Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхтулга: Амьдралд хэзээ ч битгий бууж өг

Зууны мэдээ
2014 оны 6 сарын 24
Зууны мэдээ

/Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ц.Мөнхтулга/

Хүн бүхэн төгс биш. Гэхдээ хэн ч гологдол бус. Чиний чадахгүйг би чадна, миний дийлэхгүйг чи дөнгөнө. Ер нь бүхнийг чадах албагүй.

Гэхдээ юу ч хийхгүй зүгээр суух нь байж боломгүй зүйл. Жишээ болгож өөрт тохиолдсон явдлаас дурдъя. Би 15 настай гуравдугаар ангид орсон.

Ангидаа хамгийн хөгшин нь байлаа. Бараг бүх хичээлдээ зургадугаар анги хүртлээ 100 хувь дүнтэй сурсан ч ганцхан хичээл дээр л 60 хувийн дүнтэй гарсан.

Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй гэсэн эмчийн тодорхойлолт маань биеийн тамирын багшид хүрээгүй байж билээ. Дунд сургуульд ороод байгалийн ухааны хичээлүүдийг орхиод элсэлтийн ерөнхий шалгалтад нийгмийн ухаан, Монгол Улсын түүх, монгол хэл, бичиг гэсэн хичээлээр бэлдэж эхэлсэн. Алгебрын цаг дээр шүлэг бичнэ, химийн цагт нийгмийн тест бөглөнө.

Физик орж байхад би монголчууд XVIII зуунд Манжийн эрхшээлд дарлагдсан түүхийг уншиж суудагсан. Тэгээд нийгмийн ухааны гүнзгий, монгол хэл, бичгийн сонгон, яруу найргийн дугуйланд явж өөрийгөө боловсруулсан. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд би шударгаар их сургуульд тэр дундаа улсын сургуулийн хуваарь авч дөнгөсөн.

Бизнес эхлүүлэх боломж байсан ч би их сургуулийг сонгосон. Одоо ч надад зорилго бий. Хэзээ ч битгий шантар. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн хүмүүс нь идэвхтэй амьдрах хэрэгтэй.

Би энэ бүх эрх чөлөөг надад итгэж өгсөн аав, ээждээ баярлаад ханахгүй байна. Одоо манай гэр бүлийнхэн надаас бэр нэхэж байна. Энэ бол миний амьдрал. Би хэзээ ч шантрахгүй.

Зураг