Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Банкны зээлийн хүүг Үндсэн хуулийн Цэц тогтоодоггүй юм

Д.Түвшин
2015 оны 12 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг

Уржигдар оройноос эхлэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж орох оронтой болсон 75 мянга гаруй айл өрх айдас, түгшүүрт автаж, “Зээлээ төлж дийлэхгүй болох нь” гэцгээсээр өглөөтэй золгосон. Учир нь МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээр болон бусад телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр “Орон сууцны найман хувийн зээлийн хүү удахгүй 20 хувь болно” гэсэн мэдээлэл цацагдснаас болж энэ бүх айдас, түгшүүр эхэлсэн.

Тэгвэл өчигдөр өглөөний УИХ-ын чуулганаар “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт”-ийг хэлэлцсэн. Нийгэмд түгшүүр, хүлээлт үүсгэсэн асуудлын учрыг олох учиртай хуралдааны завсарлагаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах тайлбарыг авлаа.

-Орон сууцны найман хувийн зээлийн хүүг 20 болгох санааг МАН гаргасан гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд олон хүн ярьж, нийгэмд бөөн дуулиан үүсээд байна. Үнэхээр МАН ард түмнийхээ эсрэг тийм хорлонтой зүйл санаачилсан юм уу? 

-Үнэхээр бид ч эхэндээ багагүй балмагдсан шүү. Өчигдөр /уржигдар/ оройн “Цагийн хүрд”-ээс эхлээд одоо ч бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай шуугиж байна л даа. Орон сууцны найман хувийн зээлийг 20 хувь болгох саналыг МАН гаргасан мэтээр улстөржүүлж яриад байгааг сонсохоор миний эгдүү, зэвүү хоёр зэрэг хүрээд байгаа юм.

Би энд Монголбанкын ерөнхийлөгч Н.Золжаргалын УИХ-ын дарга З.Энхболдод явуулсан бичгийг бариад явж байна л даа. “Хүсэлт уламжлах тухай” гээд сүржин эхэлсэн энэ бичигт “Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаат зүйл ипотекийн зүйлийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч, барьцаалагчаас зөвшөөрөл авах агуулга бүхий заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3 заалтын Үл хөдлөх өмчлөх эрхтэй гэснийг зөрчсөн” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын 2015 оны 13 дугаар дүгнэлт гараад байна” гэж байгаа юм.

Эд нар ерөөсөө л Үндсэн хуулийн Цэцийн гаргасан 13 дугаар дүгнэлтийг МАН санаачилсан юм шиг яриад байна. 

-Бас нэг иргэн А.Базарын өргөдөл гомдлыг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцсэн юм яригдаад байх юм. Тэр иргэний гомдол энд хамаатай юу? 

-Харин тэр иргэн А.Базар гэдэг хүн “Иргэн барьцаалсан орон сууцаа бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ банк, санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч байгаа нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан” гэсэн гомдол гаргасныг Үндсэн хуулийн Цэц хүлээж аваад өнгөрсөн аравдугаар сард Дунд суудлаараа шийдвэрлэсэн байсныг өчигдөр /уржигдар/ орой Цэцээр шийдсэн байгаа юм. Тэгэхээр энэ асуудалд МАН ямар ч хамаагүй, дэндүү муухай гүжирдсэн хэрэг байгаа биз. 

-Тэгээд яагаад ийм хэл ам гарах болов? 

-Бүхэл бүтэн улстөрийн намыг гүтгэж доромжлох санаатай бол бас нэг жаахан баримжаатай, мэдлэгтэй байх хэрэгтэйг л энэ явдал харуулж байна. 13,15 гэсэн хоёр шал өөр дүгнэлт буюу хажууд нь явж байсан “Газраа барьцаалах тухай заалт”-тай хольж хутгаад ийм хөгийн холион бантан хийчихэж байгаа юм.

Монгол Улс АН-ын өнгөн дээр наад захын улстөрийн соёл гээч юмгүй боллоо. 

Үнэндээ өнөөдөр Монголд АН төрийн бүх эрхийг барьж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөг дээрээс нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонх нь АН-ын төлөөлөл сууж байгаа. Бүх эрхээ өөрсдөө барьж байгаа мөртлөө муу муухай юм гарч, ард түмний сэтгэхүйгээр тоглосон юм гарах болгонд л “Хойд талын хар овоохой” гэдэг шиг бүгдийг нь МАН дээр наачихдаг.

Хамгийн өрөвдөлтэй нь өрсөлдөгчөө намнах гэсэн, доош хийх гэсэн нөгөө балиар юмнуудаа зөв наачих наад захын мэдлэггүй байгаад нь үнэхээр дургүй хүрч байна. Монгол Улс АН-ын өнгөн дээр наад захын улстөрийн соёл гээч юмгүй боллоо. Товчхон хэлэхэд Монгол Улс өнөөдөр төргүй болсон шүү. 

-Гэхдээ сая Үндсэн хуулийн Цэцийн 15 дугаар дүгнэлтийг авч хэлэлцэхэд МАН-ын бүлэг яагаад хурал хаясан юм бэ? 

-Энэ долоо хоногийн байнгын хороодын хуралдаанд манай бүлэг суухгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Яагаад орохгүй байгаа нь ерөөсөө л Сонгуулийн хуультай холбоотой юм. Сонгуулийн хууль дээр МАН-ын бүлгийн байр суурь маш тодорхой байгаа. Өнөөдөр энэ улс орны эдийн засаг, банк санхүү, ард түмний амьдрал, инфляцийн түвшин гээд өнгөтэй өөдтэй, болж бүтэж байгаа зүйл ганц ч алга. Бүх зүйл уруугаа явж байна. За улстөрийн байдалтай бол бүр ч ярилтгүй.

