Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантөмөр сайдын шинэчлэлийн эцсийг үзчихмээр л байна шүү дээ

Н.Пунцагболд
2014 оны 9 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Зуны гурван сарыг зургаа юм шиг санаж, нозоорсон монголчуудын ухамсарын өдрүүд эхэлж байх шиг байна.

Гэнэт л ажлаа санасан юм шиг бөөнөөрөө уухай хашгираад л дайрдаг өдрүүд гэх үү дээ.  Өчигдөр есдүгээр сарын 1-ний өдөр тохиов. Хаа сайгүй л их, дээд болон дунд сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.  

Зургаан настнууд, цэцэрлэгийн багачуудын эцэг, эхээ дагаж уйлах, төрийн өндөрлөгүүдийн сургуулийн нээлтэд оролцож үг хэлэх зэрэгцэж, сүүлийн хоёр сар бужигнаагүйгээрээ л бужигналаа, манайхан.  

Жилийн жилд л тэгдэг уламжлалтай хойно яая гэх вэ. Харин сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхлэхтэй зэрэгцээд бүхий л хүн үгээ хэлж, үстэй толгойгоо зулгааж эхэлсэн.

Цэцэрлэгт хүүхдээ бүрт­гүүлж чадаагүй эцэг, эхчүүд хонон өнжин дугаарлаад хоосон хо­цорс­ноо гайхаж байна. Зарим нь сугалаа татаж, аз таарч хүүхдээ цэ­цэрлэгт өгсөнөө ярих. Дунд сур­гуулийн хүүхдүүд ч гэсэн ан­ги танхимдаа багталцахгүй, дү­рэмт хувцас нь чанаргүй гээд хэл ам их. Ерөнхийдөө Улаан­баа­тар хотод хүрэлцээтэй зүйл ал­га.

Гэтэл төр засгийнхан бо­лохоор хүн амаа өсгөх бодлого ба­римталж ажиллаж байгаа гэх. Тэр дундаа эрх баригчид “Олуу­лаа” гэсэн уриалга гар­гаж, янз бүрийн хууль гарга­хаар ажиллаж байна. Хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг өгч бай­гаа.

Цаашлаад “Олуулаа” хуу­лийн төсөл батлагдвал хүүхэд гар­гасны төлөө эхчүүдэд өгөх мөн­гө нэмэгдэх талаар ч ярьж буй. Юу юугүй л таван сая хүн­тэй болчих гээд л үзээд байна.  Бүр 10 сая болбол сайн гэх. Яах вэ, төрөлтийг дэмжиж, гэр­тээ хүүхдээ хараад сууж бай­гаа ээжүүдэд төрөөс цалин мөн­гө өгдөг болчихвол хүн амын өсөлт хурдсах нь мэдээж. 

Бага ч гэсэн шүү дээ.  Одоо ч гэсэн төрөлт нэг үеэ бодвол илт нэмэгдсэн. Харамсалтай нь шинэ төрсөн иргэд маань хаана сурч хүмүүжих  вэ гэ­дэг асуудал өөрийн эрхгүй ур­ган гарч байгаа юм. Үүнээс өм­нө жирэмсэн ээжүүд хаана аюул­гүй, сэтгэл амар, авлига хээл хахуульгүйгээр  төрөх вэ.  Сүүлийн 20 гаруй жил ма­най улс хүүхдэд зориулсан бү­тээн байгуулалт хийгээгүй. Ганц нэг сургууль, цэцэрлэг нэм­сэнийг эс тооцвол шүү дээ.

Эм­нэлгийн барилга бол түй ч байх­гүй. Харин энэ жил Ажиа гэ­гээний санаачилгаар боссон хүүх­дийн эмнэлэг ашиглалтад ор­лоо. Гэхдээ төрөх эмнэлэг бол нэмэгдээгүй.

