Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай хамгаалалтад авсан 800 орчим газарт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогджээ

БОНХАЖЯ
2015 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, мэдээллийг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон  Байгаль орчны мэдээллийн төв, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ашигт малтмалын газар, Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

БОНХАЖ-ын сайдын  зөвлөх Ц.Шийрэвдамба  “Орон нутгийн хамгаалалттай газруудын талаар албан ёсны мэдээллийн сан бүрдүүлэх, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, орон нутгийн хамгаалалттай газруудын менежментийг дэмжихэд шаардагдах чадавхыг үндэсний болон орон нутгийн төвшинд бүрдүүлэх шаардлагатай байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд төрийн санхүүжилтээс гадна өөр хэлбэрүүдийг нэвтрүүлэх, менежментийг  бүтнээр нь эсвэл хэсэгчилсэн байдлаар иргэдийн нөхөрлөл, ТББ, аж ахуйн нэгжид хариуцуулах замаар төрийн ачааллыг багасгах, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог хөгжүүлэх зорилгоор эрхзүйн шинэчлэл хийж байна” гэлээ.

Орон  нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт, уул уурхайн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тохиолдол олон байна гэх судалгааг Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн хүрээнд хийжээ. Эл асуудлыг цэгцлэх зорилготойгоор тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах төсөл хэрэгжиж байгаа юм. 

Манай улсын хэмжээнд 2500 гаруй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг байна. Харин эдгээр газрын 800 орчимд нь уул уурхайн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл давхардуулан олгожээ.

Үүнд нөлөөлдөг гол зүйл  нь орон нутгийн удирдлагууд тусгай хамгаалалтад авсан газрын талаарх мэдээллээ  хуульд заасан хугацаандаа  багтаж салбарын яам,  Ашигт малтмалын газарт мэдээлдэггүйтэй холбоотой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.  Үүнээс болж тухайн байгууллагад бүртгэлтэй орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх  мэдээлэл зөрдөг байна.

Тиймээс энэ мэт асуудлыг шийдвэрлэх үүднээс НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд  таван жилийн  хугацаатай  “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх” төсөл 2013 оноос  хэрэгжиж байгаа ажээ.