Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун: Зээлтэй хүнийг орлоготой гэж харах ёстой

Ч.Чулуунцэцэг
2015 оны 12 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л. Оюунтай өрхийн төсөв, иргэний эдийн засгийн боловсрол сэдвээр ярилцлаа.

-Эдийн засгийн хямралыг давж гарах суурь нөхцөл нь өрхийн эдийн засгийн хэмнэлтээс эхлэх байх. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэмнэнэ гэдэг бол айл өрх гэлтгүй улс орны хэмжээнд байх зүйл. Олсноороо бус хэмнэснээрээ баяждаг. Мөн аз жаргалд хүрэх алхам ч гэж хэлж болно. Үүний тулд  нэгдүгээрт хэмнэх, хоёрдугаарт орлогоо нэмэгдүүлэх явдал. Ер нь хэмнэж байж л орлогоо хүргэнэ шүү дээ. Тиймээс хэмнэх бол нэгдүгээрт байх ёстой хамгийн чухал зүйл.

Орлогоо нэмэгдүүлж, мөнгө олж болно. Гэхдээ олсон хөрөнгөө зөв зарцуулж чадахгүй бол хэчнээн  их орлого олсон ч нэмэргүй гэсэн үг. Хэдийгээр бага мөнгө олдог байж болох ч хэмнэж чадвал амьдрал утга  учиртай болно.

Хэмнэнэ гэдэг нь орлого, зарлагаа бүртгэхийг хэлнэ. 

Хэмнэнэ гэдэг нь орлого, зарлагаа бүртгэхийг хэлнэ. Бүртгэнэ гэдэг их том асуудал л даа. Манай монголчууд өдөр тутмын орлого зарлагаа  бүртгэх тал дээр тун хойрго ханддаг. Шулуухан хэлэхэд, дургүй талдаа.

Өдөр бүр он сараа бичиж, юунд зарцуулснаа дөрвөн долоо хоног бүртгэж, нэгтгэснээр тухайн өрхийн сарын зарлагын хэмжээ гарч ирэх юм. Зарлагын хэмжээгээ тогтоож байж хэмнэх тухай ярих ёстой. Орлого, зарлагаа бүртгэхгүй бол хэмнэх тухай бодоод ч хэрэггүй.  

-Нийгэм хөгжихийн хэрээр өрхийн зарлага их болсон. Айл өрх бүр  автомашинтай, хүн бүр ухаа­лаг гар утас ашиглаж байна. Энэ бүхнээс татгалзаж байж мөн­гө хэмнэх болчихоод байгаа юм? 

-Ийм тайлбарыг олон хүн өгдөг л дөө. Судалгааны явцад орлого хүрэхгүй байна, наад захын хэрэглээг хангаж чадахгүй байна гэх тайлбарыг олонтаа сонссон. Тэгэхээр нь  зөрүүлээд яагаад хадгаламжтай болоогүй вэ гэж асуухаар ухаалаг гар утас, орон сууцны зээл, машины зээлтэй учраас илүү  гаргах боломж байдаггүй гэж хариулдаг. Та бас ийм хариултыг өгч байгаа бол утасны зориулалт юу вэ гэж асуумаар байна.

Нийгмийн хөгжлөө дагах нь зүйн хэрэг. Гэхдээ ухаалаг хүмүүс бол утсан дээрээ өдрийг өнгөрөөдөггүй, зөвхөн  холбоо барих  ярих ёстой  хүнтэйгээ л бол ярина. Интернэт орох шаардлагатай бол  компьютероо ашиглаж болно биз дээ. Утсаараа фэйсбүүк орж, мөнхийн утасныхаа ард дуугаа хураан, хорвоо ертөнцөөс тасарчихаад байгааг би ухаалаг хэрэглээ гэж хэлмээргүй байна. Машины хувьд  ч мөн шүүмжлэлтэй  хандах учиртай.  

