Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен энэ оны хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилж байна.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаатай уулзана.
Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Пхеньян хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж, БНАСАУ-аас Лихтенштейний Вант Улс, Нидерландын Вант Улс, Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар, “Ким Ир Сен”, “Ким Жөн Ир”-ийн одонгоор шагнагдсан, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүн юм байна.