Эхчүүд хүүхдээ хаана төрүүлэх вэ гэж өдөр нь шаналж, шөнө нь хар дарж байна гээд хэлчихвэл сүр­жигнэсэн болохгүй. Арай гэж хоёр яс салаад, бяцхан үр нь хоёр нас хүрэхэд өгөх цэ­цэрлэг алга. Бүтэн хоёр жил ажилгүй суусны эцэст арай гэж цэцэрлэгийн бараа харуулах гэхээр олдохгүй.

Азтай нэг нь сугалаанд хожиж, цэцэрлэгт хүүхдээ өгч байна. Яах вэ, хахуульд өгчих ахиу мөнгөтэй бол цэцэрлэгт хүүхдээ өгч болох байх.  Энэ мэтээр цэцэрлэгийн төлөө “дайтаж” дууссаны дараа сургуульд оруулах гэж дахиад л “байлдана” даа.  Нэг ангид 40 шахсан олон хүүхэд сууна. Ядаж байхад зургаан настай сургуульд ордог болчихсон, жинхэнэ ут­гаараа жонхуу хутгаж байна. 

Сур­гуулийн хүрэлцээ гэж байх­гүй, хэдэн хүүхдүүд маань “гөө­хий” болоод л сууна.  Ийм бай­хад юун төрөлтийг дэмжих бод­лого яриад байгаа юм, бүү мэд. Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэдэг үгийг манай төр зас­гийнхан мэддэг бололтой юм билээ. Ингээд бичихээр БШУЯ руу, салбарын сайд руу дайрч байна гэж ойлгох байх. Тийм биш, энэ асуудал өнөөдөр гэ­нэтхэн болчихсон юм биш шүү дээ. Ийм байдалтай олон жилийн нүүрийг үзэж бай­на.

Харин ч Л.Гантөмөр сайд энэ мэт асуудлуудыг засч залруулах, шинэчлэх гэж чад­­лынхаа хэрээр л ажил­лаж байна гэж ойлгоод бай­гаа.  Яг одоогоор нийгэмд өр­нөж, хамгийн их шүүмжлэл да­гуулж байгаа асуудал бол боловс­ро­лын тогтолцоо, сургууль цэ­цэр­лэгийн хүрэлцээ, их, дээд сур­гуулийн төлбөр учраас хөн­дөхгүй байхын арга алга.  

Сур­гууль, цэцэрлэгийн барилга ба­рихгүй биш барьж л байна. Да­раа жилийн намар гэхэд овоо хэдэн цэцэрлэг, сургууль бариг­дах тооцоотой байгаа юм билээ. Нийслэлээс хүртэл төлөвлөөд, тө­сөвлөөд явж байна. Салбар яам ч энэ асуудалд анхаарлаа хан­дуулж байгаа.  Л.Гантөмөр сайд энэ салбарыг хариуцаж ажил­лах хугацаандаа боловс­ро­лын салбарын хүнд суртал, га­жууд­лыг арилгахаар дөр­вөн зорилтыг дэвшүүлсэн.  

Нэг­дү­гээрт, боловсролын удирд­лага, менежмент чанарын үнэл­гээ, хяналтыг шинэчлэх, хоёр­дугаарт, багшийн хөгжлийг сайж­руулах, гуравдугаарт, хувь хүний хүсэл зорилгод тул­гуур­ласан хөгжлийн ши­нэч­лэл хийх дөрөвдүгээрт, сур­галтын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл гэсэн зо­рилтууд баг­таж байгаа юм би­лээ. Эх­нээсээ ажил хэрэг бо­­лоод явж байна.

Тууштай хэрэг­жүү­лээд, хийгээд, энэ салбарын гажууд­лыг засаад, хүрэлцээгүй байгаа сур­гууль, цэцэрлэгийг бариад яв­бал дорвитой үр дүн гарч л таар­на. Аливаа ажил ганц, хоёр жи­лийн дотор оргилдоо хүрээд, бүх зүйл сайхан болчихгүй. Тэр дундаа олон жил бо­лоод, тартагтаа тулчихсан боловс­ролын салбарыг өөрчлөх, ши­нэч­лэхэд дорвитой бодлого, ху­гацаа хэрэгтэй.  