Автомашин хэрэглээ тул  заавал том жийп, шатахуун их иддэг машин хэрэгтэй юү, үгүй юү. Жишээлбэл, германчууд тооцоотой  гэдгээрээ алдартай. Тэд шатахуун бага иддэг, жижиг машин унадаг. Ер нь манайх шатахуун их иддэг, тансаг машин унадаг болохоос биш. Эндээс өрхийн хэрэглээг хэр ухаалгаар зохицуулж байгаа эсэхийг мэдэж болно. Аливаа зүйлийг худалдаж авахдаа энэ миний хэрэгцээ юү, эсвэл хүсэл үү гэдэг асуултыг өөртөө тавиад  ялгаж сурах хэрэгтэй.

Гадны судлаачид манай иргэдийн худалдан авах зан чанарыг судлаад “Монголчуудад юу ч худалдаж болно” гэх дүгнэлтийг гаргасан байна билээ. Чин үнэнийг хэлэхэд, ихэнхдээ хүсэлдөө хөтлөгдсөн байх нь бий. Мөн монголчууд бие биеэ их дуурайх дуртай. Орлого ихтэй, амьдрал нь боломжийн хүмүүсийн хэрэглээг дуурайж хэрэглэх гээд байдаг юм. Ингэж өөрийгөө хорлохын оронд тэдний адил хөдөлмөрлөж, мөнгөө олдог, хадгалдаг аргыг нь сурах хэрэгтэй. Ажилла, хөдөлмөрлө, зүтгэ, орлогоо нэм. Үүний дараа хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэ гэж зөвлөмөөр байна.  

-Монгол Улсын Засгийн газар иргэдээ орон сууцжуулах  хөтөлбөр боловсруулан найман хувийн зээлийг олгож эхэлсэн. Гэвч банкууд эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед ийм төрлийн зээлийг олгох нь өндөр эрсдэлтэй гээд татчих шиг боллоо. Ер нь  орон сууцны зээлийн хүү хэд байвал иргэдийн амьдралд дарамт багатай вэ? 

-Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохдоо өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй ёстой гэдэг зарчмыг барьж байгаа. Гэр бүлийн  гишүүдийн орлогыг нэмээд сард төлөх зээлийн төлбөр нь орлогынх нь 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн үг. Орон сууцжуулах хөтөлбөр маш зөв зүйтэй ажил. Нөгөө талаас иргэд халуун, хүйтэн устай орон сууцанд амьдрахыг хүсэлгүй яах вэ. Гагцхүү  орон сууцны  талбайн үнэ  өндөр байна.

Гадны улс орнууд үнэхээр орон сууцжуулах гэж байгаа бол төр, засаг нь оролцож, талбайн үнийг маш бага хэмжээгээр тогтоож өгдөг. Манай улсын тухайд өрхийн орлоготой нь харьцуулж үзвэл ихэнх нь орон сууцны зээл авч  чадахгүй нөхцөлд аж төрж байгаа. Яах вэ, хашаанд нь сайхан амьдруулах зорилгоор “Гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа л даа. Төслийн онцлог нь халуун, хүйтэн усны төвийн  шугамтай холбож өгөх, иргэд түүнээс нь салаалж  хашаа руугаа  оруулах ёстой.

Гэтэл манайхан хөрөнгө гаргахаас татгалзаж, сонгууль хүлээдэг болчихсон. Хэн нэгэн нэр дэвшигч  өмнөөс нь хөрөнгө гаргахыг хүлээгээд хэвтчихдэг нь нууц биш.

