Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хэлний тухай хуульд нухацтай хандах хэрэгтэй байна

Н.Пунцагболд
2014 оны 6 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн М.Батчимэг

-Эсрэг тэсрэг байр суурь-

М.Батчимэг: Монгол хэлний тухай хуулийг шинэчлэх цаг нь болжээ 

-Би 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх ажлын хэсэгт орж ажилласан. Үзэл баримтлалд монгол хэл, соёлын аюулгүй байдалтай холбоотой заалтуудыг тусгайлан оруулсан юм. Энэ үеэс улс үндэстэн оршин тогтнохын нэг баталгаа болсон монгол хэлний тухай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, сайжруулах цаг болжээ гэж бодох болсон.

Ингээд жилийн өмнөөс Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлж, өнөөдөр хуулийн төсөл эхний байдлаар бэлэн болоод байна. Ер нь энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг манай иргэд хамгийн сайн мэдэж, мэдэрч байгаа болов уу. Наад зах нь бичиг үсгийн дүрэмтэй холбоотой асуудал байна. Өнөөдрийг хүртэл монгол хэлний дүрмийг хэн батлах, хэрхэн мөрдөх тал дээр хуулийн ямар ч зохицуулалтгүй явж ирсэн.

Тиймээс эрдэмтэд өөр өөрсдийн судалгаан дээр үндэслэсэн дүрэм зохиодог, их, дээд сургууль болгон өөрийн гэсэн дүрэмтэй болчихсон. Ерөнхий боловсролын хичээлийн сурах бичиг зохиогчид өөр өөр дүрэм хэрэглэдгээс болоод багш нарт хичээл заахад маш түвэгтэй байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар толь бичиг гэхэд 30 гаруй янз байх жишээтэй.

 Гадаад нэр томьёог орчуулах асуудал үндсэндээ орхигдоод байгаагаас өнөөдөр бид хэл яриандаа маш олон гадаад үг хэрэглэж байна.

Төрийн хэл гэсэн нэр томьёо өөрөө оновчтой биш. Төрийн хэл гэж нэрлэх нь хэт явцуу. Үүнээс гадна, монгол хэлний сургалт, хэрэглээний цар хүрээ, монгол хэлээ хөгжүүлэх, дархлаажуулахад төрийн байгууллага, иргэд хувийн хэвшил ямар үүрэг хүлээх, хуулийн хэрэгжилтийг хэрхэн яаж хангах, хариуцлагын тогтолцоо зэрэг олон асуудлыг энэ хуулинд орхигдуулсан.

Шинэ хуулийн дагуу нэр томьёоны асуудалд мөн анхаарал хандуулсан. Гадаад нэр томьёог орчуулах асуудал үндсэндээ орхигдоод байгаагаас өнөөдөр бид хэл яриандаа маш олон гадаад үг хэрэглэж байна.  Энэ мэтчилэн шинэ хуулиар хэлийг зөвхөн төрийн хэрэглээгээр хязгаарлахгүй, нийгмийн өргөн харилцаанд зохицуулахыг нэн түрүүнд зорьсон.  Шинэ хуулийн дагуу төрийн бүх шатны байгууллага, аливаа хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагаа заавал монгол хэлээр явагдана.

Архивын баримт бичиг, хурал цуглааны тэмдэглэлийг мөн монгол хэл дээр хөтлөх юм. Мэдээж олон улсын харилцааны шаардлагаар гадаад хэл давхар хэрэглэх шаардлага гарч болно. Гол нь үүний хажуугаар монгол хэл дээр заавал давхар хөтлөх ёстой.

Мөн Монгол Улсын иргэдэд зарж борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэгчийн мэдээлэл, орц найрлагынх нь талаар бүгдийг монгол хэлээр тайлбарласан байх гэсэн шаардлага тавьж байгаа. Олон нийтийн газар байрлуулсан мэдээ мэдээлэл, аюулгүй байдлын санамж бичиг хүртэл монгол хэл дээр байх юм. Энэ мэт монгол хэлний хэрэглээг 16 зүйлээр тодорхой хуульчилж өгсөн.

