Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Е.Нарышкин: Вашингтон бодит байдлыг ярихгүй байна

Д.Цэцэг
2015 оны 9 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Улаанбаатарт Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал өчигдөр нээлтээ хийлээ.

Энэ байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангахад оршдог билээ. Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх энэ хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын Их Хурал 2012 онд энэхүү нэр хүндтэй Парламентын Ассамблейн 57 дахь буюу отгон гишүүн болсон. 

Хамгийн залуу гишүүн орны хувьд намрын чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтойг манай улстөрчдөөс эхлээд дэлхийн парламентын гишүүд дүгнэж байгаа юм. Монголд болж буй ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Учир нь энэ удаагийн хурлыг онцлох хэд хэдэн зүйл бий. Юуны өмнө өнгөрсөн долдугаар сард Финландад болсон ЕАБХАБ-ын Парламентын Асамблейн ээлжит хуралд оросын төлөөлөгчдийг хүлээн авахыг татгалзаж, виз олгоогүй.

Энэ үеэр ОХУ-ын эдийн засгийн хоригийн асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Үүнээс болж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин найрсаг харилцаатай Монгол Улсад болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралд оролцож байр сууриа тодорхой илэрхийлэхээ мэдэгдэж байсан.

Тэр утгаараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин энэ арга хэмжээний хүндтэй бас дэлхий нийтийн анхаарлын төвд байсан төлөөлөгчдийн нэг байлаа. Нөгөө талаас дэлхийн олон орныг эгнээндээ  нэгтгэсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл энэ хуралд хүрэлцэн ирсэн юм.

Өмнө нь ЕАБХАБ болон ШХАБ нэг дор уулзаж байгаагүй. Тэгвэл олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дээрх хоёр байгууллага Монголд уулзаж байгаа нь мөн л онцлох үйл явдал болоод байгаа юм.

Хуралдааны нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн удирдах зөвлөлийн гишүүн М.Батчимэг болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгч Иллка Канерва нар үг хэллээ. Хуралдааныг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгч Иллка Канерва нээж хэлэхдээ, “Монгол Улс надад болон миний хамтрагч нөхдөд Финландыг бодвол онцгой зочломтгой хандлаа. Өнгөрсөн долдугаар сард ЕАБХАБ-ы н Парламентын Ассамблейн хуралд ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан Финландаас ялгаатай Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн, НАТО болон Европын холбоотой хамтран ажилладаг орон хэдий ч олон улсын харилцаанд бие даасан, зарчмын байр суурийг баримталдаг” гэдгийг онцолсон. Мөн УИХ-ын дарга З.Энхболд нийт гишүүн орны төлөөлөлд мэндчилгээ дэвшүүллээ.

Хуралдааны нээлтийн өмнө ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгч Иллка Тхаалттай уулзалт хийсэн бол УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нарыг хүлээн авч уулзав. Мөн тэрбээр БНКазУ-ын Сенатын гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга И.Адырбеков , ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Сангийн эрхлэгч Хат Доррис Барнетт тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна.

Өчигдрийн хуралдаан бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд сэдвээр өрнөлөө. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Парламентын Ассамблейн гишүүд европын орнуудын толгойны өвчин болоод буй цагаачид болон Украины асуудлаар ширүүхэн байр сууриа илэрхийлсэн гэж болно.

Турк улсын парламентын гишүүн Metin Baydar:

-Монгол Улс нь ЕАБХАБ-ын хамгийн залуу гишүүн орон. Хэдийгээр гурван жилийн өмнө энэ байгууллагад элссэн ч эх орондоо ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг зохион байгуулж байгаа нь том амжилт гэдгийг хэлэх хэрэгтэй.

Монгол Улс нь ЕАБХАБ-ын хамгийн залуу гишүүн орон. 

Хурал амжилттай болж байгаад талархаж байна. Үүнээс гадна Европ руу гарч байгаа дүрвэгсдийн тухай энд онцлох хэрэгтэй. Хэдхэн хоногийн өмнө европчууд Сирийн 120 мянган дүрвэгсдэд туслах шийдвэр гаргасан. Одоогоор Турк улсад Сирийн хоёр сая гаруй дүрвэгсэд амьдарч байгаа. Цагаачдын асуудалд бид анхаарал хандуулж, боломжтой бүх зүйлийг хийж байгаа. Цаашид ч анхаарч ажиллана. Энд хоёр мянга, 200 мянга биш хэдэн сая дүрвэгсдийн асуудал яригдаж байгаа. 

