Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олуулаа болох тэмүүлэл 3.000.000 дахь иргэн

О.Бат-Ундрах
2015 оны 1 сарын 22
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Энэ cap нэлээд дуулиан шуугиантай шувтарч байна. Эдийн засгийн Монгол Улс өриин таазаа өндөрсгөн, ам.долларын ханш 2000 төгрөгт дөхөөд буй энэ цагт иргэдийн магнайг тэнийлгэж буй ганц зүйл нь Монголчууд гурван саяулаа болж буй тухай мэдээ.

Бид гурван саяулаа болох нь. Браво. Мэдээж хүн ам өссөнөөр ажиллах хүчний фронт өргөжиж, хөгжлийн гарц аандаа нээгдэнэ гэсэн үг. Аливаа улс орныг дор хаяж таван сая хүн амтай байж хөгжилд хүрнэ гэж ярьдаг ч гурван сая гэдэг бидний хувьд чамлахааргүй үзүүлэлт. Хэдхэн жилийн дараа Монголчууд таван сая дахь иргэнээ угтахаар бужигналдах нь гарцаагүй.

Хэдийгээр бид олуулаа болж буй нь сайн хэрэг ч яг үнэндээ Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү. Энэ асуудлыг тойрсон цаг үеийн мэдээллийг “Өнөөдөр” сонин “Дугаарын онцлох сэдэв” буландаа хөндлөө.

Аливаа улс орныг дор хаяж таван сая хүн амтай байж хөгжилд хүрнэ гэж ярьдаг.

Үндэсний статистикийн хороо вэб хуудасныхаа баруун доод буланд Монгол Улсын хүн амын тоог өдөр, цагаар байнга мэдээлдэг.

 Тэгтэл энэ сарын 19-нөөс хойш “Монгол Улсын хүн ам гурван сая хүрэх гэж буйтай холбоотойгоор тооцооллын ажил хийж байгаа тул хүн амын мэдээллийн цагийг түр хугацаагаар хаав” гэсэн байв.

Уг нь эднийх төрөлтийн мэдээллийг долоо хоног, өдөр, цагаар нэгтгэж, олон нийтэд ил тод зарлаж байхаар мэдэгдсэн ч мэдээллээ ийн нууцлах болсонд учир бий аж.

Зарим хүн твиттертээ “Гурван сая дахь иргэн энэ сарын 20-нд төрнө” гэж худлаа жиргэснээс болоод олон эмэгтэй хийсвэр хагалгаагаар амаржиж, нэг хүүхэд бүтэлтийн улмаас нас барсан мэдээ байна.

Гурван сая дахь иргэн төрүүлэх нь чухал ч гэлээ эх, хүүхдийн эрүүл мэнд түүнээс илүү гэдгийг зарим эцэг эхчүүд ойлгохгүй, ийм болчимгүй алхам хийж буй нь харамсалтай. Тиймээс Үндэсний статистикийн хорооныхон олон нийтийг үймүүлэхгүй, эх, хүүхдийн эрүүл мэндийг ямар нэг байдлаар хохироохгүйн тулд одоогоор төрөлтийн мэдээллийг нууцалж байгаа нь энэ аж.

Уг нь бол бидний оролцоогүйгээр гурван сая дахь иргэн төрнө. Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нь шоудсан шоудаагүй, УИХ-ын эмэгтэй гишүүд төрөх эмнэлэгт очсон очоогүй, хүн ам жамаараа өсөх нь цаг хугацааны л асуудал.

Бидний оролцоогүйгээр гурван сая дахь иргэн төрнө. 

Харин эрх баригчдад гурван сая дахь иргэн төрөх нь л чухал болохоос ямар орчинд өсөж, сурч боловсрох нь падгүй юм шиг ээ.

Өмнөх, тэрний өмнөх Засгийн газрын үед хүн бүрийг хүүхдийн төлөө “За” гэж хэлэхийг уриалж байсан бол өнөө “Олуулаа” болохыг илүү чухалчлах болсон.

Тэд тоонд анхаарахаас чанарт ер санаа зовинохгүй байна. Гурван сая дахь иргэнээ аятайхан орчинд угтаад авах амаржих газар манайд алга. Төрснийх нь дараа эмчлэх эмнэлэг Монголд бас алга. Хоёр нас хүрлээ. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы ард хоцорно. Зургаан нас хүрлээ.

Сургуульгүй, эсвэл өнөө, маргаашгүй нурах шахсан барилгад гурван ээлжээр хичээллэнэ. Оюутан боллоо ч улсаас аав ээжид нь олигтой цаиин өгөхгүй байгаа учир сургалтын төлбөрөө төлөх гэж чардайна. Амьдрал дээр гарлаа, ажил олдохгүй. Ийм л дүр зураг гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг угтаж байна.

Төрснийх нь дараа эмчлэх эмнэлэг Монголд бас алга. 

21 аймаг, есөн дүүргээс нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулан, алдаршуулж хүүхэд тус бүрт 70 орчим сая төгрөг, түүнтэй тэнцэхүйц өртөгтэй орон сууцаар урамшуулна гэж байгаа. Мөн гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн бүх хүүхдүүдэд гурван сая төгрөг өгнө.

Дээрээс нь 21 аймаг, есен дүүрэг, Нийслэлчүүд өөрсдөө гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн нэг нэг чацуутныг тодруулж, 70 хүртэлх сая төгрөгөөр урамшуулахыг Засгийн газраас аймаг, сум, нийслэл, дүүргийн удирлагуудад үүрэг болгосон.

Тэгвэл энэ бүгдийг тооцож үзвэл гурван сая дахь 30 иргэнд нийт 2.1 тэрбум төгрөг, өдөрт 200-240 хүүхэд төрдөг гэж үзвэл гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн хүүхдүүдэд нийт 600-720 сая төгрөг, гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 21 аймаг, есөн дүүргийн чацуутнуудад дунджаар 2-2.1 тэрбум төгрөг өгөх хэрэгтэй болно.

Улс орны эдийн засаг хүнд, хаа хаанаа “бүсээ” чангалж буй өнөө үед гурван сая дахь иргэнийг алдаршуулж, тодруулахын тулд улсын төсвийн хөрөнгөнөөс 4.74.8 тэрбум төгрөг хуу хамах нь хэр зохистой вэ.

Мэдээж гурван сая дахь иргэнээ алдаршуулан, түүний чацуутнуудыг урамшуулах нь сайн хэрэг ч гэлээ тэднийг өсөж том болоход нь сурч боловсрох сургууль, цэцэрлэг хэрэгтэй.

Ийм хэмжээний мөнгө сул “хаяж” байхын оронд гурван сая дахь иргэний нэрэмжит сургууль, цэцэрлэг барьчихвал яасан юм.

Эрх баригчид эрүүл мэнд, боловсролын салбараа одооноос өөд нь татаж, гүрван сая дахь иргэн, түүний чацуутнууд, тэдний дүү нар, хүүхдүүдэд нь эрүүл саруул өсөж, эрдэм боловсролтой болох таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй бус уу.

 

Зураг