийн засгийн хэтийн болоод ойрын төлөв шууд БНХАУ-аас хамаарах нь. Тиймээс худалдааны гол түншдээ түшиглэн хөгжих нь зүйтэй.

Үүний тулд урд хөршийн эрэлтэд тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй байгааг Дэлхийн банкнаас чухалчиллаа. Тус банкны таамгаар Хятад, Энэтхэгт хотжилт, БНСУ, Японд насжилт тэлнэ. Тэгэхээр Хятад, Энэтхэгт барилга, бүтээн байгуулалт удаашрахгүй бөгөөд зэс, төмрийн хүдрийн хэрэгцээ ч огцом буурахгүй аж.

Бас БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүний чанар сүүлийн жилүүдэд сайжирчээ. Тус улс өндөр технологийн аж үйлдвэрийг цогцлоохоор зорьж буй.

Ингэснээр өдгөө технологийн зах зээл дэх Япон, БНСУ-ын нөлөөг хэтдээ БНХАУ эзэлнэ. Тухайлбал, автомашин зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх Хятадын жин тэлж, металлын эрэлт өсөх таатай төлөв байна.

Мөн Хятадын хүн амын орлого өсч, хэрэглээ тэлжээ. Тодруулбал, тус улсад сүүлийн жилүүдэд махны хэрэглээ мэдэгдэхүйц өссөн байна. Үүгээр зогсохгүй иргэдийнх нь хуримтлал зузаарсан. Тус улсын иргэд орлогынхоо дунджаар 30 хувийг хуримтлуулдаг гэсэн судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.

Тиймээс Монгол Улс орлого нь тэлж буй зах зээлд тохируулан үйлдвэрлэлээ хөгжүүлэх, тэр дундаа органик бүтээгдэхүүн болон мэдээллийн технологи хамгийн ирээдүйтэй үйлдвэрлэлд тооцогдож байна.

Уул уурхайн үнийн өсөлтийг даган Монголын ДНБ тэлнэ. 

“Уул уурхайн үнийн өсөлтийг даган Монголын ДНБ тэлнэ. Гэхдээ уул уурхай дагасан тэлэлт иргэдийн орлого, хөдөлмөр эрхлэлт зэрэг бодит өсөлтийг дангаараа бүтээж чадахгүй. Иймд олон тулгуурт эдийн засгийг цогцлоох, тууштай бодлого баримтлах хэрэгтэй” гэж Дэлхийн банкны Монгол дахь эдийн засагчаар ажиллаж байсан ноён Берт Хофман зөвлөж байна.

Монгол Улс Дэлхийн банкны гишүүн болсны 25 жилийн ой тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн БНХАУ, БНСУ, Монголыг хариуцсан захирал Берт Хофман манай улсын гадаад зах зээлийн талаар хүндэтгэлийн илтгэл тавилаа.

Зураг