Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ялалтыг архи шийдэж байсан ДОЛООН ТУЛААНы нэг нь Монголынх

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Wearethemighty.Com сайтад дэлхийн түүхэнд архинаас болж хувь заяа нь шийдэгдэж байсан долоон тулааныг нэрлэжээ.

Сонирхолтой нь эдгээр долоогийн тоонд Монголчуудын түүхтэй холбоотой нэгэн тулаан багтаж байна.

Энэ тухай “Водканы түүх” номондоо Вилям Васильевич Похлебкин дэлгэрэнгүй бичсэн байдаг гэнэ.

1377 онд Оросын арми өөрсдөөсөө цөөн тоотой дайснаа хүлээн голын эрэгт суухдаа их хэмжээгээр архи уун согтоцгоосноос болж Алтан Ордны цөөн монголчуудад цохиулжээ.

Оросын цэргийн таван жанжин нэгдэж голын эрэг дээр цуглаад дайснаа хүлээж байв. Гэвч удаан хүлээсэн оросууд тэвчилгүй ууж эхэлсэн байна.

Нам согтоцгоосон дайснаа хараад Монголчууд шууд л хядаж эхэлсэн гэнэ.

Гол командлагч Иван Дмитриевич өөрийн шадар хүмүүсийн хамт голд живж үхсэн гэдэг.

Энэ цагаас хойш Мордовын хязгаарт орших уг голын хуучин нэр мартагдаж Пьяна гол буюу “согтуу гол” хэмээн нэрлэх болсон байна.

 

Харин бусад зургаан тулааныг товч дурдвал:

  • Холбоотнуудын “D-Day” ажиллагааны үеэр стратегийн чухал гүүрийг хамгаалах ёстой байсан Герман офицер согтуурснаас болж объектоо холбоотнуудад хялбар алджээ.
  • Америкийн иргэний дайны үеийн хоёр ч том ялагдал архидан согтуурсантай холбоотой гэнэ.
  • 1560  онд самурай нарын хоорондын нэгэн тулаанд 2,500 хүнтэй Нобунагагийн бүлэг нь архидан согтуурсан 35,000 хүнтэй Ёшимотогийн бүлгийг ялж байжээ.
  • 1570 онд архинд дуртай Оттоманы султан Сэлим II Газар дундын тэнгист Загалмайтнуудтай тулалдаж ялагдсан нь архинаас болсон гэдэг.
  • Трой хотын түүхийг хүмүүс хамгийн сайн мэддэг. Грекчүүд модон морь ашиглан Трой хотод нэвтэрч, хэрхэн ялалтаа тэмдэглэж согтсон Тройчуудыг ялсан тухай түүхэн эх сурвалжуудад бичигдсэн байдаг билээ.