Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантөмөр сайд оюутан залуучуудад архинаас хол байхыг захив

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Багш нарын боловсролын чанарыг дээшлүүлэхтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс багш нарыг бэлтгэх сургуульд өндөр оноо авсан элсэгч тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон. 

Элсэлтийн ерөнхий шалгалтаар 750-иас дээш оноо авсан бол тухайн оюутны төлбөрийг 100 хувь, 650-иас дээш оноо авбал төлбөрийн 70 хувийг хариуцахаар тэтгэлэгт тусгагдсан.
 
Мөн оюутнуудын багшлах дадлагыг зөвхөн нийслэл болон тухайн сургууль байрлах газруудад хийх нь ачааллыг ихэсгэж, чанарыг бууруулдаг. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс, санхүүжилтийг төрөөс шийдвэрлэсэн билээ.

Өнөө  жил өндөр оноо авч багшийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын талаас илүү хувь нь эрэгтэйчүүд байлаа.  

Ингэснээр багшийн хүрэлцээ дутмаг байгаа орон нутгийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдсэн юм. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөр үр өгөөжөө өгсөн хэмээн Боловсролын их сургуулийн багш эрдэмтдийн сайшаалыг хүртээд байгаа юм. Одоогоор 2000 гаруй оюутанд тус тэтгэлгийг хүртээд байгаа юм. 

БШУЯ-ны сайд Л.Гантөмөр МУБИС-д шинээр элссэн оюутнуудтай Багш боловсролын шинэчлэлийн мөн чанарын талаар уулзаж, ярилцлаа. 

Энэ үеэр МУБИС-д өндөр оноотой буюу 650-иас дээш оноотой элссэн 1000 оюутны төлөөлөл болох 100 оюутанд сургалтын төлбөрийг 70-100 хувь хөнгөлөх батламж, Багшлах дадлагын тэтгэлэг олгох болон Англи хэлтэй багш бэлтгэх сургалтын тэтгэлэг олгох батламжийг тус тус оюутнуудад гардуулж өгсөн юм.  

Сайд Л.Гантөмөр  "Та бүгд ямар нэгэн арын хаалгагүйгээр их сургуулийн босгыг давж чадсан хүмүүс. Багшийн мэргэжлийг сонгосон олон залуучуудад Монгол Улсын Засгийн газар тэтгэлэг олгож байгаа. Та бүгдэд олгож байгаа тэтгэлэг бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс сайн сурах үүрэг  бүгдэд чинь  ноогдож байгаа шүү. Ирэх дөрвөн жилд илүү хичээх шаардлагатай" гэв. 

Тэрбээр мөн  "Залуучуудаа архинаас хол байгаарай" гэж багшийн мэргэжлээр тэтгэлэгт хамрагдаж байгаа эрэгтэй оюутнуудад захилаа.  

Дашрамд сонирхуулахад  өнөө  жил өндөр оноо авч багшийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын талаас илүү хувь нь эрэгтэйчүүд байлаа.