Асуудлыг нөгөө өнцгөөс харвал, 20 жилийн хугацаатай зээл авч, орон сууцанд амьдрах нь хуримтлалтай  болох нөхцөл мөн. Их мөнгө цуглуулж байр авч чадахгүй юм чинь найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж байж л өөрийн гэсэн байртай, өөрийн гэх үндсэн  хөрөнгөтэй болоод зогсохгүй тэр хэрээр  хуримтлалтай болсон гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, урт хугацаатай зээл авснаар байрны цэвэр өртөг өндөр гардаг талтай.  Зээлсэн мөнгөн дээр хүү нь нэмэгддэг учраас  хүү нь үндсэн зээлээсээ илүү гардаг. Ер нь хашаа авч, байшин барьж амьдрах нь  зардал багатай. Хүмүүс хашаа байшинд амьдрахыг илүүд үзвэл  өндөр үнэтэй орон сууцны эрэлт багасч, үнэ нь буурна. Зээл эрэлт ихтэй, банк эрэлтийг нь бий болгож зээл өгөөд байгаа учраас орон сууцны үнэ буурахгүй байгаа юм.  Гэхдээ банк  эрэлтийг бий болгож тэр нь  байрны үнийн өсөлтөд нөлөөлдөг гэдгийг бид ойлгох ёстой. 

-Иргэдийн санхүүгийн боловс­рол, мэдлэгийг дээшлүүлэх тухайд ямар арга хэмжээ авах ёстой вэ? 

-Санхүүгийн боловсрол гэдэг бол мөнгөө зарцуулах ухаан юм. Олон улсын судалгаагаар монголчуудын санхүүгийн мэдлэг өндөр,  боловсрол муу гэж  гарсан. Бид боловсрол өндөртэй орны иргэд. Бичиг үсэг тайлагдсан. Их, дээд сургууль олонтой. Хүн бүрийг  боловсролтой болгодог  улсад амьдарч байна.

Инфляци, үнийн өсөлт гэж юу вэ гэж асуухаар захын хүн өөрийнхөөрөө хэлэх авч  амьдралдаа хэрэгжүүлэх чадвар чадавхи нь муу байдаг. Тэр чадварыг нь боловсрол гэж нэрлэдэг. Харин ерөнхий мэдээллийг нь мэдлэг гэж хэлж байгаа юм. Монгол Улсад 2016-2021 он хүртэл санхүүгийн суурь боловсролыг олгох үндэсний хөтөлбөр хэрэгжих гэж байгаа.

Гадны улс оронд гурван настайгаас нь санхүүгийн боловсролыг олгодог юм байна.

Үндэсний хөтөлбөрт тусгагдсанаар бол хүүхдийг багаас нь санхүүгийн боловсролтой болгох ёстой. Тодруулбал, хүүхэд  орлого  хязгаарлагдмал, хэрэгцээ хязгааргүй гэдгийг мэдэж авах ёстой. Ямар нэгэн зүйлийг худалдаж авахад сонголт байдаг. Тиймээс харсан болгоноо тэр дор нь авч  болохгүй шүү гэх мэт мэдлэгийг олгох явдал.  Манайхан энэ хөтөлбөр дээр ажиллаж байгаагийн хувьд олон орны туршлагыг судалж байгаа.  

Гадны улс оронд гурван настайгаас нь санхүүгийн боловсролыг олгодог юм байна. Хүүхэд харсан болгоноо л авах гэж зүтгэдэг шүү дээ. Яг энэ үед аль нэгийг нь сонго. Орлого хязгаартай гэдгийг хэлж өгдөг байна. Мөн бага насны хүүхдэд эцэг, эх нь  амьдралаараа багшилдаг. Хүүхдүүд эцэг, эхээ харж хүмүүждэг.

Эцэг, эх нь зөв тооцоотой өрхийн төсвөө сайн авч явж байгаа нь тэр чигээрээ хичээл болно. Би нэг сонирхолтой зүйл уншсан. Хэрвээ та өнөөдрийг хүртэл санхүүгийн боловсролгүй  хураасан хуримтлал, хөрөнгө байхгүй бол хүүхэддээ бүү  зааж сурга. Та аягүй бол буруу юм заана гэсэн байсан шүү. Тэгэхээр эцэг, эх бол хүүхдийн санхүүгийн боловсролын толь байх нь. Тиймээс эцэг, эхчүүдийн  үүрэг маш их.  Ирэх хичээлийн жилээс Монгол Улсын боловсролын түүхэнд анх удаа Бизнес судлал гэдэг хичээл орно.  Хөтөлбөр боловсруулж, хичээл заах  ч тухайн хүний идэвх сонирхол их чухал гэдгийг хэлэх байна.  

