Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэбилэг: Уран бүтээлчдийн чадвар тоглолтоос тоглолтод ахиж байдаг

Б.Төрбат
2014 оны 11 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Улсын драмын эрдмийн театрын хамт олон маргааш “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр өвөл цагийн үзвэрээ нээнэ. Үзэгчдэд уярал, ухаарал бэлэглэх энэхүү жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглож байгаа билээ. Ингээд түүнийг энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа урьж, цөөн хором ярилцсан юм. 

-Тантай уулзаж, ярил­цах амаргүй юм. Олон удаа утсаар тань холбог­дож, ярилцлага авах санал тавьсан ч та татгалзсан. Гэтэл бид гэнэт ингээд театраас зохион байгуулсан хэв­лэлийн бага хурал дээр таар­даг байна шүү?

-Өст хүн өлийн даваан дээр гэгч л болж ээ дээ. /Инээв/

-Нэгэнт уулзсаных та­наас асууж, лавлах хэд хэдэн зүйл байна. Одоо бол татгалзахгүй юм байгаа биз дээ?

-Ингээд таарчихсан юм чинь дүү асууж, би ха­риулдаг л байх даа. Тийм ээ. /Инээв/

-Хөгжилтэй юм аа. Уг нь тантай тухтай сууж байгаад ярилцахыг хүссэн юмсан. Гэхдээ цаг давчуу байгаа бол би шууд л асуухыг хүссэн зүйлээ асууя?

-Би ха­риулахад бэлэн. 

-Маргааш УДЭТ-ынхан өвөл цагийн үзвэрээ нээнэ. Өөрөөр хэлбэл, “Гэ­гээн муза” наадмаас олон шагнал авч ирсэн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр тань нээлтээ хий­­хээр төлөвлөжээ. Мо­дун Шаньюгийн дүрээр үзэгчидтэйгээ дахин уул­захад бэлэн үү?

-Мэдээж бэлэн байлгүй яах вэ. Монголын ард түмэн бүгд л энэхүү дүрийг маань мэднэ. Эх оронч үзэл, газар шороо, нутаг усаа хэрхэн хайрлаж, хамгаалахыг ха­руулсан сайхан жүжиг. Нэг үгээр хэлбэл, Хүннү гүрэн хэрхэн байгуулагдсан, ямар замналыг туулж би­дэнд энэ газар нутгийг өв­лүүлж үлдээгээ вэ гэдгийг үзэгчдэд нэгийг бодогдуулж, нөгөөг ухааруулсан, цаг үеэ олсон жүжиг л дээ. 

-Жүжигт Модун Шанью эцгээ хөнөөдөг. Бас л харгис, хэрцгий хааны дүр шүү дээ?

-Тийм ээ, Модунь Шанью­­гийн түүхийг өнгөц­хөн харахын бол харгис, хэрцгий алуурчин мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ тэр хүн эх орон, газар шороогоо авч үлдэхийн тулд асар их зүйлийг золиосолж, бас л зовлон туулж яваа эр хүний дүр юм. Чиний хэлснээр аавыгаа хөнөөдөг. Хайртай хатнаа алдана. Бага хатнаа барьцаанд өгч явуулдаг. Өөрөө ч гэсэн барьцаанд очдог шүү дээ.

Эцсийн эцэст энэ бүхэн эх орон, газар нутгийнхаа төлөө хийж байгаа сонголт, үйлдэл юм. Дахин хэлэхэд, маш их зовлон туулж, асар их зүйлээ золиосолж байж бидэнд энэ газар, нутгийг өвлүүлж үлдээсэн байдаг. Нөгөөтэйгүүр газар, шороо үгүй бол улс байхгүй. Газар, шороо бол улсын үндэс гэдгийг хүн бүхэн ойлгож, ухаараасай. 

-Тэгэлгүй яах вэ, тантай санал нэг байна. Гэхдээ та үнэхээр азтай юм. Модун Шаньюгийн дүр хэр баргийн аавын хүүд олдохгүй ховор боломж?

-Үнэн л дээ. Энэ дүрд тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Түүхэн жүжгийн гол дүр тэр болгон уран бүтээлч хүнд олдоод байдаг аз, завшаан биш л дээ. Надад үнэхээр сайхан завшаан тохиосон.

Хүн амьдралынхаа тур­шид суралцдаг.

Энэхүү завшаанаа алдахгүйг хичээж, хамт олон болоод үзэгчдийнхээ итгэл, сэтгэлийг алдахгүйн тулд дүр дээрээ чадан ядан ажилласан.

-Өмнө нь жүжиг хэд хэдэн удаа тайзнаа тоглог­дож байсан. Нэг үгээр хэл­бэл, үзэгчдийн сэтгэлд хэ­дийнэ хүрчихсэн гэсэн үг. Танд өмнөхөөсөө муу тоглох эрх байхгүй шүү?

