Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гурилын үнэ нэмэгдэхгүй

А.Гэрэлмаа
2014 оны 9 сарын 22
Монголын мэдээ

Өнгөрсөн пүрэв гарагт ҮХААЯ, Тариаланчдын холбоо болон гурил уйлдвэрлэгч нарын дунд гурван талгп хэлэлцээр хийж баасан гарагт сэтгуулчдэд мэдээлэл хийсэн юм.

Уг хэлэлцээрээр гурил болон улаанбуудайн үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцсэн аж. Энэ үеэр гурван талын байр суурийг сонслоо.

Х.Золжаргал: Гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй

/ҮХААЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга/

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчтэй хамт Сэлэнгэ аймагт ажилласан. Ерөнхийлөгчтэй хөдөө орон нутагт ажиллахад улаанбуудайн үнэ, урамшуулалтай холбоотой асуудлыг гурван талт хэлэлцээр хийж, зөвшилцлийн замаар шийдэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн. Мөн үйлдвэрлэгчид, тариаланчид маань маш шахуу ажиллаж байгаа учраас цаг хугацааг удаахгүй гэсэн үүднээс пүрэв гарагийн шөнө гурван талт уулзалт зөвлөгөөнийг хийсэн. Гурван цаг гаруй ярилцаж, өөр өөрсдийн үндэслэл хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн. Манай яамны барьж байсан бодлого 460 төгрөг. Энэ нь элеватор дээрээ 500 төгрөгөөр ирэх байсан.

Тариаланчид маань үүнийг “Арай бага байна. Бид үйлдвэрт тоног төхөөрөмжөө шинэчлэх, хуримтлал үүсгэх хэрэгтэй, ажилчдын цалин өссөн, импортоор авч байгаа ургамал, хорио цээрийн бодис бордоо, шатахууны үнэ өссөн, тодорхой үнэ нэмж өгөөч ээ” гэсэн хүсэлт тавьсан.

Гурил үйлдвэрлэгчиддээ бид нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа. 

Мөн гурил үйлдвэрлэгчид маань "Гурилын үнийг хамаагүй нэмж болохгүй, импортын гурил гэж өрсөлдөгч байгаа. Тэгэхээр Монголын дотоодод үйлдвэрлэж байгаа гурил импортынход цохигдож болохгүй. Тиймээс үнийг энэ талаас нь бодох хэрэгтэй” гэсэн үндэслэл гаргасан.

Үйлдвэрлэгч, тариаланчаас гадна хэрэглэгч гурван сая хүн байгаа. Өнөөдөр монголчуудын хэрэглэж байгаа гурилын үнийг огцом үнийн өсөлтөд оруулж болохгүй гэсэн нь манай яамны барьж байгаа бодлого. Тиймээс тал талаасаа ярилцаж дараах тохиролцоонд хүрсэн. Эльватор нөхцлөөр 550 төгрөг байхаар тогтоолоо.

Гурил үйлдвэрлэгчиддээ бид нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа. Одоогийн байдлаар “Хангайн миллс” ХХК-ийн I гурил 840, “Алтан тариа” ХХК-ийнх 810 төгрөгөөр зарагдаж байна, тэгэхээр энэ үнэ өсөхгүй гэсэн үг. Талууд гурван цаг хэлэлцсэний үр дүнд зөвпшлцөлд хүрч чадсандаа баяртай байна.

Ч.Пэрэнлэй: Техник технологио шинэчлэн сайжруулах ёстой

/Тариаланчдын холбооны тэргүүн/

-Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан ҮХААЯ-тай хамтран газар тариалангийн талбайтай танилцаж, тариаланчдын үзэл бодлыг сонссон. Бидний хувьд санал бодлоо тодорхой илэрхийлсэн. Бид техник технологио шинэчлэн өөрчлөх, үржил шимийг сайжруулах ёстой. Энэ нөхцлийг бүрдүүлэх үүднээс бид гурилын үнэд харилцан хэлэлцээр хийсэн.

Ер нь бид нэг талыг баримтлаагүй. Бид гурил үйлдвэрлэгч байгууллага аж ахуйн нэгж. Дараа нь хэрэглэгчид бидэнд хамгийн гол үнэлгээ өгдөг. Энэ бүгдийг бодолцож аль аль талдаа ойлголцон энэ үнийг тогтоосон.

Уулзалтаар ярьсан гол асуудал бол урамшуулал. Салбар яам хавар урамшуулал зарласан. Энэ урамшууллын асуудал 100 мянган төгрөгөөрөө тогтоно гэж үзэж байгаа. Энэ бүгд манай газар тариалангийн үйлдвэрт хоёр гурван зүйлийг хийх боломж олгож байгаа юм. 2012, 2013 онуудад үнэхээр тариалан дэмжих санд буудайн үнийг тогтоохоор гурилын үйлдвэрүүдийн 280, 320 төгрөгөөр будаагаа борлуулж байсан.

Энэ нь тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хүндээр туссан. Цаашдаа энэ байдлаараа явах юм бол манай газар тариалангийн үйлдвэрүүдэд ихээхэн хохиролтой байна. Тариаланчдаас буудайн үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэлийн хангамж, үнэ өртөг, импортоор орж ирэх буудайн асуудлыг гурван талт хэлэлцээрээр тохиролцож байх нь зүйтэй. Буудайн зөвлөл байгуулъя гэсэн саналыг яаманд дэвшүүлсэн. Ер нь аль аль талын эрх ашгаа бодолцсон шийдвэр гарвал амьдралд ойрхон гэж бодож байна.

З.Хүрэлбаатар: ОХУ-аас жилд 70,80 сая тонн улаанбуудай оруулж ирдэг нь үнэд нөлөөлж байна

/“Орбит комлекс” ХХК-ийн захирал/

-Монголын гурилын үйлдвэр өнөөдрийн байдлаар техник технологийн хамгийн дээд төвшинд хүрсэн байгаа. Монголд 80 гаруй гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүний тодорхой хэсэг нь дэвшилтэт технологи нэвтрүүлсэн.

Энэ хэлэлцээрээр улаан буудайн жишиг үнийг тогтоож, хоорондоо тохиролцоод хэдэн төгрөг байх талаар ойлголцсон. Тариалан эрхлэлтийн дэмжих өрөндөө улаанбуудайг 550 төгрөгөөр эльватор нөхцлөөр авья гэж ярилцсан.

Бид тээвэрлэлтийн асуудал, будааны чанарын асуудал зэргийг бодолцон зах зээлийн үнийг тогтоох талаас нь ярилцсан. Өнөөдөр бидэнд дотоодын үнийг тогтоох нэг асуудал байна.

Гэтэл гаднаас нөлөөлөх үнийн өөр нэг асуудал байдаг. Энэ нь импортоор орж ирж байгаа гурил, улаанбуудайны үнийн асуудал юм. Жишээ нь, зэргэлдээх ОХУ-аас жилд 70, 80 сая тонн улаанбуудай оруулж ирдэг. ОХУ-ын зах зээлээс манай зах зээлд орж ирээд гурилын үйлдвэр болон буудайн үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлөх зүйлүүд байгаа. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа улаанбуудайн үнэ, дотоодын буудайн үнүүдийг харж байж үнийг тогтоох нь зүйтэй гэж бодож байна.

Зураг