-Малчид, тариаланчдын орлого тодорхой бус. Зуд турхан болоогүй, түүхий эдийн үнэ өндөр  бол тэр хэрээр орлого нь өндөр байх жишээтэй. Ийм тодорхой бус орлоготой өрх төсвөө хэрхэн зарцуулах тухайд та ямар зөвлөгөө өгөх бол? 

-Түрүүний миний хэлсэнчлэн санхүүгийн боловсролыг хүн бүрт олгох ёстой. Малчид, тариаланчдын ихэнх нь урсгалаараа орлогоо зарцуулж ирсэн байдаг. Ингэж болохгүй гэдэг нь амьдрал дээр  харагдаж байна. Энэ бол нэг их хэцүү зүйл биш. Бизнес эрхэлж  байгаа хүн болгон орлого зарлагаа бүртгэж сурах  хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. За яах вэ, болно биз гэж бодож урсгалаараа явдаг хүмүүс байсан байрандаа л байдаг. Тиймээс цаг алдалгүй өөрөө хийх боломжтой зүйлүүдээ хийх хэрэгтэй. 

-Төрийн мөнгөний бодлого өрхийн төсөвт хэрхэн нөлөөлж байгааг судалж үзсэн үү? 

-Өрхийн эдийн засаг, улсын эдийн засаг хоорондоо холбоотой. Улсын эдийн засгийн эд эс нь өрхийн төсөв. Энэ хоёрын дунд аж ахуйн нэгжийн эдийн засаг байдаг. Хүн компанид ажил хийнэ. Тэр компани олсон орлогоосоо цалин өгнө. Тухайн хүн цалингаараа бараа бүтээгдэхүүн авна гэхээр  энэ гурав салшгүй холбоотой байгаа биз.  Аж ахуйн нэгж сайн ажилласан ажилтанд хөдөлмөрийн хөлсөө цаг тухайд нь өгч байвал тухайн өрхийн орлого сайн байна. Орлого сайн бол худалдан авалт сайн байна. 

Худалдан авалт сайн бол үндэсний үйлдвэрлэл тэр хэрээр хөгжинө. Үндэсний үйлдвэрлэл хөгжвөл улсын эдийн засаг хөгжинө гээд бүх зүйл өөр хоорондоо уялдаа холбоотой. Үүнийг хүйн холбоо гэж ч  хэлж болно. Товчоор хэлбэл, өрхийн төсөв, улсын эдийн засаг хоёр бол нэг нь томруулсан, нөгөө нь жижигрүүлсэн хэмжээнд яригддаг асуудал. Төсөв бол орлого, зарлагын баланс. Улсад ч  өрхөд ч орлого, зарлага бий. Шийдвэрлэх асуудал, зарчим нь  адил гэдгээрээ  онцлог.

Бүх асуудлыг жижиг, том төвшинд авч үзэж болно. Тухайлбал, Засгийн газраас эдийн засагт оролцох оролцоо ямар байх ёстой вэ. Энэ бол том макро төвшнийх. Түүнийг микро төвшинд авч үзвэл эцэг, эх нь хүүхдийнхээ амьдралд оролцох ёстой юу, оролцвол яаж оролцох ёстой вэ гэдэгтэй зүйрлэж  болно. Эцэг, эх нь хүүхдийнхээ амьдралд оролцоод байвал идэвхгүй бэлэнчилсэн сэтгэлгээтэй болоод зогсохгүй эргээд хариуцлагагүй, хэн нэгнээс заавар хүлээсэн, өөрөө бие даах чадваргүй  хүн болно. Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт оролцож эхэлбэл  санаачилгагүй болгоно. 