Туркт аялал жуулчлалын улирал эхэлсэн. Харин ихэнх цагаач иргэн эргийн бүс нутаг болон аялал жуулчлалын чухал хэсгүүдээр амьдарч байгаа нь манай улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Цагаачдын асуудал нь зөвхөн Европын орнуудын асуудал биш. Тиймээс үүнийг дэлхий нийтээрээ хамтарч шийдэх хэрэгтэй.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин:

-Дэлхийн I дайнаас  өмнө үг хэлээс болж дайн үүсдэг гэсэн мэргэн үг гарсан байдаг. Тиймээс бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд улс орнуудын улстөрчид үтээ хариуцлагатай хэлдэг байх ёстой. Донбасст болж байгаа үйл явдал, терроризм, олон зуун дүрвэгсдийн асуудал нь бүс нутгийн хурц асуудал болоод байна.

Европын орнууд руу дүрвэгсэд маш олноороо ирж байна. Гэрт нь үүсгэсэн галыг яаралтай унтраах шаардлагатай байгаа. Яагаад тэр гал гарсныг одоо ярих шаардлагагүй байх. Дүрвэгсдийн хувь тавилан хүнд байдал байгаа тул дүрвэгсдийг хүлээж авах квотоо Европын орнууд нэмээсэй гэж хүсч байна.

Хөргөгчтэй машин болон далайд завиар явж байгаад олон хүн амиа алдаж байна. ОХУ гэхэд өнгөрсөн жил 1.1 сая дүрвэгсдийг Украинаас хүлээж авсан. Харин европын орнууд үүнээс бага дүрвэгсдийг хүлээж авч байгаа. Оросын талаас Донбасст 45 мянган тонн хүнс, түлш, эмийг илгээж байгаа. Гэтэл европын орнууд үүнийг болиулах гэж оролдож ярьж байна. 

ЕАБХАБ-ын хүрээнд энэ асуудлыг анхаарч үзэх шаардлагатай. Энэ байгууллага уг асуудлыг анхаарч ярьж байгаа цорын ганц байгууллага болоод байна.

Өнгөрсөн жил ЕАБХАБ-ын хүрээнд Украины асуудлаар яриа. хэлэлцээр хийсэн ч гэсэн харамсалтай нь Украины зүгээс хамтрах асуудлыг ярихгүй байна. Украины хямралын шалтгаан, дүрвэгсдийн асуудлыг ярих шаардлагатай. Гэтэл барууны орнууд болон Вашингтоны зүгээс өөрсдийгөө хэт дөвийлгөсөн байдлаар ярьж байна.

Бодит мэдээллийг дэлхийн улс орнуудад түгээхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс хэд дараах асуудлаар анхаарах нь зүйтэй. Нэгдүгээрт, Украины асуудлыг Минскийн хэлэлцээрийн төвшинд шийдэх, Хоёрдугаарт, дүрвэгсдийн асуудал олон улсын төвшинд тулгамдаад байна. Тиймээс дүн шинжилгээ хийж,шалтгааныг нь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейд танилцуулах. Гуравдугаарт, ОХУ Европын холбоотой хамтран ажиллах гэсэн энэ процесс дээр эдийн засгийн хориг арга хэмжээг авч байгаа нь ямар үр дагавартай байдгийг эргэж харах шаардлагатай.

Эцэст нь бид улс төрийн ёс суртахуунтай байж олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ярилцдаг болъё. Мөн хүмүүнлэгийн үнэт зүйлсийг авч хэрэгжүүлдэг байя. Хоёр нүүртэй байх нь хэзээ ч сайн үр дүнд хүргэж байгаагүй.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь Украин улсын төлөөлөгчдийн тэргүүн Artur Gerasymov:

-Манай улс Оросын түрэмгийлэл, хүчирхийллийн золиос болоод байгаа. ОХУ Украин руу түрэмгийлж байгаа нь олон зүйл дээр бэрхшээл учруулах болсон. ОХУ Крымыг өөртөө нэгтгэж авсан. Хүний эрхийн зөрчил гаргах, зэвсэглэн тэмцэлдэх зэргээр асуудал үүсгэж байна.

ОХУ Украин руу түрэмгийлж байгаа нь олон зүйл дээр бэрхшээл учруулах болсон.

Оросын төлөөлөл ЕАБХАБ-ын зүгээс анхаарахгүй байна гэж хэллээ. Гэтэл бид оросууд Украинд ямар нөлөөлөл үзүүлж байгаа бодит мэдээллийг ЕАБХАБ-ын хуралд дээр байнга өгсөөр ирсэн.

Бид хэдийгээр 27 мониторингийн цэг байгуулаад ажиглалт хийж байгаа ч террористуудын эзэмшилд байгаа Оростой хиллэсэн газар нутгийн бүгдэд нь ажиглалт хийх ямар ч боломжгүй байна

. Мөн бага зэргийн эерэг процесс явагдаж байсан ч Минскийн хэлэлцээрийн үр дүнг хэрэгжүүлж чадахгүй байна. Украины хямрал нь зөвхөн хоёр орны асуудал гэж үзэлгүйгээр аль болох олон улсын хамтын нийгэмлэгийн зарчмын дагуу шийдэх ёстой гэж бодож байна гэв.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хоёр дахь өдрийн хуралдаан бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг сэдвээр үргэлжлэх юм.

Зураг