Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-29-ний өдөр болно

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2014-2015 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд энэ жил 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад орж байна

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай аж.

Энэ жил 75579 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас,

  • 79 хувь нь (59261) төрийн өмчийн
  • 21 хувь нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах аж.

 Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа юм.

Бүртгэл эхлэхээр эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож дугаарладаг. Энэ удаа ийм байдал гаргуулахгүйн тулд нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргасан гэнэ.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт  хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах  зөвлөмж:

  • Цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй.
     
  • Эцэг эх, асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх  боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах  эрхтэй.
     
  • Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох,
     
  • Төсвийн шууд захирагч бүртгэлд үндэслэн хүүхдийн тоог бодитой тооцож жилийн төсвийн төслөө үр ашигтай, өр авлага үүсгэхгүйгээр төлөвлөх.