Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тунгалаг: Дэм дэмэндээ байж л бид хөгжинө шүү дээ

Э.Пагма
2015 оны 1 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

-Хотыг орхиж хөдөөг зорьсон гэр бүл шувууны аж ахуйг дөрвөн жилийн дотор хөгжүүлжээ-

Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэд хотыг зорьж, суурьших болсон. Энэ их нүүдэл одоог хүртэл тасраагүй хэвээр. Нэг хэсэг нь хотыг зорих иргэдийн тоо буурсан хэмээж байгаа ч их хот өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа нь үүнийг үгүйсгэх аж.

Гэхдээ хотын дуу чимээ, утаа зэргээс зугтаж, орон нутагт өөрийн бизнесийг эрхэлж буй иргэд цөөнгүй. Тэгвэл энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа хотыг “орхиж” хөдөөг зорьж, ажил амьдралаа төвхнүүлж буй эрхмүүдийг урилаа. 

Б.Тунгалаг, Д.Лхагвагарам гэх гэр бүлийн хоёр эдүгээ Баянгол сум буюу бидний нэрлэж заншсанаар Баруунхараад хувийн аж ахуй эрхэлж буй. Таван жилийн өмнө Баруунхараад дөрвөн ханатай гэртэй очиж байсан тэд эдүгээ хувийн байшин барьж, мөн тахиа, галуу зэргээс эхлэн “гоёлын” тагтаатай, саалийн хэдэн үнээтэй, гахай тэжээж, хувийн аж ахуйг үлгэр жишээ авч яваа хүмүүс. 

Тэд ганц хүүтэй бөгөөд хүүгийнхээ ирээдүйн боловсролын төлөө хуримтлал үүсгэх, цаашлаад аж ахуйгаа олон улсын жишигт хүргэх мөрөөдөлтэй. Мэдээж энд цаг хугацаа орох ч тэдний гэр бүл үүний төлөө өдөр шө­нөгүй ажил­ладаг байна.

Шувууны аж ахуй эрхлэх нь дуртай хүн бү­рийн хийгээд байх ажил биш мэт.

Нэг жи­шээ хэ­лэхэд цацагт хяруулын дэг­дээ­хэй арагшаа саваад унавал ба­раг л тэр дороо үхчихдэг уч­раас хариуцлагатайгаар байн­га хашаа хороогоо өдөр шө­нө­гүй эргэдэг гэнэ лээ.

Энэ мэтээс эхлээд шувууны аж ахуй эрхлэх нь дуртай хүн бү­рийн хийгээд байх ажил биш мэт. Гэхдээ тэд шантарсангүй. 

Э­х­нэр Д.Лхагвагарам нь гав шав хий­сэн ажилч, нэг харахад та­хиагаа тэжээж, нэг харахад шу­вууныхаа хашаа хороог цэвэр­лэж явах. Нөхөр Б.Тунгалаг дуу цөөнтэй нэгэн ажээ. Гэхдээ мөн л эхнэрээсээ дутахгүй ажилсаг нэгэн. Эхнэр нь “Манай хүн гадна дотны хүн, хэвлэлийнхэн ирэхээр гараад хашаа хороогоо цэвэрлээд алга болдог юм. Би л өмнөөс нь эрхэлж буй аж ахуйгаа танилцуулна. Гэхдээ энэ удаа нөх­рийг дуудаж, яриулна аа” хэ­мээн гаднаас хашаагаа цэвэрлэж буй Б.Тунгалагийг дуудаж, бидний ярилцлага эхэлсэн юм. 

-Хувийн аж ахуйтай болох санаа хэрхэн төрж байв. Анх эхлүүлэхэд бэрхшээлтэй зүйл байв уу? 

Д.Лхагвагарам:

Анх Улаан­баа­­тар хотод амьдардаг байлаа. Тэгсэн нэг л сэтгэл нийцэхгүй, орон нутагт амьдармаар са­наг­даад энд ирсэн. Манайх Ба­руун­хараад ирээд таван жил болж байна. Тэгээд л хувийн аж ахуй эрхлэх санаа төрсөн. На­майг бага байхад манайх шу­вуутай айл байсан. 

Энэ аж ахуйг эрхлэхэд тэр орчин надад нө­лөөлсөн. Үүнээс гадна манай ах Д.Нанзаддорж надад маш их нөлөөлсөн. Манай ах Сэлэнгэд мөн л шувууны том аж ахуй эрхэлдэг.

Өөрөө шувууны аж ахуйтай болох гэж их олон жил хөдөлмөрлөсөн хүн.

