Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Манай дэлхийн нууцлаг АРВАН ОЛДВОР

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 6 сарын 13
iKon.MN

Моа шувуу

Моа бол нисдэггүй аварга биет шувуу. Шинэ Зеландад амьдарч байгаад 1,500 орчим жилийн өмнө нутгийн хүмүүсийн (Маори) гараар устгагдсан гэдэг. Харин судлаачдын нэгэн хайгуулын явцад энэ шувууны гайхалтай сайн хадгалагдсан хөлийг олжээ.

Ийм урт хугацаанд хэрхэн хадгалагдаж үлдсэн нь оньсого хэвээр байна.

 

Перу дахь сүмийн цогцолбор Саксайуаман

Энэ сүмийн цогцолборыг чулуу хооронд ямар нэг наалдуулах зуурмаг огт ашиглаагүй барьж босгожээ. Гэхдээ завсраар нь хуудас цаас ч шургуулах зайгүй нягт. Чулуу бүрийн гадаргууг хэрхэн ингэж нарийн боловсруулсан нь сонирхолтой.

 

Боливийн Тиуанаку дахь Нарны хаалга

Энэ бол эртний нууцлаг хот. Зарим эрдэмтэд манай эриний эхний мянган жилд энэ хот нь нэгэн гүрний нийслэл байсан гэж үздэг. Одоо болтол хаалган дээрх зураг, дүрсний учрыг тайлаагүй байна. Магадгүй одон орон судлалын ямар нэг үнэт мэдээллийг агуулж байгаа ч юм билүү.

 

Хятадын Лунью агуй

Энэ агуйг хүний гараар элсэн хөрсийг ухаж байгуулсан байдаг. Ийм маш хэцүү ажлыг олон мянган хүний оролцоотой л хийх боломжтой.

Гэвч энэ хүнд нарийн бүтээн босголтын талаар ямар ч түүхэн эх сурвалжид дурдаагүй байдаг нь гайхмаар.

 

Египетын чулуун багана

Энэ аварга баганыг чулууг шууд ухаж засаж хийсэн боловч ямар нэг өө сэв, цуурал огт байдаггүй. Дуусгаагүй үлдээсэн байгаа нь сонин. Хэмжээ нь үнэхээр аварга том.

 

Японы Ёнагуни арлын орчмын усан доорх хот

Энэ байгууламжийг усан шумбалтын багш Кихачиро Аратаке санамсаргүй илрүүлжээ. Байгууламж нь бидний мэдэх шинжлэх ухааны онолуудыг үгүйсгэдэг. Чулууг засаж босгосон байгууламж усан дор 10,000 жилийн өмнө орсон нь Египетийн пирамидуудыг баригдахаас ч өмнө юм.

Орчин үеийн эрдэмтдийн онолоор тэр үед хүмүүс агуйд амьдарч, ургамлын үндэс, араатан амьтдыг авлаж иддэг байснаас биш чулуун хот босгох хэмжээнд хүрээгүй байсан гэнэ.

 

Пакистан дахь Мохенжо-Даро (үхэгсдийн толгод)

Олон арван жилийн турш эрдэмтэд энэ хотын учрыг олохгүй байгаа. 1922 онд Энэтхэгийн археологич Р. Банаржи Инд мөрний нэг арал дээрээс үүнийг илрүүлжээ. Тэр үед ургаж гарч ирсэн асуулт: энэ том хот хэрхэн сүйрэв, оршин суугчид нь хаачсан бэ?

Одоо болтол энэ асуултын хариу олдоогүй байна.

 

Канадын Л’Анс-о-Медоуз дахь хотхон

Энэ хотхоныг 1,000 жилийн өмнө Викингүүд босгосон гэдэг. Үүнээс үзвэл Христофор Колумбыг төрөхөөс ч өмнө тэд Хойд Америкт хүрээд байжээ.

 

Чулуун зэвсгийн үеийн хонгилууд

Газар доорх хонгилын томоохон сүлжээ (Шотландаас Турк хүртэл бүх Европоор тархсан) нь чулуун зэвсгийн үеийн хүмүүс зөвхөн самар, жимс түүж, ан гөрөө хийдэггүй байсныг харуулж байна.

Энэ хонгилын системийн зориулалт одоо болтол тодорхойгүй байгаа. Зарим судлаачид хүмүүс үүнийг араатан амьтнаас нуугдах, дайн тулаан, цаг агаарын нөхцөл байдлаас хамгаалах гэж байгуулсан хэмээн таамаглаж байна.

 

Коста Рика дахь чулуун бөмбөлгүүд

Төгс бөмбөлөг хэлбэртэй чулуунууд хаанаас гаралтай, яаж ийм хэлбэртэй болсон, яах гэж бий болгосон зэрэг нь нууцлаг. Тэднийг хорьдугаар зууны 30-аад оны үед гадил жимсний тариалан байгуулахаар ширэнгийг огтлох үед илрүүлжээ.

Нутгийнхны ярьдаг домогоор эдгээр чулуун дотор алт нуугдаж байгаа гэдэг ч дотроос нь юу ч гараагүй гэнэ.

 

Эх сурвалж: adme.ru