Ард иргэдийн орлого өдрөөс өдөрт доройтсоор одоо бараг талхаа авч идэж чадахгүйд хүрлээ. Аж ахуйн нэгжүүд дараалан хаалгаа барьж байна. Эдийн засгийн өсөлт үндсэндээ “0” заагаад, төсвийн орлого байнга тасарч байна.Монгол Улсыг дампуурлын өмнө авч ирсэн энэ Сонгуулийн хуулиа яаралтай өөрчлөөд өгөөч ээ гэсэн хүсэлтийг л МАН тасралтгүй тавьж байгаа. 

-Та сая 2012 оны сонгуулийн маргааны талаар ярих гэснээ больчих боллоо. Нөгөө л Говь-Алтай, Дарханы маргаан уу?

-Тэр талаар ярьвал дуусахгүй түүх болно. Гэхдээ зах зухаас нь дурьдахад 2012 оны сонгуулийг үндсэндээ таван аймагт АН будлиантуулж, дээрэмдэж авсан. Заримынх нь маргаан одоо хүртэл дуусаагүй л явж байгаа.

Бүхэл бүтэн Дархан хотоос өөр ямар ч намын төлөөлөл байхгүй ганцхан АН дотроо өрсөлдөөд 200 гаруйхан хүний саналаар ИХ-ын төлөөлөгч болчихоод сууж байна. Тэр этгээдүүд нь ч яасан бөх зүрхтэй, ичих булчирхайгүй болчихсон юм. Энэ бүхний шалтаг, шалтгаан болчихоод байгаа завхарсан Сонгуулийн хуулийг яаралтай өөрчлөхийг МАН хатуу шаардаж байгаа. Өөрчлөх ч ёстой. 

-Сонгуулийн хууль дээр МАН-ын бүлгийн тавиад байгаа гол шаардлага нь чухам юу вэ? 

-Ер нь бид мэдээлэл хийх бүртэй маш тодорхой тайлбарласаар байгаа л даа. Бидний тавьж байгаа шаардлага бол аливаа сонгуулийг Үндсэн хуулийн дагуу явуулж ард түмнээсээ санал аваад л орж ирэх ёстой гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа.

Түүнээс гадна бүх толгойд нь АН-ын төлөөллүүд сууж байгаа хууль, хүчний байгууллагуудаараа далайлгаж, хүчээр түрүү барин орж ирдэгээ зогсоо л гэж байгаа. 

-Орон сууцны зээлийн найман хувийн хүү 20 хувь болохгүй гэх баталгаагүй юм биш үү? 

-Тийм зүйл огтхон ч болохгүй. Манай иргэд нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Банкны хүүг Үндсэн хуулийн Цэц тогтоодоггүй л байхгүй юу даа. Хэрвээ банкны зээлийн хүүг Үндсэн хуулийн Цэц тогтоочихдог байсан бол эдийн засгийн онол гэж байгаад яах юм, энэ олон банкны болон төлбөр тооцооны эдийн засагчид гэж байгаад огтхон ч хэрэггүй.

Бүгдээрээ гудамжинд гарч, ажилгүйчүүдийн эгнээнд шилжих хэрэгтэй шүү дээ. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц банкны зээлийн хүүг тогтоочихдог юм бол бүгдээрээ маргааш гомдол гаргаад суучихъя л даа. “Одоо байгаа найман хувийн хүүг хоёр бүр нэг хувь болго” гээд гомдол гаргаж заргалдаад байж болно шүү дээ, тэгвэл. Тэгэхээр ийм зүйл байхгүй. Энэ бол зүгээр л сонгууль дөхсөний шинж. АН-ынхны аргаа барсан улстөржилт. 

-Эрхэм гишүүд маань Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Энэ нь энгийн ард иргэдэд ямар ч хохирол учруулахгүй хэрэг үү? 

-Хохиролтой гэж хэчнээн эсэргүүцээд дийлсэнгүй. Олонхиороо түрүү бариад л баталчихлаа. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тухайн иргэний өмчлөлийн газрыг нь “Үл маргах” зарчмаар арилжааны банкууд шууд л булаагаад авах боломжтой болж байна.

Өнөөдөр өдрөөс өдөрт амьдрал нь доройтож байгаа иргэд өөрийн эзэмшилд байгаа газрыг барьцаа болгон зээл авна. За зээл авах гээд банканд очихоор тухайн иргэний газрыг 10-20 хувиар буюу юу ч үгүй үнэгүйдүүлж авдаг. Банктай гэрээ байгуулж гэрээнийхээ дагуу үндсэн зээлээ хүүтэй нь төлөөд явна.

Хүүгээ төлж чадахгүй бол алданги тооцно. Эцэст нь таны газрыг “Үл маргах” зарчмаар тухайн банк шууд л булаагаад авна гэсэн үг.

Гэтэл иргэдийн хүсэл бол газраа алдахгүйн тулд гурван шатны шүүхээр заргалдаж, үндсэн үнээсээ хэдэн арван хувь бага үнээр банкны барьцаанд тавьсан газраа шууд алдахыг хүсэхгүй нь мэдээж шүү дээ. Энэ бол хүний өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа хатуухан хэлбэл улаан цагаандаа гарсан дээрэм юм. Гэтэл өнөөдрийн олонх ийм л шийдвэрийг хүч түрэн батлаад сууж байна. Хэлэх ч үг алга.

Зураг