Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батбаатар: Монгол Улсын дархан хил тайван байна

Д.Энхтүвшин
2015 оны 11 сарын 17
MorninigNews.mn
 

Дорнод аймгийн Халхгол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ өнгөрсөн долоодугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаараа гаргасан түүхтэй.

Наадмын өмнөх өдөр яарч сандран гаргасан тэрхүү шийдвэр нь одоо УИХ, Засгийн газрыг тун эвгүй байдалд оруулчихаад байгаа. Дорнод аймаг, ялангуяа Халхгол сумын иргэд УИХ-ын 75 дугаар тогтоолыг ширүүн эсэргүүцэж цуцлахыг шаардсаар байгаа юм. УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү Дорнод аймгийн Халхгол суманд очиж нутгийн иргэдтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Тэр үеэр Халхгол суманд байрлах хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батбаатартай уулзаж ярилцсан юм. 

-Халхголын домогт отрядын тухай баримтат кино, ном зохиолоос олон харж, уншиж байсан. Харин анх удаа Монгол Улсын хилийн цэргийн түүхэнд домог болсон анги дээр ирж та бүхэнтэй уулзах завшаан тохиолоо. Ангийнхаа түүхэн замналаас сонирхуулахгүй юу? 

-За их баярлалаа. Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Байлдааны гавьяаны болон Цэргийн улаан тугийн одонт домогт 24 дүгээр отряд буюу өнөөдрийн 0198 анги маань 1937 оны аравдугаар сарын 18-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар тогтоолоор Халхголын отряд хэмээн байгуулсан түүхтэй.

Үндсэндээ 1937 оноос Монгол Улсын дархан хилийн манаанд зогсож, 1939 оны Халхголын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож, эгнээнээсээ Монгол Улсын таван баатар, олон арван эрэлхэг хилчдийг төрүүлэн гаргасан домог түүх, дайчин замналтай анги юм.

1984 онд Байлдааны гавьяаны одонгоор шагнагдаж байсан бол Халх голын дайны түүхт 75, чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан 2014 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. 

Тус отряд нь Халх голын сав газрын Цагаан-Уулаас Буйр нуур хүртэлх 600 гаруй км урт Монгол Улсын дархан хилийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Өнөөдөр есөн заставтайгаар Монгол Улсын дархан хилийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, торгон хил дээр найдвартай үүрэг гүйцэтгэж байна.

-Эгнээнээсээ Монгол Улсын таван баатар төрүүлэн гаргасан гэлээ. Хэн, хэн гэдэг баатрууд Халхголын домогт отрядаас төрөн гарсан юм бэ? 

-Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл Монгол Улсын дархан хилийн манаанд бат найдвартай зогсож байгаа манай домогт отрядаас Монгол Улсын баатар П.Чогдон, С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Д.Гуулин, Э.Шийлэг нарын таван баатар төрөн гарсан юм.

Монгол Улсын дархан хилийг халуун амь, бүлээн цусаараа нэр төртэй хамгаалж, түүхэн гавьяа байгуулсан эдгээр таван баатраас гадна энхийн цагт ажил хөдөлмөр, цэргийн эрдмээрээ тодрон гарсан олон генерал, эрдэмтэн мэргэдээрээ манай ангийн бие бүрэлдэхүүн бахархаж явдаг.

Тэднийхээ заримаас дурдвал Дэслэгч генерал, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Арвай, Хошууч генерал, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Сүндэв, Хошууч генерал, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Д.Базарсад, Хошууч генерал, Л.Баяабазар, Ж.Ишдорж, Бригадын генерал Ш.Лхачинжав, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Өсөх идэр начин Д.Дашжамц, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Баттогтох нарын зэрэг олон арван сайчууд бий. 

-Өнөөдөр танай анги хэдэн цэргийн албан хаагчтайгаар Монгол Улсын дархан хилийг манаж байгаа вэ? 

-Халхголын домогт отрядад 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар ирсэн 250 цэргийн албан хаагч, тангаргын баярын өмнөх сургалтад хамрагдаж байгаа. Алба хаах нөхцөл, байр орон сууц, хангалт үйлчилгээ хэвийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хэнтий аймгуудаас хугацаат цэргийн албан хаагчид хүрэлцэн ирж алба хааж байна. 

Гаднаас гарч байгаа ноцтой гэмээр хилийн зөрчил одоогоор бүртгэгдээгүй, Монгол Улсын дархан хил тайван байна. 

Энд зориуд тэмдэглэн хэлэхэд сүүлийн жилүүдэд улсын торгон хил дээр алба хаахаар ирж байгаа цэрэг эрсийн боловсрол, мэдлэгийн түвшин жил ирэх тусам мэдэгдэхүйц сайжирч байна. Энэ жил л гэхэд дээд сургууль төгссөн олон залуу манай ангид хуваарилагдан ирсэн.

Тэд удахгүй энэ сарын 22-нд тангаргаа өргөж, жинхэнэ эр цэргийн ёсоор Монгол Улсын дархан хилийн манаанд зогсох болно. Манай заставууд үндсэндээ Буйр нуурын зүүн эргээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын наад тал хүртэлх Монгол Улсын хилийн манаанд гардаг. 

-Сүүлийн үед хилийн зөрчил хэр гарч байгаа вэ. Ихэвчлэн ямар зөрчил илэрч байна? 

-Сүүлийн үед хил орчмын дэглэмийн зөрчил жаахан ихсэх хандлагатай байна. Яагаад гэвэл дотоодын аж ахуйн нэгжүүд буюу уул уурхай, замын компаниудын үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор хил орчмын дэглэмийн зөрчил нэмэгдэж байна. Гаднаас гарч байгаа ноцтой гэмээр хилийн зөрчил одоогоор бүртгэгдээгүй, Монгол Улсын дархан хил тайван байна. 

-Отрядын офицер, ахлагч, гэрээт хилчдийн амьдрах орон байр, ахуй нөхцөлийн хувьд ямархуу байна вэ? 

-Манай отрядын хувьд офицерүүдийн хотхонтой. Тэр хотхондоо офицер, ахлагч нар маань амьдарч, хил хамгаалах үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд гүйцэтгэж байгаа. Мөн отряд дотооддоо 35 хүүхдийн цэцэрлэг ажиллуулж байна. Ерөнхийдөө офицер ахлагчдын нийгмийн бүх асуудлууд хэвийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа.

Анги байгууллагаас үзүүлэх ёстой “Хилчдийн нийгмийн хамгааллын хөтөлбөр” гэж томоохон хөтөлбөр хил хамгаалах байгууллагуудын хэмжээнд хэрэгждэг. Энэ хүрээнд офицер, ахлагч нарын ар гэрт ямар тусламж, дэмжлэг хэрэгтэй байна тэр бүгдийг зохицуулаад ажиллаж байна. Анги өөрийнхөө уурын зуухаар халаалтын асуудлаа 100 хувь шийддэг. Мөн нөөцийн генераторуудаар тог тасарсан тохиолдолд албаны үйл ажиллагааг хэвийн явуулах бүрэн боломжтой. 

-Та ангийн захирагчаар томилогдоод удаж байна уу? 

-Миний хувьд 1997 онд Хилийн цэргийн дээд сургууль, 2013 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий цэргийн академийг төгсч ирээд 2013 оны долоодугаар сарын 24-нд Халхголын домогт отрядын захирагчаар томилогдож, өнөөдрийг хүртэл албаа хаагаад явж байна. Эцэст нь тэмдэглэхэд Монгол Улсын наран ургах зүүн хил амар тайван, хилчин дайчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Зураг