Засгийн газар оролцох тусам хувийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшил шахагддаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн бизнес хийх орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Эцэг, эх хүүхдээ эрүүл саруул өсгөж, боловсролтой болох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Харин ямар боловсролтой болох, амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэг асуудлыг хүүхэддээ хариуцуулж үлдээх хэрэгтэй. Олон оронд  хүүхдээ  16 нас хүрэхээр  шууд бие даалгаж тусад нь гаргадаг. Тэр орчныг нь улс бүрдүүлж өгдөг.

Оюутныг цагийн ажилчнаар авсан байвал тухайн компанийн татварыг хөнгөлдөг гэх мэтчилэн. Тэгэхээр оюутнууд  өөрсдийн хэр чадалд таарсан  цагийн ажил хийгээд орлоготой болж зарлагаа зохицуулдаг. Зун нь  амардаггүй. Сургалтынхаа төлбөрийг олдог. Ажил олгогч эздийг оюутан залуучуудыг ажилд авах ямар нэгэн хөшүүрэг, механизм байх ёстой. Улсын эдийн засаг, өрхийн төсвийг хооронд шийдвэрлэх олон асуудал байгаа нь эндээс харагдаж байгаа юм. 

-Хуримтлалтай болох анхны алхмын тал дээр нэмж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хадгаламжтай болохын тулд хэд хэдэн зүйлийг сайн мөрдөх, тухайлбал төлөвлөгөөтэй байх ёстой. Манай банк, бусад санхүүгийн зуучлагч байгууллагууд маш олон төрлийн  сайн бүтээгдэхүүнийг санал болгодог болсон шүү дээ.  Түүнийг  ашиглаж сурах  хэрэгтэй.  Энгийн жишээ гэвэл  иргэн та цалингаа авдаг банктайгаа гэрээ байгуулаад  дансанд тань  цалин оронгуут 10 хувийг нь шууд хадгаламж руу хийдэг үйлчилгээ байна.  Ер нь бол үндсэн орлогынхоо 10 хувийг, нэмэлт орлогынхоо 60 хувийг заавал хадгал гэдэг алтан дүрэм бий.  Аль болохоор эрт, ихийг хадгал.

Орлого оронгуут  дэлгүүр бүү  яв. Банк руу явдаг жим, замтай бол гэх зэрэг олон аргууд байгаа.  Би түрүүнд тооцоотой амьдар гэж  зөвлөсөн. Ядуу хүн л тооцоогүй байдаг юм. Мөн өнөөдөр, маргаашийн хэрэглээний мөнгө байхгүй гэж хүмүүсээс тусламж гуйхаасаа ичиж сурах хэрэгтэй.

Мөнгөө зөв зарцуулж чаддаггүй гэдгээ хүмүүст харуулж байна гэсэн үг шүү дээ. Өндөр үнэтэй эд зүйлс худалдаж  авахдаа хэсэг хугацааны дараа очиж ав. Шууд авч болохгүй. Ингэж чадвал аяндаа хэрэглээ мөн байсан уу, хүсэл байсан уу гэдэг нь мэддэг болно.

Мөн дадал, зуршил гэж чухал зүйл байдаг. Үрээд сурсан дадал байхад хадгалж сурсан дадал гэж бас байдаг. Хадгалдаг, хуримталдаг дадлыг өөртөө суулгахын тулд эр зориг хэрэгтэй. Хадгалах ёстой гэж мэддэг хэрнээ үрээд байдаг. Муу дадал зуршлаа өөрчлөхийн тулд сургалтад сууж, ном уншиж, өөрийгөө хүчлэх хэрэгтэй. Хэрэглээгээ хязгаарлаж хэмнэнэ гэхээр хэцүү байдаг ч хэмнэсний дараах үр дүн илүү сайхан мэдрэмжийг төрүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Иргэдийн хадгаламж улс орны эдийн засагт хэр ач холбогдолтой зүйл вэ? 