Түүнчлэн хуулийн төсөлд боловсролын байгууллагууд монгол хэлийг тасралтгүй заах тухай асуудлыг тусгасан. Өнөөдөр гадаад хэл дээр боловсрол олгодог сургуулиуд монгол хүүхдүүдэд төрөлх хэлийг нь заахгүй байна. Олон улсын зарим сургууль монгол хэлийг цөөн цагаар заадаг ч үр дүн бага. Өндөр төлбөр төлж сургууль төгссөн хүүхдүүд хохироод үлдэж байна гэсэн үг. Энэ мэт монгол хүүхдийн эх хэлээ сурах эрхийг ноцтой зөрчиж, урт хугацаандаа хохироосон үйл ажиллагаа явуулж болохгүй. Зөвшөөрөл аваад гадаад хэл дээр сургалт явуулдаг хувийн сургууль байж болно.

Гэхдээ тийм сургууль монгол хүүхдүүдэд зориулж сургалт явуулж байгаа бол бага ангиас эхлээд төгсөх хүртэл нь тасралтгүй монгол хэлний боловсрол олгох ёстой. Хууль санаачлагчид, ажлын хэсгийн зүгээс анхаарч буй гол асуудал нь хэрэгжилт.

Хуулийн хэрэгжилтэд оролцох, хяналт тавих байгууллагуудын чиг үүргийг жагсаасан тусгай бүлэг хуулийн төсөлд оруулсан байгаа. Тухайлбал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу ШӨХТГ гэхэд нийтэд хүрч байгаа бараа бүтээгдэхүүн, зар сурталчилгаа монгол хэл дээр байгаа эсэхийг хянана.

Хууль зөрчиж, гадаад хэл дээр байвал торгууль ногдуулах болон бусад шаардлагатай арга хэмжээг авах юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаад хэлний сургалттай олон улсын сургуулиудад хяналт тавьж байх зэргээр заасан. 

Г.Сүлд-Эрдэнэ: Худлаа биелэшгүй заалтууд ямар олон орсон юм бэ

Энэ хууль иргэн надад хэрэг болох уу, тэр тусмаа монгол хэлний мэргэжлээр суралцсаны хувьд ч бас.

-Энэ хууль  иргэн надад хэрэг болох уу, тэр тусмаа монгол хэлний мэргэжлээр суралцсаны хувьд ч бас. Эсвэл нөгөө л тунхаг хууль гээч нь үү. Тэр тусмаа энэ хууль эх хэлний маань бөөгнөрсөн олон асуудалд шийдэл, гарц гаргаж өгөөсэй, миний мэргэжил болсон монгол хэл ажил амьдрал дээр гараад шийдвэрлэгдээгүй олон асуудал байгааг олж харах тусам тунхаг биш шийдлийн хууль байгаасайг гэж хүсэн энэ хуультай танилцах шалтгаан болсон юм.

Хэлний  асуудлыг цэгцэлье, шийдвэрлэе гэвэл, Эх хэл бол тусгаар тогтнолын үндэс, хайрлая, хамгаалъя, дархлаажуулъя, чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл мину зэ гэж хий хоосон тунхаглах бус монгол хэл, бичиг, соёл бол монголчуудын бахархал төдийгөөр үл хязгаарлагдах, зүрх сэтгэлээрээ ухамсарлаж, бүтээлчээр хандах зүйл шүү гэдгийг ойлгож байж бид эх хэлээ жинхэнээр нь хөгжүүлэх учиртай юм билээ.

Сургууль төгсөгчдийн ихэнх нь эх хэлний ач холбогдол чухам юу болохыг мэдэлгүй эх хэлнээсээ залхаж, хэрэглээ нь уншиж бичихийн төдийгөөр хязгаарлагдан, сэтгэлзүй нь гадаад хэлэнд зориулагдсанаар монгол хэлний амьд оршихуй нь хоосон хөндий болж  хоцорсныг бид бүгдээр мэдэрч харж байгаа ба энэ байдал ч энэ хууль санаачлагдах үндэслэл болсон хэмээн төсөөлж байна.

Хуульд зааснаараа монгол хэлний шалгалтыг зориудаар авч, төгссөний дараах дипломыг нь монгол бичгээр бичиж, гудамжинд гадаадаар бичсэн хаягийг нь хуулж, торгохоосоо  наана монгол хэлний сургалтыг эрс өөрчилж, монгол хүмүүн бээрийг монгол хэлэнд нь дур сонирхолтой “нийгэм ахуйн янз бүрийн орчинд аман ба бичгийн соёлтой, ухаалаг харилцах мэдлэг чадвартай, эх хэлнийхээ баялаг сайхныг үнэн голоосоо амтлан бахархах төдийгүй түүнийг хөгжүүлэх идэвхи санаачлагатай, цогц чадамж бүхий монгол хүн” болгон төлөвшүүлэх монгол даяар эх хэлний үнэ цэнэ сэргэх арга замыг нээх учиг  нь сургалтын тогтолцоо гэдгийг сайтар ойлгоцгооход оршиж байна.