-Ойлголоо. /Инээв/ гэх­дээ таетрт нэг давуу тал бий.

-Ямар?

-Хүн амьдралынхаа тур­шид суралцдаг. Эрх биш ч энэ үгтэй санал нийлнэ биз дээ.

-Тийм ээ, нийлнэ?

-Амьдралын бичигдээгүй энэ хууль тайзан дээр хэрэгжиж явдаг. Ялангуяа театрт маш сайн хэрэгжих боломжтой. 

-Уучлаарай, нэг л сайн ойлгосонгүй. Янз нь та, хэлсэн үгнээс минь зугтаад байна аа даа?

-Яалаа гэж. Кино, телевизийн нэвтрүүлгээс драмын жүжиг тэс ондоо. Кино зураг авалт дуусаад нэгэнт үзэгчдийн хүртээл болчихсон бол хэчнээн чанаргүй байсан ч засч, янзлах боломжгүй. Харин тайз бол өөр. Бараг өдөр бүр тоглоно.

Жүжигчдийн уран чадвар ч тоглолтоос тоглолтод ахиж байдаг. Магадгүй зарим нэг тоглолтод алдаж болно. Үүгээрээ, дээр нь үзэгчидтэйгээ шууд амьд харьцаа үүсгэж байдгаараа давуу талтай. Одоо юу хэ­лээд байгааг минь ойлгож байгаа биз дээ. 

-Тийм ээ, “Тэнгэрийн хүү” жүжгийг өмнөхөөсөө буулгахгүй. Ингэж ойлгож болох уу?

-Яг тийм. Би “Тэнгэрийн хүү”-г унагахгүй. Урд өмнө нь тоглож байснаасаа улам сайн, сайжруулахыг хичээнэ. Бүх тайзны бүтээл ингэж л явагддаг. 

-Нэг зүйлийг хүмүүс янз бүрээр л ярих юм?

-Юуг тэр билээ.

-Шинэ түүхэн жүжиг тайзнаа тавигдахгүй бай­гаа шалтгааныг. Үүнийг батлах гэсэн шиг театр хүртэл өмнө нь тавигдаж бай­сан түүхэн жүжгүүдээ сэргээн тоглож байгаа биз дээ?

-Үнэхээр маш олон шалтгаан бий л дээ. 

-Жишээ нь?

-Үнэнийг хэлэхэд, Мон­гол Улс маань түүхээр хангалттай баян. Ямар мундаг баатар, хаан, хат­дын түүх шаштиртай би­лээ. Ямар олон шилийн сайн эрчүүдтэй билээ. Энэ мэтчилэн түүх ярих юм бол бидэн хангалттай бий. Гагцхүү үүнийг уран сайхны хэлбэрт оруулж өндөр түвшинд зохиол болгон бичнэ гэдэг өөр хэрэг.

Мэдээж мундаг сайн зохиолчид байна. Гэхдээ зохиолын чанар, даац гэж байх ёстой. Үнэндээ үзэгч­дийн шаардлагад нийцсэн сайн түүхэн жүжгийн зохиол ховор байна шүү дээ. Түүнээс хэрэгтэй, хэрэггүй олон зохиол байж л байна. 

-Ингэхэд одоогоос 10 жи­лийн өмнө Төрийн соёр­холт, найруулагч Н.Наран­баатар, жүжиг­чин С.Болд-Эрдэнэ, Г.Амгалан­баатар та дөрөв нийлж “Драмын дөрөв” хамтлаг байгуулж байсан. Ойгоо тохиолдуулан олон ажил хийхээр төлөвлөж байгаа сураг дуулдлаа?

-Тийм ээ. Ярьж, төлөв­лөсөн зүйл их бий. 

-Цаг хугацаа ч хурдан юм аа. Саяхан л “Драмын дөрөв” байгуулагдаж бай­сан санагдана?

-Бид дөрөв найзалж нөхөрлөөд, тайзан дээр хамтдаа амьдарч, жаргал зов­лонгоо хуваалцаад бага­гүй хугацааг үджээ. Үнэхээр цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Гэх­дээ хамтлаг, дуучид гэхээ­сээ илүү мэргэжлийн най­руулагч, жүжигчин гэдэг утгаараа “Драмын дөрөв” гэх нэр үзэгчдэд илүү дотно, ойр байдаг байх.

Тийм учраас ярилцаж байгаад өөрсдийнхөө 10 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж шийдсэн. Төлөвлөсөн том, том ажил бий. Одоохондоо хийж эхлээгүй байгаа болохоор тодорхой зүйл ярихад эрт байна даа.

Зураг