-Бид хадгаламж, зээл, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хоорондын хамаарлыг судалсан. Хадгаламжтай болно гэдэг  банканд байршуулна гэсэн үг. Банканд мөнгөө байршуулна гэдэг тухайн мөнгийг банканд зээлдүүлж байна гэж ойлгож болно. Зээл авсан аж ахуйн нэгж орлого бүтээнэ.

 Орлого бий болсноор үндэсний үйлдвэрлэл хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх юм. Тэгэхээр хадгаламжтай болох нь улсынхаа эдийн засгийн хөгжилд таны оруулж байгаа хувь нэмэр шүү гэж  хүмүүст хэлдэг. Та хадгаламжтай л болчих, энэ  маш том хувь нэмэр. Хадгаламжтай болчихвол дотоодын эх үүсвэртэй болно.

Дотоод эх үүсвэр нь бүрдвэл улс орон дотоодынхоо мөнгөөр хөрөнгө босгож хөгжих боломжтой. Дотоодоосоо мөнгө босгохын хэрээр манай улсын гадаад үзүүлэлт өндөр болдог. Дотоод хуримтлал байхгүй учраас гаднаас мөнгө босгодог. Энэ нь улсын эдийн засгийн үзүүлэлтийг бууруулдаг. Монголчууд улс орныхоо хөгжилд оролцож, хувь нэмэр оруулахын тулд өөрийн хадгаламжтай болох явдал. Зээлийг нэг нэгжээр нэмэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 0.34 функтээр өсдөг гэсэн судалгаа байдаг. 
 
-Таны “Тооцоогүй хүн ядуу, ядуу хүн тооцоогүй” сэдэвт аудио лекцийг сонсч байсан.  Энэ таны амьдралын философи  уу? 

- Жолооч нарт зориулсан хичээл. Түгжрээд зогсч байхдаа сонсох боломжтой. Хүн нэг зүйлийг олон дахин  сонсоод байхаар тэр нь  санаанд орж, үйлдлээрээ хэрэгжүүлж эхэлдэг. Би 2006 оноос иргэдийн санхүүгийн боловсролд зориулж долоо хоног тутмын сонин гаргаж байна.

Хүн хэлэхээс наашгүй гэдгээр өрхийн төсвийн дэвтэр гаргасан байгаа. Тэр дэвтрийг гурван сарын хугацаанд хөтөлдөг юм. Гурван сарын хугацаанд хүний дадал өөрчлөгддөг. Ер нь мэдлэгээ нэмэгдүүлэх боломжууд бий. Гагцхүү ашиглах тал дээр бид алддаг. 

-Монгол айлын өрхийн төсвийг дэлхийн бусад орнуудтай харьцуулж үзсэн үү. Судалгааны үр дүн их сонирхолтой гарах байх даа? 

-Харьцуулсан судалгааг бид  хийгээгүй ч бусдын судалгааг сонирхож үзсэн. Хоёр хүүхэдтэй дөрвөн ам бүлтэй айлын орлого, зарлагыг харьцуулж судалсан байсан. Мэдээж эцэг, эх нь хоёулаа ажилтай. Өндөр хөгжилтэй орных гэхэд зайлшгүй зарцуулж байгаа зарлагын хэмжээ бага  гарсан байсан. Манай улсын хувьд орлогыг нь зарлагатай харьцуулахад өндөр гардаг. Ер нь бол  орлого зарлага хоёрын хэмжээ тэнцүү  явах ёстой юм. Манай улсад энэ харьцаа алдагдсан.

Орлого бага, зардал өндөр  байгаа нь харьцаа алдагдсанаас болж байгаа юм. Дахин нэг жишээ дурьдая. Хятад улсад адилхан орлоготой, хоёр хүүхэдтэй өрх байлаа гэхэд орлого нь ижил  ч зарлага нь бага байдаг. Зарлага өндөр болохоор өрхийн амьжиргаанд нөлөөлж байгаа хэрэг. Яалт ч үгүй инфляцитай харьцуулж, орлогыг индексжүүлэх асуудлыг Засгийн газар шийдэх ёстой. Мөн орлого олж байгаа хүн хадгаламж үүсгэх боломжтой  гэдгийг бид баталдаг. Хадгаламждаа мөнгө хийхийн тулд хэрэглээндээ нөлөөлөхгүй байх хэмжээгээр хийх хэрэгтэй. Бага багаар сард 5,000-10,000 төгрөг хийхэд л хангалттай.  

