Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүний тухай боловсрол

Зууны мэдээ
2014 оны 6 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ. Өдгөө боловсролтой хүн гэдэг ойлголт өмнөхөөсөө арай өөрөөр хэрэглэгдэх болжээ.

Хоёроос гурван дээд сургууль төгссөн хүнээс илүү, энгийн бөгөөд ерөнхий мэдлэгийг амьдралынхаа зөв хэвшил, дадал зуршил болгоход хэрэглэж чаддаг нэгнийг боловсролтой гэж хэлэх болсон байна. Өөрөөр хэлбэл мэдлэгээ үр дүн болгож чаддаггүй боловсролтонгоос, өчүүхэн мэдлэгийг ч өөрт хэрэгтэй болгон хувиргадаг сүйхээтэн нь дээр гэсэн үг.

Бид “Хэрэглээ, арилжаа” булангийнхаа энэ удаагийн сэдвээр сүүний тухай боловсролтон гэж хэнийг хэлэх тухай хөндөж байна. Хүнсний бүтээгдэхүүн гэдэг онцгой сэдэв.

Тэр дундаа сүү бол стратегийн чухал хүнс. Монгол хүний хүнсний хэрэгцээнд гуравт эрэмбэлэгддэг нь сүү болоод түүгээр хийсэн бүтээгдэхүүн байдаг юм. Сүүний тухай боловсролтой хүний талаар дурдахаасаа өмнө бидний хамгийн өргөн хэрэглэдэг үнээний сүү ямар найрлагатай тухай товч өгүүлье.

Сүүнд кали, фосфор, кальци, натри, магни, цайр, зэс, төмөр зэрэг элемент бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд хүний биед хэрэгцээт амин дэм, амин хүчил, хялбар шингэх тос, нүүрс ус, эрдэс бодисоор хангаж, гэдэсний ашигтай бичил биетийг үүсгэдэг аж. Энэ мэтээр сүүний ашиг тусыг мэдэхгүй хүн ховор байх.

Хэдийгээр сүүний ач тус ийм боловч сүүний тухай боловсрол муутайгаас болж эрүүл мэнд, эдийн засгаараа хохирох явдал байна. Өдгөө урин дулааны улиралд манай хүн амын хэрэглэж буй нийт сүүний 85,6 хувийг үнээний зэлэн дээрээс хэрэглэгчдэд хүрдэг түүхий сүү эзэлж байна.

Үйлдвэрлэлийн процесс дамжихгүй шууд хэрэглэгчдэд очдог сүү экологийн цэвэр бүтээгдэхүүн, үнэ хямд гэсэн давуу талтай боловч эргээд эрүүл мэндээрээ хохирох маш том эрсдэл дагуулж байдгийг хэрэглэгчид анхаарч, үүний тухай боловсролыг үр хүүхдүүддээ сургах нь чухал юм.

Манай Хөдөө аж ахуйн үндэсний их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар түүхий сүүнд бруцеллёз, өвчлүүлэх магадлал бүхий бичил биетний нян элбэг байдаг гэжээ. Мөн саалийн үнээний элдэв эмгэгийг эмчлэхээр хэрэглэсэн эм, тарианы үлдэгдэл түүхий сүүнд хадгалагддагаас үүсэх нян, зориулалтын бус хуванцар болон бусад саванд хадгалах зэрэг нь удаан хугацааны туршид хорт хавдар үүсгэх үүдэл болдгийг анхаарах хэрэгтэй тухай анагаахын шинжлэх ухааны салбарынхан хангалттай ярьж, бичдэг юм байна.

Энд нэг зүйл байна. Малчны хотоос шууд хэрэглэгчдэд хүрдэг задгай сүүг буцалгаж хэрэглэвэл дээрх бүх сөрөг үр дагаварууд алга болно гэж нийт хэрэглэгчид ойлгодог. Гэтэл цельсийн нэмэх 100 градуст сүүг буцалгаж хэрэглэхэд дээрх бүх нян, бактериуд устдаггүй. Харин үйлдвэрийн аргаар нэмэх 1000 хэм хүртэл халуунаар сүүг шимт элементүүдийг нь алдагдуулахгүйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын саванд савлан хэрэглэгчдэд хүргэдгээрээ өнөөх дэлгүүрт зардаг хайрцагтай сүүнүүд давуу талтай байдаг аж.

Тэр ч утгаараа Европын холбоо, АНУ, Шинэ Зеландад үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү хэрэглэх хэрэглээ жил бүр өсч 2011 онд гэхэд үйлдвэрт хүлээн авч боловсруулсан сүүний хэмжээ 396 сая тоннд хүрчээ. Энэ нь нийт хэрэглэгчдийн 64 хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү хэрэглэдэг гэсэн үг юм.

Гэтэл манайд энэ тоон үзүүлэлт эсрэгээрээ буюу нийт хэрэглэгчдийн ердөө 20 хүрэхгүй хувь нь боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж бусад нь малчны хотноос эрүүл ахуйн ямар нэгэн шинжилгээ, ариутгал хийгдээгүй, эрсдэл өндөртэй сүү хэрэглэдэг гэсэн үг.

Ердийн нэг зүйрлэлтэй жишвэл, манай нийт хэрэглэгчдийн 80 орчим хувь нь хоол хүнсэндээ махыг болгож биш түүхийгээр нь хэрэглэж байна гэсэн үг. Гэтэл хүн төрөлхтний дундаж наслалт 60 ба түүнээс дээш болж урт удаан, эрүүл энх амьдарч байгаагийн нууц нь хүнсээ түүхийгээр нь бус болгож хэрэглэдэгтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарладаг билээ.

Эцэст нь бичиглэхэд хэрэглэгчид бид идэж, ууж байгаа зүйлийнхээ чанар, аюулгүй байдалд байнгын өндөр хяналт тавьдаг байх ёстой. Өмсөж, зүүхдээ анхаарахаас илүүхүнсний хэрэглээгээ хянаж байж, эрүүл урт удаан амьдрана шүү дээ.

Зураг