Жишээ нь энэ хуулийн төсөлд бүх шатны боловсролын байгууллага эрх  бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах гэж оруулснаас бус эх хэлний боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлт, хөгжүүлэх  асуудал байхгүй байгаад гайхаж байна. Түүнчлэн, тодорхойгүй, ойлгомжгүй, худлаа, биелэшгүй заалтууд яасан олон орсон юм бэ.

Үүнд, Манай улс төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэд, түүний дотор төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын эх хэлний мэдлэг ихэд доройтсон.  Уг хуульд зааснаар энэ бүгдийг цэгцлэх /5.2 монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн /5.5 Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх нь иргэн бүрийн үүрэг мөн/ гэж заагласан нь учир дутагдалтай байна. Иргэн бол дагаж мөрдөх л үүрэгтэй гэж заасан нь хэл судлаач, орчуулагч, толь бичиг зохиогч иргэн миний хийх ажлыг шууд хорьж байгаатай агаар нэг байна.

Залуу эрдэмтэн судлаачидтайгаа хамтран төрийн бус байгууллага байгуулан “хэл шинжлэлийн цуврал толь бичиг” зохиож, судалгаа хийж, эх хэл сэтгүүл эрхлэн гаргаж байгаа бидний эх хэлний боловсролын төлөөх ажлууд яах болж байна. Учир нь энэ хуульд мэргэжлийн байгууллага, монгол хэлний мэргэжлийн хүмүүс судлаачдын үүрэг гэсэн заалт огтоос алга байна.

/4.1.1“Төрийн албан ёсны тухай хэл”-гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэлийг хэлнэ/ Энэхүү заалт их ерөнхий, үг хэллэгийг оновчтой сонгоогүй, ойлголтыг хольж хутгасан байна. Энэ мэтээр маш олон заалтууд учир дутагдалтай тооцоо судалгаагүй байна. Хууль гарвал сайн сайхан биш харин хүртээмжтэй хууль байгаасай, тэр нь хэлний хэдэн эрдэмдтийн ажлыг өргөх биш, нийгэмд л тустай байвал болох нь тэр.
 



СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

Эх хэлээрээ оролдвол...

Эдээрээ оролдвол эвдэхийн цондон, эхнэрээрээ оролдвол салахын цондон гэж нэг мундаг зүйр цэцэн үг байдаг даа. Тэгвэл эх хэлээрээ оролдвол юуны цондон байх вэ.  Яав ч сайны цондон лав биш. Сүүлийн үед эх хэрээлээ оролдож, өөр өөрсдийнхөөрөө зүтгэх эрдэмтэд ч их болж.

Эх хэлний хууль гаргана, дүрэм журмыг нь өөрчилнө гэж ярих ч гишүүд ихэслээ.  Хамгийн сүүлд М.Батчимэг тэргүүтэй дөрвөн гишүүн  Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлэг ч эхэлчихсэн байгаа. Гэхдээ энэ удаад монгол хэлний эгшигүүдийг алга болгоно, латин үсгээр бичдэг болно гэсэн завхарсан заалтууд байхгүй байгаад нь баярлаад байна.

Гэхдээ нэг хэсэг дөрвөн үсэг хасна энэ тэр гэж дөвчигнөсөн.  М.Батчимэг гишүүний ярьсанаар хэн дуртай нь үсэг хасч, нэмэхийг хазаарлахын төлөө энэ хуулийг гаргаж байгаа гэх. Гэхдээ хасдаг дээрээ тулбал эрдэмтдээр хэлэлцүүлнэ гэсэн байна билээ.  Бас л бүрхэг асуудал. Ер нь энэ хууль гараад манайд юу өөрчлөгдөх вэ. Хууль санаачлагчдын зүгээс бол монгол хэл, бичгийн нэгдмэл байдлыг хангана гэсэн ерөнхий юм яриад байгаа. Яах вэ, сайхан сайхан заалтууд, зорилт байна.

