Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хан Хэнтийн дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоолоо

ikon.mn
2014 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Бурхан Халдун

Хан Хэнтийн дархан цаазат газар нь гурван аймгийн найман сумын нутгийн 1,748,103.89 га талбайг хамран оршдог.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар ДЦГ-ыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан үзэж онгон бүс, хамгаалалтынбүс, хязгаарлалтын бүс гэсэн үндсэн гурван бүсэд хуваадаг.

Хуулинд заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан тус дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүсүүдийг анх Байгаль орчны сайдын 1994 оны 117-р тушаалаар батлан мөрдөж байсан. 

Хэнтийн нурууны баруун хэсгээс эх аван урсах Шарлан, Хонги, Ерөө голын эх, Хэнтийн нурууны баруун хэсгийн жодоон тайга, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумдын зарим нутгийг хамруулан Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн цэсийг өртгөтгөсөн.  Ингэснээр манай оронд ховор тархалттай жодоо мод бүхий тайгыг хамгаалах, нөхөн сэргээх боломж бүрдсэн юм.

Тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсны дараа тэнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах дотоод бүсчлэлийг тогтоох шаардлагатай байдаг.  

Хан Хэнтийн ДЦГ-ын өргөтгөл нь эзлэх талбайн хувьд том учир гадаргын тогтоц, ландшафтын онцлог, экосистемийн төлөөлөл, биологийн төрөл зүйл, тэдгээрийн тархалт, байршил, малчдын нутаг эзэмшилт, бэлчээр ашиглалт, орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийн санал хүсэлт зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр өргөтгөлийн хэмжээнд дотоод бүсүүдийг тогтоосон бөгөөд тэдгээр нь нэг талаас хуучин байсан дотоод бүсүүдтэй хиллэх боломжгүй байсан. 

Хэнтийн нурууны хотгор гүдгэрийн тархалт, онцлог, ландшафт, экосистемийн хэв  шинжүүдийн төлөөлөл, хамрагдсан байдал, биологийн төрөл зүйл, шилжилт хөдөлгөөн, физик газарзүйн муж болон байгалийн бүс бүслүүрийн төлөөлөл зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан ДЦГ-ын өнөөгийн мөрдөж буй дотоод бүсчлэлийг өөрчлөн ДЦГ-ын хэмжээнд  дотоод бүсчлэлийг онгон бүс 4,  хамгаалалтын бүс 1, хязгаарлалтын 1 бүстэй байхаар шинэчлэн тогтоосон. 

  • Онгон нийт 561068.8 га талбайтай, энэ нь ДЦГ-ын нийт талбайн 32.2 %-ийг эзлэх бөгөөд
     
  • Бурхан Халдун-Хэрлэнгийн (77967.7 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 4.5%)
     
  • Онон-Сүүхлэгийн (146891.8 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 8.4 %)
     
  • Туул-Минжийн (244082.4 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 14.0%)
     
  • Хаданцаа-Шарлангийн эхийн (92126.9 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 5.3%-ийг эзэлнэ) гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. 
     
  • Онгон бүсэд ТХГН-ийн тухай хуульд заасны дагуу зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулж болно. 
     
  • Хамгаалалтын 2 бүс нь 729986.1 га талбай буюу ДЦГ-ын нийт талбайн 41.8 %, хязгаарлалтын бүс 457049.0 га талбай буюу ДЦГ-ын нийт талбайн 26.1 %-ийг тус тус эзэлнэ. 

Хамгаалалтын бүсэд ТХГН-ийн тухай хуульд заасны дагуу ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцлийг хангах, байгалийн хамшгаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой  биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  

Хязгаарлалтын бүсэд  ТХГН-ийн хуулиар зөвшөөрөгдөх бүх үйл ажиллагаа явагдаж болно. 

Бурхан Халдун уулыг алсаас харах аяллын маршрутыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-157 тоот тушаалаар баталсан.

Энэ маршрутын дагуу Төв аймгийн нутаг Хойд хориудын постноос цааш Тарвагатайн Тэгсгэр уул хүртэл зөвхөн ердийн хөсгөөр аялах юм. 

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-361 тоот тушаалаар “Бурхан Халдун хайрханд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам” батлуулан ажиллаж байна. 

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 364 тоот тогтоолоор Бурхан Халдун хайрханыг Монгол түмний сүлд хийморийн бэлэгдэл “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн. 

Бурхан Халдун уул, түүнийг тойрон хүрээлсэн түүх, соёлын дурсгалт газруудыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх судалгааны ажлыг 2011 оноос эхэлж суурь судалгааны материалыг бэлтгэж хүргүүлэн 2013 оны 8-р сард UNESCO-ийн экспертүүдэд ирж газар дээр нь танилцсан.