Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

“ITB 2015”-д Монголчууд хэрхэн оролцож байна вэ?

Д.Батбаяр, iKon.mn
2015 оны 3 сарын 3
iKon.MN
 

- “ITB 2015” үзэсгэлэнгээс мэдээлж байна -

Монгол Улс гол түншлэгч орноор нь оролцож буй ITB 2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийнэ.

Дэлхийн 190 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцох уг үйл ажиллагааны гол түншлэгч орны хувиар Монголын баг бусдаас урьтан үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх Messe Berlin төвд ирж бэлтгэлээ базааж байна.

Messe Berlin үзэсгэлэн худалдааны цогцолбор нийт 60 мянган м2 талбайтай бөгөөд Монгол Улс 400 гаруй ам.метр газар түрээслэн нутаг орноо сурталчлах юм.

Энэ ажлыг “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ зохион байгуулж байна. Монгол Улс энэ удаа Mongolia, nomadic by nature буюу “Монгол бол язгуурын нүүдэлчин” уриатай оролцох ажээ.

Бэлтгэл ажлын талаарх фото мэдээ:

1. Саахалт буулаа. Messe Berlin үзэсгэлэнгийн танхим руу орох хаалганы өмнөх талбайд 15 ханатай гэр барьж байна. Үүнээс гадна 4, 5, 8 ханатай гурван гэр нэмж барих бөгөөд тэдгээрт үзэсгэлэнгийн турш монгол зан заншилыг сурталчлах юм.

 

2. Уяагаа уртасгана. Монголыг зорин ирэх жуулчдын олонх нь агаарын хөлөг ашигладаг. Тиймээс Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани үзэсгэлэнгийн танхимын орох хаалганы дотор талбайд 121м2 талбай дээр үйл ажиллагаагаа сурталчилж байна.

 

3. Хөг нийлүүлж байна. ITB 2015-ыг нээх 60 хүний бүрэлдэхүүнтэй Монголын урлагийн баг Берлин хотод ирээд Messe Berlin цогцолборын City Cube Berlin танхимд тоглолтын бэлтгэлээ эхлүүллээ. Уг тоглолтыг On’Off продакшны захирал Ононбат найруулж байгаа юм.

 

4. Өрхөө татна. Үзэсгэлэн худалдааны Ази тивийн танхимын гол хэсэгт гол түншлэгч орон Монгол Улс 220 м2 талбайд бууриа засаж байна. Заслын гол агуулгыг Подсдам-Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхан гаргажээ.

 

5. Монгол зоог. ITB 2015 үзэсгэлэн худалдааны турш тус цогцолборын “Бранденбург” ресторан болон бусад хоёр хэсэгт үндэснийхээ хоолоор үйлчлэхээр 10 тогооч бүхий Монголын баг бэлтгэлээ хангаж байна. ITB-ийн түүхэнд гол түншлэгч орон бие даасан гал тогоо ажиллуулж байгаагүй аж.