Өөрөө шувууны аж ахуйтай болох гэж их олон жил хөдөлмөрлөсөн хүн. Түүнийг хараад шувууны аж ахуй эрхлэх санаа төрсөн. Ах маань анх бидэнд 15 дэгдээхэйтэй нэг тахиа өгсөн.

Тэгэхдээ ах тахиагаа сайн үржүүлж чад­вал галуу өгнө гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр 40 орчим тахиа­тай болж, ах галуу өгсөн. Ин­гээд л урам орж, галуугаа сайн өс­гөөд ирэхэд цацагт хяруул өг­сөн. Энэ их урам оруулдаг зүйл юм билээ. Тэгээд л энэ аж ахуй руу  эргэлт буцалтгүй ор­сон доо.  

-Одоо бол та бүхэн өөрийн гэсэн аж ахуйг хөл дээр нь бос­гож. Сайхан бай­шин­­тай­гаас гадна шу­вуу­ны ха­шаа саравчийг ч барь­сан бай­на. Шувууны аж ахуйг амжилт­тай эрхлээд ирэ­хээр та бүх­нээс энэ та­лаар зөв­лөгөө авах хүн олон гарна биз?

-Тийм ээ. Ямар нэгэн орлогогүй хүн ямар нэгэн ажил хийх хэрэгтэй. Ер нь залуу хүн яагаад зүгээр суух ёстой гэж. Бусад хүмүүсийн л адил эрүүл саруул учраас зүгээр сууж чадахгүй, дээр хэлсэнчлэн энэ чиглэлийн ажил хийхээр зорьсон.

Манай гэр бүл анх Баруунхараад ирэхдээ дөрвөн ханатай гэртэй задгай талд бууж байлаа. Тэр үеийг бодвол одоо өөрийн гэсэн сайхан байртайгаас гадна шувуунууддаа зориулж мөн л хашаа саравч, өвөлжөөг нь барьж өгсөн. 

Үүнээс гадна саалийн хэдэн үнээтэй. Энэ бүхэнд ах маань маш их тус болсон. Ингээд аж ахуй маань цэгцрээд ирэхээр нутгийн хүмүүс бидний ажлын талаар их асууна.

Шувууны аж ахуй эрхэлсэн цагаас л туршлага хуримтлуулсан, мөн ахаасаа сурсан зүйлээ бусдад хэлж өгнө. Энэ мэт явсаар маш сайн туршлагатай болж байна. 

Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралд эдгээр амьтдаа хэрхэн асрах, хоол унд нь ямар байх, өвөл ямар байдлаар амьдруулах, дөнгөж гарсан дэгдээхэйг хэрхэн асрах гээд бүхий л зүйлийг сурч байна.

Үүнээс гадна бидэнд хамгийн их дэм өгсөн зүйл бол ах маань 10 гаруй жил хэрэглэсэн инкубаторыг өгсөн. Үүн дээр түшиглэж, маш олон шувуутай болсон доо. Ингээд бид нэг л мэдэхэд шувууны аж ахуйн чиглэлээр ажиллаад дөрөв дэх жилээ үдэж байна. Бидний амьдрах баталгаа, орлого ч энэ болж.

-Хувийн аж ахуйг эрхэлж байгаа иргэдийг сум орон нутгаас хэр дэмжих юм. Та бүхэн сум, орон нутагтаа энэ талаар хандаж байв уу. Зээл авах гэх мэтээр?

-Хандалгүй яах вэ. Бид энд ирээд жил гаруйн дараа сумаас зээл авах хүсэлтэй гэдгээ хэлсэн. Сум хөгжүүлэх сангаас бидэнд хөнгөлөлттэй урт хугацааны зээл өгсөн. Энэ зээлийг авахын тулд төслөө бичиж, зээлийн тусламжаар их зүйл хийсэн дээ.

Гараа хумхиж суухгүй байвал хэн ч гэсэн урам өгч дэмждэг.

Шувуу бас бус амьтдаас орлого олж байгаа ч шаардлага хангасан байр сав барихад бидний хөрөнгө санхүү арай хүрэхгүй байсан. 

Тиймээс Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээр шаардлагатай зүйлээ барьж бүрдүүлсэн. Манай сум иргэдийнхээ хийж байгаа ажлыг маш сайн дэмждэг. Өөрөөр хэлбэл, хэн юу хийж чадна, түүн дээр нь тулгуурлаж маш сайн дэмждэг юм. Гараа хумхиж суухгүй байвал хэн ч гэсэн урам өгч дэмждэг шүү дээ. 