Тухайлбал, зарим сургуулиуд гадаад хэл дээр сургалтаа явуулаад, монгол хэл заахгүй байгаа. Үүнийг хуулиар зохицуулах юм гэсэн. Мөн архивын тэмдэглэлийн заавал монгол хэлээр хөтлөх, зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүний шошгийг монгол дээр бичиж, явуулах энэ тэр гээд тоочоод байвал шийдэхээр тусгасан асуудал олон байгаа юм билээ.  

Тэр болгоныг дурьдаад байвал бүтэхгүй.  Дээрээс нь олон санаатай, бие биенээсээ зөрсөн, зүтгэсэн, эх хэлээр бизнес хийж байгаа эрдэмтдээр хэлэлцүүлвэл бүр ч бүтэхгүй.  Угтаа эх хэлний хамгийн нэн түрүүнд засах, нэг мөр болгох шаардлагатай ажил бол элдэв янзын хэрэгтэй, хэрэггүй дүрмээ цэгцлэх шаардлагатай.

 Цэгцлэх гэж дээ, уг нь дүрэм өөрчлөгдөөгүй. Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон дүрмээр, түүний толь бичгийн дагуу л явж байгаа. Өөр дүрэм гаргаад, хуулиар батлаад, албан ёсны болгосон юм байхгүй. “Хэлний” гэж өөрсдийгөө өндөрт өргөөд, бие биетэйгээ уралцаж, хоорондоо уралдаж янз бүрийн толь гаргаж байгаа эрдэмтэд л эх хэлээ алж байна.

Өнөөдөр хэдэн зуун толь гарсан байлаа ч нэгийг нь ч албан ёсных гэж үзээгүй шүү дээ.  Тиймээс төр засаг хуулиа гаргахдаа нэн түрүүнд энэ асуудлыг яаралтай зохицуулах шаардлагатай байгаа юм. Мэдээж шинэ гарах хуулинд энэ мэтийг зааж өгсөн. Түүнийг зохицуулна л гэж ярьж байна лээ.  Үс үсгийн дүрмийг хэн өөрчлөх эрхтэй вэ гэдгийг ч хуульчлах юм байх.  

Чухам яаж хуульчлах, хэнд эрх өгөх вэ гэдэг дээр асуудал гарч ирнэ. Тэртээ тэргүй эрдэмтэд 2-3 хуваагдчихсан. Түүний хажуугаар хэвлэлийн компаниудын нөхдүүд ч гэсэн лобби хийж, оролцож байгаа.  Тэгэхээр 2-3 хуваагдчихаад байгаа нөхдүүдийн хэнд нь эрх олгох вэ. Нэг хэсэгт нь дүрэм өөрчлөх эрх олголоо гэж бодоход тэд дураараа дургина.

Өнөөх Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг нулимаад, үсэг хасна, нэмнэ гээд ханцуй шамлаад дайрвал яах вэ.  Үлдсэн хэсэг нь боож үхэх дээрээ тулна, элдэв янзын юм ярина, ард түмний тархийг угаана.  Бүгдэд нь зэрэг эрх олгоод, асуудлыг шийдвэрлэхийг нь харна гэвэл одоогийн завхарсан байдал дахиад хэчнээн ч жил үргэлжилж магадгүй.  

Ийм л эгзэгтэй цаг үед тулчихаад байна. Хэлний асуудлыг хуульчилж, яаралтай шийдэх хэрэгтэй юу гэвэл тийм. Бүр зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ эх хэлээрээ аятайхан оролдох шаардлагатай гэдгийг хаана хаанаа санаж, сануулах нь зүйн хэрэг.  Монгол хэлний соёлын хүрээлэнгийн захирал Г.Сүлд-Эрдэнэ энэ хуулийн төсөлтэй холбоотой шүүмж бичсэн. Тэнд зөв зүйтэй санаа зөндөө тусгасан байна билээ.

Хуулийн төслөө сайжруулах хэрэгтэй гэвэл М.Батчимэг тэргүүтэй гишүүд тэр шүүмжийг нэг харчихад болохгүй юм байхгүй байх. Авах зүйлээ авахын тулд шүү дээ.  Ер нь бол элдэв янзын холион бантан болсон дүрмээ л цэгцлээд, талцаад байгаа эрдэмтдээ нийлүүлчихвэл бусад зүйл аяндаа болно, юу ч гэж тусгаж өгсөн болох байх гэж мунхаглаад байна.  

Зураг