Аль эрт л тийм байсан. Харамсалтай нь манай төрд залгамж халаа гэж байдаггүй болохоор нэгнийн­хээ хийсэн ажлыг нөгөө нь бал­луурдах маягтай явсаар он удаж байна. Түрүүчийн дөр­вөн жил УИХ-ын гишүүн Ё.От­гонбаяр боловсролын сал­барын “жолоо”-г атгасан. 

Тэр хугацаандаа янз бүрийн хө­төл­бөр хэрэгжүүлж, тур­шиж, бөөн л юм болсон. Бас л боловсролын салбарыг ши­нэч­лэх зорилготой л үзэж бай­сан байх. Гэвч дараагийн Зас­гийн газар бүрэлдэж, шинэ сайд гарч ирээд тэр бүх ажил нь зогссон гэхэд болно.

Өнөөх сүр­хий Кембрижийн хө­төл­бөр нь хэрэгжээд байгаа су­раг­тай боловч дорвитой үр дүн харагдахгүй л юм. Энэ мэ­тээр нэг хүн гарч ирээд л өөрийн­хөө хүрээнд шинэчлэл хийх гэж зүтгэдэг. Ерөөсөө л Монгол Улсын амьдрал, бү­хий л салбарууд сонгуулийн дөр­вөн жилийн хооронд л өр­нөж байна.

Одоо дараагийн сон­гуулиар Засгийн газар бас л со­лиг­дох биз. Тэр үед салбарын сай­дууд ч давхар солигдох нь дам­жиггүй. Дахиад л өөр нэг Боловсролын сайд гарч ирээд, энэ дөрвөн жилд Л.Гантөмөр сайдын хийсэн бүхий л ажлыг хаяж, өөрөө шинээр эхлүүлэх байх.  Юун түүний тавьсан дөр­вөн зорилт, ёстой долоон уулын цаана хол шидэгдэнэ биз дээ, харин ч нэг.  Түүнийхээ да­раа өөрөө нэг, хоёр, эсвэл ар­ван ч зорилт тавьж магадгүй. Ингээд л Монгол Улс дахиад боловс­ро­лын шинэчлэл, сургууль, цэцэр­лэгийн хүрэлцээгээ ярьсаар л байх болох нь. 

Ердөө л төрийн залгамж халаа алдагдсанаар энэ бүх болохгүй, бүтэхгүй зүйлүүд үргэлжилж байна. Уг нь нэг хүнээ найм, цаашлаад 12 жил хүртэлх хугацаанд салбарын сайд хийлгэх арга, чарга байдаггүй л юм байх даа. Тэгж болдоггүй юм гэхэд нэг сайдын хийж, хэрэгжүүлж байсан ажлыг дараагийнх нь үргэлжлүүлээд, илүү боловс­рон­гуй болгоод л явмаар байна шүү дээ. 

Тэгэхгүй өөрөө л ши­нэч­лэгч болох гээд, нэг их ажил хийсэн болж харагдаж, өрөө­лийг үгүйсгэх гэж зүтгэсээр шинэчилсэн ч юмгүй, хуучин нь ч хэвээрээ биш, жонхуу бо­лоод байна.  Монголын ирээ­дүй болсон мянга мянган үрс цэцэрлэггүй, сургуульдаа “гөө­хий” болж, дээрээс нь сайд бол­гоны туршилтын “туулай” бол­соор хэцүүдлээ.

Тиймээс бол­дог бол дараагийн дөрвөн жилд ч гэсэн Л.Гантөмөр сай­дыг Боловсролын сайдаар нь үлдээж, шинэчлэлийнх нь эц­сийг үзмээр л байна шүү дээ. Ойрын өдрүүдэд нийгмийн халуун сэдэв боловсролын салбар болоод бай­гаа учраас жишээ авсан гэдгээ дахиад хэлье. Түүнээс биш бүх салбарт л төрийн залгамж халаа үгүйлэгдэж байна.  Одоо хувь хүний “од” болох гэсэн өвчинөөс илүү улс орны хөгжил чухал байна шүү дээ.

Зураг