-Та бүхэн ахынхаа дэмжлэгээр өдий зэрэгт хүрчээ. Тэгвэл одоо эргээд энэ төрлийн аж ахуй эрхлэх гэж байгаа хүмүүст хэрхэн тусалж байна вэ?

-Энэ талаар хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажил бий. Олон айлыг шувуутай болгож амьжиргааны эх үүсвэртэй болоход нь туслах санаатай. Энэ ч үүднээс гурван айлыг шувуутай болгох суурийг нь тавьсан.

Үүнээс амжилттай яваа нэг айл бий. Нөгөө хоёр нь жаахан туршлага дутсан уу, шувуугүй болсон байна билээ. Тийм ч учраас бид хоёр өөрсдийн мэддэг болгоноороо тусалж, нэг нэгэндээ дэмтэй явна. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхөд өөрийн хэмжээнд тусалж явдаг. 

-Та хоёр өрхийн аж ахуйг улам л өргөжүүлэх нь мэдээж байх. Харин энэ бүхэнд тулгардаг хүндрэл бэрхшээл юу байх юм?

Б.Тунгалаг:

-Мэдээж өөрийн аж ахуйг улам өргөжүүлэх бодол байлгүй яах вэ. Бид анх шувуутай болж байснаа бодвол өөрсдийн гэсэн шувууны байртай болчихлоо.

Тиймээс цаашид том том шувууны аж ахуйн нэгж шиг иргэдийг баталгаат хүнсний бүтээгдэхүүн болох өндгөөр хангах бодол бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд үр тарианы үнэ өссөнөөс үүдэн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд жаахан хүндрэл үүсэх юм. 

Тиймээс би энэ хавраас эхлэн шувууныхаа тэжээлийг өөрөө тарих бодолтой байгаа. Эрдэнэшиш, улаан буудайг эхний ээлжинд багахан га талбайд тарьж үзээд цаашлаад болж байвал таньдаг мэддэг хүмүүстэйгээ нийлж, энэ ажлыг өргөжүүлнэ.

Цаашид аж ахуйгаа бүр их томруулна гэсэн бодол ч бий. Манай сумын давуу тал нь дэд бүтэц маш сайн хөгжсөн. Зах зээл ч ойрхон шүү дээ. Дархан, Зүүнхараа гээд зах зээл өргөн болохоор бид мэрийж л байна. 

-Та бүхэн одоо шувууныхаа бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн нийлүүлж байна вэ. Цаашид өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох бодол бий юу?

-Одоохондоо нэг их тоо толгойг нь өсгөж чадаагүй болохоор амьдаар нь болон өндөгийг нь зах зээлд нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүнсний зориулалтаар ямар ч бүтээгдэхүүнийг гаргаж чадаагүй яваа. Харин алсдаа тариагаа тариалаад ирэхээр өөрсдийн хүссэнээр тоо толгойг нь өсгөж, зах зээлд өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн гаргах зорилготой байна.

 Манай тахиа фермерийн зориулалттай бус үржлийн зориулалттай учраас махыг нь хүнсэнд хэрэглэхэд тийм ч таатай бус. Яах вэ, нэг настай тахиаг хүнсэнд хэрэглэж болох ч хоёр нас хүрээд ирэхээр булчин шөрмөс нь их болоод хэрэглэхэд таатай бус байдаг юм. Ойрын 2-3 жилдээ үржлийн чиглэлийн тахиа зах зээлд нийлүүлнэ гэж бодож байгаа. 

-Та хоёрыг харж байхад байнга л утас чинь дуугарч байх юм. Зөвлөгөө авах, өндөг тахиа худалдаж авах гэсэн хүмүүс их залгана биз? 

-Шөнө оройн цагаар “Манай шувуу ингэлээ тэглээ” гэж ярих хүн зөндөө. Бидний хувьд шөнө орой хэдэн цаг болж байсан ч хамаагүй өөрсдийн хэмжээгээр тусалж зөвлөгөө өгнө.

Ингэж бид дэм дэмэндээ байж өрхийн аж ахуй хөгжинө шүү дээ.  Нэг айлын амьжиргаа дээшилнэ гэдэг улс орны хөгжлийн нэг хөшүүрэг болдог учраас бид хичээж ажилладаг юм. 

...Ийнхүү бидний яриа өндөрлөж, тэд ч хашаа хороогоо цэвэрлэх ажилдаа орсон юм. Өдөр бүр, цаг минут тутамд шувуундаа анхаарал хандуулж, өрхийн орлогоо бүрдүүлдэг тэдний хувьд удахгүй өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Зураг