Мөн манайхан хадгаламж, хуримтлал хоёрынхоо ялгааг ойлгодоггүй. Хадгаламж гэдэг бол гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх зориулалттай мөнгө.

Хуримтлал бол өсөх зүйлд зориулагдаж байгаа мөнгө. Манайхан хадгаламж, хуримтлал хоёрыг хольж ойлгодог. Учир нь нь хадгаламжийн хэлбэрээр ч ашиглаж болно. Хуримтлалын байдлаар ч ашиглаж болно гэдгээрээ ижил гэж ойлгодог. Тэгэхээр хуримтлал гэдэг нь мөнгө өсөх хүрээнд байршуулсан мөнгийг хэлж байгаа юм. Энийг сайн ойлгох хэрэгтэй.

Мөн өр, зээл хоёр ялгаатай. Үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулж байгаа санхүүжилтийг зээл гэдэг. Харин авсан зээл гэрээнийхээ дагуу төлөгдөхгүй болох үүнийг өр гээд байгаа юм. Хүмүүс банкаас ямар нэг зээл авахдаа шууд өртэй боллоо гэж ойлгодог. Энэ бол өр биш. Авсан зээлээрээ орлого бүтээж, хөрөнгө бий болгох юм бол зээлээ эргүүлэн төлөхөд амархан.

Орлогоосоо зээлээ, хүүтэйгээ төлнө. Орлого бүтээхгүй зүйлд зээл авч хэрэглэж байгаа бол буцаан төлөх магадлал багасах учраас өр болох тохиолдол  нь өндөр. Тэгэхээр зээл болгон  өр болохгүй. Зээл болгон үргэлж дарамттай байдаггүй. Зээл өөрөө орлого бүтээж байгаа үед өргөжиж, хөгжих эх сурвалж болдог. Зээлд хандах хандлагыг өөрөөр хандах хэрэгтэй. Зээл санхүүжилтийн эх үүсвэр. Зээлтэй хүнийг энэ хүн орлоготой юм байна гэж харах ёстой.

Банк орлогогүй хүнд зээл өгдөггүй. Өрхийн санхүүгийн төлөвлөгөөг  гурван жилээр хийх ёстой. Эхний жилд байраа засна. Дараа жил нь машин авна. Гурав дахь жилд нь юу авахаа төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөөтэй байвал илүү зардал гардаггүй юм. Тиймээс төлөвлөгөө бол амьдралын жолооч. Манайхан санхүүгийн төлөвлөгөө гаргана гэхээр хүнд, өрхөд хамаагүй, харин аж ахуй нэгж, улсад хамаатай юм шиг ойлгодог. Энэ хандлагыг  нэн тэргүүнд өөрчлөх шаардлагатай байгаа юм.

-Заримдаа санхүүгийн зориг­той алхам хэрэгтэй ч юм шиг санагддаг?

-Хүний ахуй амьдрал байнга дээшилж байх ёстой. Гэхдээ үүнийг  хоёр янзаар л харах хэрэгтэй. Сайн зүйл ч байна. Саар зүйл ч байна. Би гудамжаар явж байхдаа ажигладаг юм. Гудамжинд алхаж байгаа хүн цөөхөн, харин зам дээр бөглөрчихөн  машин дотроо дугжирч  суугаа хүн их харагддаг. Харин гадны улс оронд хүмүүс нь алхаж  байгаа нь их харагддаг.

Хүн юм чинь сайхан байранд амьдралгүй л яахав. Өөрийгөө баярлуулж, шагнах ёстой. Хэрэглэхийн хэмжээгээр орлого олдог  гэдгээр  сайхан байранд орохыг үгүйсгэх аргагүй. Ер нь сайхан амьдрах гэж л бид амьдарч байгаа шүү дээ. Тэр хэмжээгээрээ орлого олж байгаа бол яагаад хэрэглэж болохгүй гэж. Гэтэл дарамт болгож, бөөн стресс үүсгэсэн байдлаар хандаж болохгүй. Хүн, хүний мөнгөө удирдах асуудал л даа.

-Залуу гэр бүлүүдийн дунд маргаан үүсгэдэг сэдэв нь эцэг, эхээ харж хандах байдал. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ.  Ихэнх хосууд нэг нэгнээсээ нууц байж эцэг эхдээ мөнгө илүүчилдэг?  

-Би дахиад хэлье. Хүн өөрөө өөрийгөө л хариуцдаг байх ёстой. Сурмаар байвал сур. Төлбөрөө өөрөө гаргах хэрэгтэй. Дахиад  жишээ татья. Австралид магистрт сурч байгаа хүмүүс нь 30 гаруй насныхан байдаг. Харин манай улсын хувьд 25-аас доош насныхан магистрт сурдаг байх жишээтэй. Яагаад  гэвэл  гадныхан сургуулиа төгсөөд, ажил хийж, мөнгө  олсныхоо дараа магистртаа сурдаг байна. Гэтэл манайхан эсрэгээрээ одоо л залуу дээрээ сурахгүй бол болохгүй гэдэг. Ерөөсөө л хэн хэнийхээ амьдралд чөдөр тушаа болохгүй гэдгийг хар багаас нь ойлгуулах явдал шүү дээ.

Тухайлбал, тав, гурван настай хүүхэдтэй Монгол, Герман айл зугаалганд явах болсон гэнэ л дээ. Хоёр хүүхэд нь зугаалганд явах нь гоё гээд л баярлаж. Герман хүүхэд үүргэвчиндээ цөөхөн юм хийж байхад Монгол хүүхэд бүх юмаа авсан байна. Герман аав хүүхэддээ үүргэвчээ чи үүрэх учраас юу авахаа өөрөө мэд гэж хэлсэн хэрэг. Харин Монгол айл болохоор хүүхэд нь үүргэвчээ үүрнэ. Аав нь хүүхдээ үүрнэ. Үүнээс үзэхэд л тэс өөр хоёр хүмүүжил харагдаж байгаа биз. Тиймээс багаас нь хүүхдийг бие даалгаж  сургах хэрэгтэй. Эцэг, эх нь хүүхдүүддээ дарамтгүй амьдрах ёстой. Тэгэхийн тулд хүүхдээ эрт тусад  нь гаргаж бие даалгаж сургах л чухал юм. Эцэг, эхчүүд өөрийнхөө олсон орлогыг өөртөө зарцуулдаг байх хэрэгтэй.

Хүний амьдралын мөчлөг гэж байдаг. 20 нас хүртэл эцэг, эх хариуцаж боловсролтой болгох ёстой. 20-40 насанд орлого багатай хэрэглээ нь  их байдаг. Шинэ байр, машин авна гэх зэрэг хэрэглээ өндөр. 40-60 насанд эсрэгээрээ орлого ихэсч, хэрэглээ багасдаг. Харин 60-аас дээш насанд орлого нь зогсч  хэрэглээ нь хэвээрээ үлддэг байна. Энэ зүй тогтлыг бид мэдсэнээр ямар насандаа юун дээр анхаарах вэ гэдгээ мэдэж авах  хэрэгтэй л дээ. “Орон сууц” хөтөлбөр залуучуудад зориулсан. Гэтэл 40 гарчихаад найман хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болж байгаа нь  амьдралдаа  зорилгогүй явж ирсний нотолгоо юм. Монгол залуучууд  орлого ч үгүй хэрнээ л хүнтэй сууж, хүүхэд гарган асуудал үүсгэдэг. Үүнд  монгол уламжлал  нөлөөлдөг л  байх.

Зураг